Ийм хямралыг “халаас ухаж” биш, хамаагүй цацаж байж л давдаг
2016/09/02
Хямрал гэдэг үг биднээс огт салахааргүй наалдан пад болсон байна. Өглөө сэрээд л энэ үгийг сонсоно. Үдэш орондоо ортол номын уншлага шиг чихэнд хадна.Монголчууд бид угаасаа л хямралтай байсан юм шиг, бүр байх ёстой ч юм шиг...
Учир нь сүүлийн хэдэн жилд эрх барьж ирсэн намынхан дэлхий дахин дахь эдийн засгийн янз бүрийн хөдөлгөөний сургаар “...Хямрал” хэмээн орилсоор бидэнд дасал болгочихож. Монголчууд цээрлэдэг, муу юмыг битгий дурс гэдэг. Гэвч тэрхүү хямрал гээч нь хэдийнэ нүүрлээд өдгөө бидний халаас, хэтэвчийг ухаад эхэллээ. Учир нь хоёрхон сарын өмнө төрд эзэн суусан МАН-ын Засгийн газар энэ оны төсвийн тодотгол, ирэх жилүүдийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа найман төрлийн татварыг нэмнэ гэжээ.
Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож, оюутны 70200 төгрөгийн тэтгэмжийг бүрмөсөн зогсоохоор шийдсэн байна. Бас цалин хасах тухай, төрийн албаны зарим бүтцийг өөрчлөх тухай шийдвэр, төслүүдийг эсэргүүцэгчид Монголоор дүүрэн боллоо. Шууд утгаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар халаасанд маань гараа дүрчихэв. Уг нь МАН олон сайхан юм амласан даа. Одоо хийж буй бүх үйлдлийнхээ эсрэг лоозон барьж сууж байгаад л олонхийн саналыг авсан.
Татвар нэмэхгүй гэж час улаанаар бичсэн байсныг санаж байна. Тэгвэл өнөөдөр найман төрлийн татвар нэмж хямралаас улсыг гаргах мэргэн бодлого олоодохжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар ярихдаа ХХОАТ, Онцгой албан татвар, Автомашинд ногдуулах татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нэмж, Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь эдийн засагт онцгой нөлөө байхгүй. Хямралаас гарахад чухал үүрэгтэй гэж үзэж байгаагаа сайтар сурталчилж байна.
Ингэснээр жил бүр 200 тэрбум төгрөгийг улсын төсөвт нэмж төвлөрүүлэх боломжтой гэцгээв.
Харин үүнтэй намынх нь харьяалал бүхий эдийн засагчид ч эвлэрэхгүй байгаагаа илэрхийлж байгаа юм. Эдийн засагч, “Хас”-ын Ч.Ганхуяг “...Татвар нэмэх нь өдөрт тал талх иддэг хүний талхнаас дахин хасахаар дайрч байгаатай адил сонсогдож байна. Өнөөдрийн 4 их наядын алдагдлын дэргэд татвар нэмж олох орлого өчүүхэн хувийг эзэлнэ. Нийгмээ цочроож, хөрөнгө оруулагчдаа үргээхгүйгээр эдийн засгийн реформ хийх хэрэгтэй” гэсэн бол МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “...Татвар нэмээд эдийн засгийн хямралаас гарахгүй. Татварын хувийг нэмэхийг санаачилсан нөхөд ямар ч онолгүйгээр ярьж байна” гэв.
Тэднээс өөр эдийн засагчид ч улс төр эдийн засгийн туршлагатай хүмүүс ч бас ингэж хэлээд байгаа юм. Гэвч МАН-ынхан сонсдоггүй. Аягүйдвэл УИХ-д сонгогдсон хэдээсээ ялгарч, олон нийттэй ижил юм яриад байгаа эдийн засаг ойлгодог цөөхөн хэд нь дийлэхгүй ч байж мэдэхээр байна. Гэвч бодит байдал, олон улсын туршлага “...Ингэж болохгүй” гэдгийг нь баргийн тэнэг ойлгохоор харуулаад байгаа юм.
Ерөөс ийм хямралын үед энэ бодлогынхоо эсрэг арга хэмжээ авах ёстой ажээ. Юун татвар нэмэх... Харин ч татварыг багасгаж, заримыг тэглэх хэрэгтэй. Бас өдийг хүртэл хэр чадлаараа татвараа төлж, өдгөө хэдэн жил дамнасан үнэн худал хямралд өвдөг сөхрөөд байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ татварын бүх өрийг тэглээд өршөөчих хэрэгтэй.
Жилийн өмнө Эдийн засгийн өршөөлийн хууль гэж хэрэгжүүлсэн дээ. Татвараа нуусан хэдэн хүн бүтэн нойртой хонодог болоод л өнгөрсөн. Харин үнэнчээр татвараа төлсөн том, жижиг аж ахуйн нэгжүүд нь дараалан дампуурсаар байна. Тэд өнөө маргаашийг өнгөрөөж басхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хөдөлгөөнийг ажиглаж сууна. Энэ хямралд том, жижиггүй нэрвэгдээд байгааг ганц хоёр жишээнээс харж болно.
Нэгэн цагт Монголын эдийн засгийг тэр чигт нь барихаа дөхөж байсан “Эрэл” компани нэгэн банктай өр зээлийн асуудлаар заргалджээ. Ингэхдээ тэмдэгтийн хураамжаа төлж чадахгүйд хүрснийгээ шүүхийн захирамж гарган баталгаажуулсан байх юм. Бас эмийн бизнесийн томоохон компани болох “Монос” гаднын банкинд ихээхэн хэмжээний өртэй болж, түүнийгээ дийлэхээ больсон. Өрнөөс гарахын тулд компаниа хувьцаат компани болгон зарлаж, мөнгө босгохоор шийдсэн тухай яригдаад удлаа.
