“Алим модноосоо хол унадаггүй”
2016/09/23
Төрийн эрх авсан улс төрийн хүчин ялалтын баярынхаа ширээнд төрийн алба гэсэн том “бялуу”-тай сууж, зад найрлан хувааж авдаг нь заншил болжээ.
Тэгвэл одоогийн МАН-ын дарга нарын томилгоо хамаатан садан, худ ураг, хүү, хүүхнүүдээ хайр найргүй, ичгүүр сонжуургүй томилсоор байгаа нь манай нийгмийн эмгэнэл. Хэвлэлүүд уртын урт жагсаалт гарган бичсээр, нэрлэсээр байгаа боловч ард түмний саналыг авсан нам маань тэдний өөдөөс даажинтай инээмсэглэн харсаар байх мэт.
Оросын “Алим модноосоо хол унадаггүй” гэх зүйр үгийг санагдуулам, МАН-ын нэр алдартай улстөрчдийн ойр тойрныхны төрийн албанд дарга даамал болсон томилгоо цааш хальж төрөл садан, үр хүүхдийн хүрээлэлд шилжжээ. Тухайлбал, М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны газрын захирал, сонгуулийн өмнө Панама паперсын дуулианд хамгийн түрүүнд эмзэглэн гарч ирж оффшор дансгүй гэдгээ зарлаж байсан, харин өчигдөр өнөөдрөөс дахиад л тэрхүү дуулиан нь босч ирсэн, чухамдаа энэ асуудлаас нялзаж гарах гарцгүй болсон Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Мөн УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болсон. Энэ мэтчилэн МАН-ын том дарга нарын хүүхдүүд Монгол Улсын мөнгөнийн авдар дээр зайдаллаа гэхэд хэн ч гайхахгүй нь бололтой.
Саяхан Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны захирлаар томилогдов. Уурхайн ашиглалтын инженер, эрхзүйч мэргэжилтэй хүн Төрийн банкны ерөнхий захирлаар очих нь энэ. МАН-д олон жил парламентын суудал авчирсан Д.Лүндээжанцан гуай дүүдээ ийм том бялуу барих нь зүй ёсны гэж үзэх бололтой дог. Ер нь өмнөхийг сөхвөл МАН ялж, эрх барих барих бүрийд Д.Лүндээжанцангийн дүүд томоохон “бялуу” хүртээж ирсэн байх юм. 2008-2012 оны парламентаас Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон бол одоо бүр ч том албан тушаал дээр очих нь тэр.
Д.Лүндээжанцангийн нэгэн адил сонгууль болгоноор шахуу намдаа суудал зулгааж ирсэн бас нэгэн гишүүн бол Н.Энхболд. Яаж зүгээр суух вэ, гүйцэтгэх засаглалаас нэг суудал нь түүнийх. Тодруулбал, Нямаагийн Энхболдын худ Эрүүл мэндийн сайд болсныг МАН-ынхан мэргэжлийн Засгийн газрын нэг жишээ гэж тайлбарлах байх л даа. За тэгээд араас нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Чингис хаан нисэх буудлын дарга боллоо л гэсэн, УИХ-ын гишүүн Ч.Гарамжавын хүргэн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн гээд л энэ жагсаалт уртаас урт хөвөрнө. Мөн Оюутолгойн ТУЗ-ийг энд онцлон дурдаж болох. ҮХЦ-ийг тэтгэвэртээ гарсан улстөрчдийн буудал гэдэг шиг Оюутолгойн ТУЗ ч мөн адил тэнд өмнө нь хэн хэн байсан, одоо хэн, хэн очиж байгаагаас харахад андашгүй.
Хэвлэлийнхний дэлгээд байгаа энэ жагсаалтыг Төрийн албаны зөвлөл гэх мэт холбогдох байгууллагууд нь нүдээ аньж, чихээ бөглөн өнгөрөх нь ээ. Хууль зөрчиж хамаатан садан, танил талаа төрийн албанд томилдог, тухайн ажлыг хийж гүйцэтгэх мэдлэг чадвар хангалтгүй хэчнээн хүнийг төрийн албаны ширээнд нааж, иргэдийг хохироож, төрийн ажлыг цалгардуулж байгааг хэн зогсоох вэ. Уг нь иймэрхүү томилгоо, хууль бус байдалтай холбогдох Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг бусад 70 орчим хуульд энэ тухай тодорхой зааж өгсөн байдаг аж. Тухайлбал хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж өгөх албан тушалатны жагсаалт байх. Энд Монгол Улсаас бусад улстай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, (Оюутолгой, Эрдэнэт г.м) Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банк, санхүүгийн байгууллага, биржийн үйлчилгээний албан хаагчдаас бусад албан тушаалтнаас (Төрийн банк, СЗХ г.м) өгсүүлээд байгууллагын соёл, урлаг хариуцсан албан хаагч, механик, слесарь, нохой хөтлөгч, мэргэн буудагч, өрлөгчин гээд байгууллага, байгууллага, агентлаг, агентлагаар нь нарийн зааж өгсөн байдаг аж. Гэтэл дээрх нөхөд ашиг сонирхлын мэдүүлгээ яаж гаргаад, түүнийг нь хүлээж авч, хянаж шалгадаг байгууллагууд хэрхэн ажиллаад байгаад үнэхээр гайхал төрмөөр.
Ийм ашиг сонирхлын зөрчилтай албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийг ч хуульд нэгд нэгэнгүй заасан байдаг. Гэсэн ч хуульд заасан хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй явдал байсаар байгаагийн жишээ их ээ.
Ураг төрлийнхөө хүнийг дээд албан тушаалд томилох, энд тэндэхийн газар хэлтсийн дарга болгох явдал газар авч эхэллээ. Ашиг сонирхлын зөрчил үүсгэж болохуйц нөхөд төрийн албанд шургалж байхад хэн ч хяналт тавьж чадахгүй байна. Ил тодоор нэрлэчих сөрөг хүчин ч алга.
Зочин · 2016/09/23
nice