Оюутолгойн эздийн хэлхээ холбоо Ази, Америкийг хэржээ
2013/10/11
УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оюутолгой бол зөвхөн Монгол Улс, “Рио Тинто” хоёрынх биш юм байна билээ” хэмээн ярьсан юм. Оюутолгой төслийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Харин хуучнаар “Айвенхоу Майнз” буюу “Turquoise Hill Resources” 66 хувийг нь мэдэлдээ авсан. “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 50.8 хувь нь “Рио Тинто” компанийн мэдлийнх. Үлдсэн 49.2 хувь нь аль газрын хэний ямар компанийн мэдэлд байдаг юм бол.
“Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 10.1 хувь нь Роберт Фрийдландынх. Тэрбээр нэгэн цагт энэ компанийг тэргүүлж явсан ч хувьцааныхаа дийлэнх хувийг “Рио Тинто”-д худалдсаныхаа дараа ажлаа хүлээлгэн өгсөн юм.
Оюутолгойтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хожим нь “Рио Тинто”-д хувьцаагаа худалдсанаас нь түүнийг гигант компани болон монголчуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйтгэсэн гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, бид шууд “Рио Тинто”-той харьцахын оронд Р.Фрийдландаар зуучлуулсан түүхтэй. “Turquoise Hill Resources”-ийн өөр нэг хувьцаа эзэмшигч нь “Fidelity Investments”. Нийт хувьцааны 4.6 хувийг эзэмшдэг тус газар нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг үндэстэн дамнасан корпораци юм. Брокерын үйлчилгээ, тэтгэврийн сан болон баялгийн менежмент, хувьцааны арилжаа, амь даатгал зэрэг салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байна. “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэг болох “Caisse de Depot” нь 4.1 хувийг эзэмшдэг.
Сингапурын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Temasek Holdings” корпораци “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 3.6 хувийг мэдэлдээ авсан. Тус компанийн хувьд санхүү, харилцаа холбоо, хэвлэл мэдээлллийн хэрэгсэл, технологи, үйлдвэрлэл, эрчим хүч гэх мэт бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийдэг байна. Зээлжилтийн зэрэг тогтоодог “Standart & Poor’s” агентлагаас “AAA” зэрэг авсан цөөхөн компанийн нэг нь. Америкийн Колорадо мужийн Денверт байрлах “Janus Capital” хэмээх хөрөнгө оруулалтын пүүс “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 3.6 хувийг эзэмшдэг. Лондон, Милан, Токио, Хонконг, Мелбурн, Сингапурт салбараа байгуулсан энэхүү компанийн хувьд голдуу хөрөнгө оруулалт хийдэг аж.
Америкийн хөрөнгө оруулалтын компани болох “Legg Mason”-ы салбар “Mason Capital” “Turquoise Hill Resources”-ийн 1.6 хувийг мэдэлдээ байлгадаг. Дотоодын болон олон улсын эрсдэлийн менежмент чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг. Мэрлиндэд 1899 онд анх байгуулагдсан бөгөөд дэлхийн хэмжээнд хөрөнгийн менежмент хийдэг 18 дахь том компани нь болжээ. Харин Манхеттэнд төвтэй, санхүүгийн үйл-чилгээ үзүүлдэг үндэстэн дамнасан корпораци “Citigroup”-ийн салбар “Citi Corporate & Investment Ban-king” нийт хувьцааны 1.5 хувийг эзэмшдэг байна. Америкт төвтэй “RS Investment” компани “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 1.1 хувийг эзэмшдэг. Хөрөнгө оруулалтын менежмент хийдэг тус компани нь олон улсын үнэт цаасны зах зээлийн томоохон тоглогчдын нэг аж.
“Голдман Сакс” хөрөнгө оруулалтын банк “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 1.5 хувийг эзэмшдэг. “Голдман Сакс”-ын хувьд Монгол Улстай олон талаараа холбогдсон газар. Нэлээд хэдэн жилийн өмнө “Монголд казино байгуулбал хөрөнгө оруулалт хийхэд бэлэн” хэмээн тус банкны нэгэн банк, санхүү хариуцсан ажилтан нь хүртэл мэдэгдэж байсан юм. “Монгол газар” компани Овооттолгойг барьцаалж “Голдман Сакс”-аас зээл авч байлаа. Мөн “Голдман Сакс”-аас санхүүгийн зөвлөгөө өгөх, аудит хийх нэрээр манай олон компани 100 мянгаас нэг сая ам.долларын хөлс төлдөг гэх албан бус мэдээлэл байдаг. Харин санхүүгийн хямралын жилүүдэд чанаргүй моргейжийн зээлүүдэд баталгаа гаргаж, эдийн засгийг хямраасан гэх үндэслэлээр АНУ-ын хууль сахиулагчид “Голдман Сакс”-т торгууль ногдуулж байсан юм.
Дээрх компаниудаас гадна томоохон сангууд “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг. Тэдний дунд Канадын тэтгэврийн сан тэргүүтэй олон байгууллага багтжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлж байсанчлан Английн тэтгэврийн сан ч байдаг бололтой. Харин манай тал энэ мэтчилэнгийн жижиг хөрөнгө оруулагчдын хувьцааг худалдаж авах замаар эзэмшлийн хувиа 51 хувьд хүргэх боломжтой хэмээн ярьсан нь тийм ч хялбар зүйл биш гэдэг нь ойлгомжтой байна.
Өмнө нь “Рио Тинто” болон тухайн үед “Айвенхоу Майнз” хэмээн нэрлэгдэж байсан “Turquoise Hill Resources”-ийн хооронд маргаантай асуудал олон гарч байв. Тухайн үеийн “Айвенхоу Майнз” дахь эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх хүсэлтэй байсан “Рио Тинто”-д Р.Фрийдланд саад болж байлаа. Тэрбээр жижиг хувцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэх ёстой гэх шаардлага тавьж, үүгээрээ шалтаглан “Рио Тинто”-д нэмж хувьцаа худалдахгүйг хичээж байлаа. Тэр үед дурьдагдаж байсан мөнөөх жижиг хувьцаа эзэмшигчид гэгч нь дээр дурьдсан компаниуд юм. Үүнтэй холбоотой маргаан даамжирсаар сүүлдээ талууд олон улсын арбитрын шүүхэд хандсан. Гэвч шүүхийн шийдвэр “Рио Тинто”-гийн талд гарснаар маргаан шийдвэрлэгдсэн билээ. Тэр ч байтугай энэ хэрэг явдлын дараа Роберт Фрийдланд “Рио Тинто”-гийн зөвшөөрөлгүйгээр “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцааг худалдах эрхгүй болж байв.
Эндээс харахад Оюутолгойн эздийн хэлхээ холбоо Ази, Америкийг хэржээ. Үүнийг Ерөнхий сайд өөрийн мэдээллээр нотолсон билээ.
Т.Элиса
Зочин · 2013/10/18
hooe naadah chini alsuuraa mongol orniig ungaah gesen hyataduudiin bodlogo yum bish yy huuli daa nemelt hiil dee mongol ornoos hamaarahgyi hudaldaag bugdiig tsuts**** ychir ni ene bidnii nutag deer baigaa uchiraas
Bidkino · 2013/10/12
Сүүлийн үеийн кинонуудыг монгол орчуулгатай үзмээр байвал Бидкино.ком ороорой