Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.

-Хөрөнгө орлогоо мэдүүлдэг хүмүүс оффшор данстай байхыг хориглож байгаа талаар мэдээлэл гарах боллоо. Засгийн газраас Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хүрээнд оффшор дансыг цэгцлэх асуудал явж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Оффшор гэдэг бол хилийн гадна гэсэн утгатай үг. Энэ хүрээнд татварын болон нууцлалын таатай дэглэм бүхий улс болон бүс нутгийг хэлж байгаа юм. Татварын орчин нь таатай дэглэм бүхий улс хийгээд бүс нутгууд олон байдаг. Бизнес эрхлэгчид аль болох өөрсдөдөө таатай, ажил үйлчилгээ явуулахад бэрхшээлгүй, мэдээллийн нууцлал өндөр орчныг хүсдэг. Үүнд нийцүүлсэн зүйлс дэлхий нийтийн жишиг болон хөгжсөн байна. Дэлхийн улс орнуудыг харж байхад энэ нь эргээд авлига болон бохир мөнгөө нуудаг, мөнгө угаадаг гэсэн ойлголт оффшорыг дагаад явдаг юм билээ. Тэр утгаараа төрийн албан хаагчид, улстөрчдөө оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох гэх мэтчилэн зохицуулалтыг хийж ирсэн.

-Харин манай орны хувьд ямархуу байдлаар явж ирсэн юм бол?

-Манай улсын хувьд төрийн албан хаагчид, улстөрчдөдөө дээр ярьсан хязгаарлалтуудыг хийлгүй явсан. Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа болон хөрөнгөө байршуулсан бол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичиж байх ёстой. Хэрэв бичээгүй тохиолдолд төрийн албан хаагчдын хувьд ажлаас халагдах үндэслэл болдог ийм л эрх зүйн зохицуулалттай явж ирсэн.

Харин сонгогддог улс төрийн албан тушаалтнуудын хувьд ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй явж ирсэн, манай улсад. Тухайлбал, С.Баярцогт сайд хамгийн анх оффшор бүсэд данстай гээд яригдаж эхлэхэд хуулийн хариуцлага яригдаагүй. Ёс зүйн асуудал яригдсан юм. Өөрөө алдаа гаргаснаа ухамсарлаад УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа сайн дураараа огцорч байлаа. Энэ нь улс төрийн, ёс зүйн хариуцлага болж байгаа юм. Хууль зүйн хариуцлага гэдэг нь тухайн байрлуулсан мөнгө нь бохир, авлига авах, мөнгө угаах, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эсвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгээсээ хамаараад одоогийн Эрүүгийн хуульд заасны дагуу тухайн гэм буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээдэг, ийм зохицуулалттай. Тусгайлан хориглосон заалт байгаагүйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн чиглэлийн дагуу ийм зохицуулалттай болгохоор ажиллаж байна. Маргаашийн (өнөөдөр) Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцэгдээд УИХ-ын намрын чуулганд оруулна.

-Өмнө нь сонгогддог төрийн албан тушаалтнуудын хувьд хориглосон зүйлгүй байсан болохоор оффшор дансны асуудал хүчтэй боссон. Цаашид энэ хүмүүс ямар хариуцлага хүлээдэг болж байгаа вэ?

-Оффшортой холбоотойгоор хоёр асуудлыг иргэд ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ хуулийн зорилго нь ч бас тийм. Оффшор бүст данс нээх гэсэн ойлголт байдаг. Өөрийн нэр дээрээ данс нээж, мөнгөн хөрөнгө байршуулж, компани байгуулах нэг ойлголт бий. Хоёр дахь зарчмын ойлголт нь оффшор бүст компани байгуулсан хуулийн этгээд болон тухайн компанийн хувьцаа эзэмших нэг асуудал байгаа. Энэ хоёр хоорондоо ялгаатай. Үүнийг ялгаж, салгаагүйн улмаас оффшор гэдгийг бүхэлд нь авлига ч юм шиг, болж бүтэхгүй зүйлс, авлигачдын үүр уурхай гэж хэтийдүүлэх нь алдаатай ойлголт юм. Ингэж ойлгуулснаас болоод иргэд буруу мэдээлэлтэй болж байгаа.

1990-2015 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 14.5 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний 10 орчим тэрбум ам.доллар нь оффшор бүст бүртгэлтэй компаниудаас хөрөнгө оруулалт болон орж ирсэн байдаг юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бүхэлд нь аваад үзэхээр оффшор бүсээс орж ирсэн мөнгө Монгол Улсын эдийн засгийн өсөлтөнд үлэмж нөлөө үзүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл явж ирсэн эдийн засгийн өсөлтөд голлох байр суурийг оффшор бүсээс орж ирсэн гадны хөрөнгө оруулалт эзэлж байгаа л даа.

-Манайд бол оффшор л бол буруу гэдэг ойлголт байдаг...