Зөвхөн татвар ч бус нийгмийн даатгалын өр гэж аж ахуйн нэгжүүдийг нуман тулгуурт хийчихээд байгаа өр байна. Бас л юмаа нуудаггүй, хэдэн ажилтнаа бодож, татвар шимтгэлийг нь төлж явсаар, сүүлдээ хуримтлуулсаар өр үүсгэчихсэн. Ийм аж ахуйн нэгжүүдийг бас л ганцхан удаа өршөөчих хэрэгтэй байгаа юм. Тэртэй тэргүй тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг тэрбум тэрбумаар нь цусалчихсан хэргийг шалгаж байна гэж ярьж, бичээд байгаа шүү дээ.
Дээрээс нь Монголбанкны дэргэдэх Захирлуудын зөвлөл хуралдаад бодлогын хүүг 4.5-аар нэмэгдүүлж 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Зүүний үзэл баримтлалтай, халамжийг зорилгоо болгодог МАН-ын хувьд хэтэрхий харгис шийдвэр болж байгаа юм. Ингэснээр арилжааны банкуудын гадагшаа зээл гаргах сонирхол буурч, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэх нь тодорхой. Шуудхан хэлэхэд, үүнээс болж олон мянган аж ахуйн нэгж зах зээлээс арчигдана гэсэн үг.
Энэ мэтээр эдийн засгийн хямралыг бодлогын хямрал улам бүр гүнгийрүүлж, бүр хямралын хямрал болгох дээрээ тулаад байна. Одоо яах вэ? Эдийн засагчид томоохон төслүүдээ хөдөлгөх, за тэгээд STAND BY хөтөлбөр гээд л олон “гарц” ярьж байна.
Гэхдээ эдний аль нь ч энэ гүн хямралаас өндийлгөхгүй гэж байна. Тэр бол дээр дурдаад өнгөрсөн халаас ухаж биш, хамаагүй цацаж байж хямралыг гэтлэх бодлого. Нэг жишээ хэлье л дээ. Турж эцээд арайхийн босч байгаа малын тэжээл, өвсийг өмнө өгч байснаасаа багасгаад хаячихвал яах вэ. Тэгээд л үхнэ шүү дээ. Бас нэг марзан жишээ. Гудамжинд тасраад унтсан согтуу толгой нэгдүгээрт Улаанбаатарын үзэмж, амгалан тайван байдалд сүрхий нөлөөлнө.
Хоёрдугаарт согтуугийн ар гэрийнхэн санаа сэтгэл нь зовж шөнөжин хүлээнэ. Гуравдугаарт, хамгийн гол нь тэр согтуугийн амь нас эрсдэлтэй. Ингээд хэвтэж байгаа амьтны халаасан дахь хэдийг нь аваад явчихаж байгаатай өнөөдрийн Засгийн газрын боловсруулсан төсөл яг адилхан байгаа юм. Хэрэв халаасан дахийг нь авчихаагүй бол согтуу эр ямар нэг унаагаар гэртээ харьж, Улаанбаатар өнгөтэй үзэмжтэй, нэг гэр бүл бүрэн бүтэн, нэг иргэн амьд мэнд үлдэж таарна.
Тиймээс энэ засгийн бодлого тэртэй тэргүй элгээрээ хэвтсэн эдийн засгийг амаар нь шороо үмхүүлэх аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Иймд дахин хэлье. Өнөөдөр хүүхдийн мөнгийг ялгаж биш бүгдэд нь өгөх хэрэгтэй. УИХ-д орж суусан хийгээд төрийн өндөр албан тушаалтай нийт хүн амын нэг хувьд хүрэхгүй хүмүүст хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг хэрэггүй байж болно. Харин хүн амын 99 хувьд нь хүртээмжтэй, төрийн аятайхан шийдвэр болж хэрэгжээд явж байсан юм. Бас оюутны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох ёстой.
Тэр 70200 төгрөг хэдэн айлын ачааг хөнгөрүүлж, хэчнээн оюутны сурах эрмэлзлийг бадраадаг байсныг судлаад үзэхэд овоо тоо гарна даа. Ингээд хэлэхээр “...Мөнгө байхгүй, ирэх он гэхэд төр цалингаа ч тавьж чадахгүй болох гээд байна” гэсэн улигт тайлбараа хэлнэ, мэдээж.
Хариулт хэлье. Толгойгоо ажиллуул, том төслүүдээ хөдөлгө, эсвэл эдийн засгаа эргэлдүүлж чадахуйц томоохон зээл ав. Юутай ч хүүхдийн мөнгө, оюутны тэтгэмжийг хасч, найман төрлийн татвар нэмээд хямралаас гарахгүй. Учир нь төрийн албан хаагчдынхаа цалинг хэвийн олгохын тулд татвар нэмж, халамжийн бодлогуудаа зогсоох гэдэг улс орон хийгээд Засгийн газар өнөөдрийнхөөс өөр байхгүй биз ээ. Харин ч өгч байсан халамжийн мөнгөнүүдээ 1-2 дахин нэмж, “усалгаа” хийснээр нийтээрээ тордлого авч хямралыг гэтэлдэг хуультай юм гэнэ шүү.
Б.Баяр
Зочин · 2016/09/02
nice
saraa · 2016/09/02
Орлогоо нэмэгдүүлэх биш, зардлаа хасах шийдвэр гаргаач ээ. ЭЗ-ийн байнгын хорооноос өгсөн мэдээллээр бол зогсоох боломжтой хөрөнгө оруулалт байна гэсэн биз дээ. Хөрөнгө орлуулалтын зардлаа л хаагаач.