-Бид нийтэд нь хавтгайруулаад оффшор бүст бүртгэлтэй компани буруу, хувьцаа эзэмших нь хууль бус гээд явчихвал гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээсэн, тэдэнд буруу мессэж түгээсэн буруу бодлого болж хувирна. Тиймээс Засгийн газрын зүгээс үүнийгээ ялгаж зохицуулж байна гэсэн үг. Хязгаарлалтаа хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39460 албан хаагчийн хүрээнд тавьж байгаа. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил, жирийн иргэдэд энэ хязгаарлалт хамаарахгүй. Нөгөө талдаа оффшор бүст бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмших, Монгол Улсад оффшор бүст хувьцаа эзэмшдэг компаниудын охин компани үйл ажиллагаа явуулах, тэдгээрийн хувьцааг Монголын иргэд авах эдийн засгийн чөлөөт харилцаанд дээрх хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг ойлгомжтой болгон хэлж өгч байгаа юм. Манай оронд толгой компани нь оффшор бүст бүртгэлтэй олон компани үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, ММС, Хүннү коал, Оюу толгой гэх мэтчилэн уул уурхай чиглэлийн манай орны эдийн засагт тодорхой дэм болж байгаа энэ компаниудын толгой компани нь оффшор бүст бүртгэлтэй. Тиймээс бид бүхэлд нь буруу гээд яриад байх юм бол гурван сая монгол хүн бүхэлдээ оффшорчин болж хувирна. Жишээлбэл, Эрдэнэс Таван толгой компанийг олон улсад гаргах ёстой, IPO хийх ёстой гэдэг зүйлийг ярьдаг байсан. Магадгүй Эрдэнэс Таван толгой компани IPO хийгээд хөрөнгийн зах зээлд гарвал гурван сая монгол чинь Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа бүгдээрээ оффшорчин гэж хэлэгдэх боломжтой. Юу нь буруу, юу нь зөв юм. Аль нь хууль бус, аль нь хуулийн хүрээнд вэ гэдгээ хууль эрх зүйн орчиндоо ойлгомжтой болгоё л гэж байгаа юм. Тэгээд хуулиа хатуу мөрдөж явах нь зөв.

-Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ оффшор бүст данс эзэмшдэг гэдгээ биччихээд яваад байж болох уу. Эсвэл бүр оффшор бүсээс гарах ёстой юу. С.Баярцогт сайд өмнө нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичихээ мартсан гэдэг асуудал босч байсан даа?

-Энэ хууль батлагдчихвал гурван сарын дотор оффшор бүст данстай, мөнгө байршуулсан эсвэл хуулийн этгээд байгуулсан өндөр албан тушаалтан болон төрийн албан хаагч байх юм бол түүнийгээ мэдэгдэж татгалзах ёстой. Цаашид ийм үүрэг хүлээх юм. Харин хаасан мөнгөө Монгол Улсдаа оруулж ирэх шаардлагатай. Ингэлээ гээд түүнд нь ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй. С.Баярцогт сайдын жишээн дээр их ярьж байна. Мөн “Panama papers”-тай холбоотойгоор Монголын 46 иргэний асуудал хөндөгдсөн. Эдгээр хүний дотор төрийн алба хашиж байгаа хүн бий. Гэхдээ дийлэнх нь бизнес эрхэлж байгаа хүмүүс багтсан. Манайхан энэ хүмүүс бүгд болж бүтэхгүй шүү гэдэг ойлголтыг өгчихөж байгаа. Энэ хууль батлагдсаны дараагаас бизнес эрхэлж байгаа хүмүүс оффшор мөнгө байршуулах нь хууль ёсны дагуу болж хувирна. Тиймээс ямар нэгэн хуулийн хариуцлага ярихгүй. Харин улстөрчид, төрийн албан хаагчид хууль бус болж хувирна гэдгийг нэг мөр ялгаж хэлж өгч байгаа хэрэг.

-Тэгвэл хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ бичих үгүй нь огт хамаагүй болж байгаа юм байна, тийм үү?

-Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичих үүрэг нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд бий. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ биччихсэн байхад чи оффшор компанийн хувьцаа эзэмшиж байна гээд буруутгадаг, харлуулсан гүжир гүтгэлгийн шинжтэй ажлуудыг хийдэг байсан. Бид нэг зүйлтэй тэмцэх гээд нөгөө гараараа эдийн засгаа боомилсон, чөлөөт зах зээл, баялаг бүтээгчид рүүгээ халдсан, тэднийг бизнес эрхлэхэд нь чөдөр тушаа болсон эрх зүйн үйлчлэлийг тогтоож болохгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр сая батлагдсан. Засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлд ямар зарчмыг суулгасан гэхээр эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Бизнес эрхлэгчдэдээ халтай бодлогыг баримтлахгүй гэж тусгасан. Тэр хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ахлаад гадаадын хөрөнгө оруулагчдад хуулийн байгууллагын зүгээс ямар нэгэн дарамт болсон байна уу, бизнес эрхлэхэд нь тушаа болсон уу, хуулиас гадуур хязгаарлалт тавьсан уу гэдгийг судлах ажлын хэсэг гарсан. Шинэ Засгийн газрын нэн тэргүүний бодлого бизнест ээлтэй байх юм. Нэрмээс болох бодлого явуулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.

Э.ЭНХБОЛД