Грек улсын эдийн засаг тоогоор:

- Хүн ам: 11,305,118
- ДНБ-ий өсөлт: +0.2% /2016 оны эхний хагас/
- Инфляци: -0.9% /2016 оны эхний хагас /
- Ажилгүйдэл: 23.4%
- ЗГ-ын өрийн хэмжээ: ДНБ-ий 177% /2015 он/

 

Грек улс 2008 онд өрийн гүн хямралд орсноо зарласнаас хойш өдгөө найман жил өнгөрөхөд эдийн засаг нь 25 хувиар агшиж, өндийх боломж огт гарсангүй. Грекийн хямралын шалтгаан ердөө өрийг өрөөр санхүүжүүлж, орлогоо гарын салаагаараа урсгаснаас болсон дэлхийн хамгийн муу үлгэр жишээнүүдийн нэг юм.

 

 

 

Монгол Улс 2012 онд Чингис бонд гаргах үед дотооддоо шүүмжлэл дагуулсан нь Засгийн газарт Грекийн араас жолоогүй орох эрсдлээс болгоомжлуулж байсан хэрэг. Тэгвэл өнөөдөр бидэнд тулгараад байгаа хүндрэлийн дохио энэ байсан уу?

 

Хямрал хаанаас эхлэв?

 

Грекийн Засгийн газар 1980-аад оны үед төсвийн зардлыг их хэмжээгээр тэлсэн, хэрэглээг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Хамгийн эрсдэлтэй алхам нь хувийн хэвшлээ дэндүү тойглосноос болж, татварын өсөлтөнд нь өөрчлөлт оролгүй байсаар төсвийн орлого бүрдүүлэлтээ нэмэгдүүлэх аргагүй болгосон юм. Иргэдийн хэрэглээг дэмжих хөтөлбөр хэдийгээр худалдан авах чадварыг дэмжсэн ч аажимдаа инфляцийг хөөрөгдөж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлжээ.

 

 

 

Нэгэнт алдагдал нэмэгдсэн учраас зээл авах замаар алдагдлаа санхүүжүүлж, халамжийн бодлогоо үргэлжлүүлсэн юм. 1990-ээд оны эхээр байгуулагдсан Засгийн газар нь өр зээл авч, алдагдлаа санхүүжүүлсээр байсан бол 1996 оны Засгийн газар онгоцны буудал, гүүр, метро зэрэг дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг хийжээ. Энэ нь тухайн үедээ төсвийн алдагдал, өрийн дарамтыг эрс нэмэгдүүлсэн байна.

 

Улмаар 2001 онд Европын холбоонд нэгдэн орсноор олон улсын зах зээл дээрээс хямд өртгөөр эх үүсвэр татах боломж нь бүрджээ. Гэвч хямд өртөгтэй их хэмжээний эх үүсвэрээр төсвийн зардлаа дахиад л хэт тэлж, халамжийг тэтгэснээр төсвийн хүндрэлд орсон байна. 2004 оны Афины Олимп ч том дарамт учруулсан гэдэг. 2009 оны байдлаар Грекийн Засгийн газрын зардлын ДНБ-д эзлэх хувь 50 хувьд хүрч, үүний 75 хувь нь төрийн албан хаагчдын цалин болон халамжид зарцуулагдаж байв. Өөрөөр хэлбэл, Грек бүр 1980-аад оноос эхлэн төсөв, мөнгөний замбараагүй бодлого хэрэгжүүлж, халамжийг хавтгайруулснаар эдийн засгийн гүн хямралд өртөж элгээрээ хэвтсэн юм.

 

Өрийн хямрал ба “хар тамхи”

 

Грекийн ард түмэн хэт үрэлгэн төсөв, халамжийн бодлогод ийнхүү 20 гаруй жилийн турш автжээ. Хэт удаан угширсан хүндрэлийг гэнэт “мэс засал”-аар аврах боломж огт байгаагүй юм. Учир нь дэндүү дасал болсон халамжийг огцом танана гэдэг бараг л боломжгүй зүйл. Ингээд 2009 онд байгуулагдсан Засгийн газар төсвийн алдагдлыг ДНБ-ий 3 хувьд хүргэх зорилт тавих, төсвийн зарцуулалтыг танаж, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, татвараас зугтаахтэй тэмцэх, төрийн албанд ажиллагсдын тоог цөөлөх зэрэг олон арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн юм.

 

 

 

Мөн 2010 онд Европын зөвлөл, Европын төв банк, ОУВС-тай хамтран 3 жилийн хугацаатай 110 тэрбум еврогийн анхдагч багц зээлийг авав. Их хэмжээний өрийн дефолт үүсгэхгүйн тулд Засгийн газар нь татварын хувь хэмжээг дахин нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалинг улам их хэмжээгээр бууруулах зэрэг бодлого баримталсан ч мөн л үр дүнд хүрсэнгүй. Ингээд 2012 оны гуравдугаар сард гадны зээлдэгчдээс дахин 130 тэрбум еврогийн зээл авч, төсвийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхийг зорьсон ч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

 

 

 

 

2008 оноос хойш хэрэгжүүлсэн хатуу бодлогууд үр дүнд хүрээгүй бөгөөд ажилгүйдэл нэмэгдэж, хямрал улам газар авсны дараа Грекийн ард түмэн дахин “бүсээ чангалахыг” хүлээн зөвшөөрөөгүй юм. Гаднаас авсан зээл тусламжууд нь өмнө авсан өрийг хаахад зарцуулагдаж, харин эдийн засгийг дэмжих нөлөө бага байв. Ингээд 2015 оны дундуур ОУВС-аас авсан 1.6 тэрбум еврогийн өр дээр төлбөрийн чадваргүй болжээ. Грек ОУВС-ийн зээлд дефолт хийсэн анхны хөгжсөн орон болов.

 

Өнөөгийн нөхцөлд Грекийн олон улсад зээлжих зэрэглэл муу хэвээр, хөрөнгө оруулагчид Грекээс айсан хэвээр байна. Засгийн газар нь өндөр хүүтэй бонд гаргаж байгаа ч хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал байгаа юм.

 

Грекийн хямралын шалтгааныг эргэн дурсахад товчхондоо ийм юм. Тэгвэл одоо эхэнд дэвшүүлсэн асуудал руугаа эргэн ороё. Монгол Грекийн араас дагах дараагийн орон мөн үү?

 

Хэрэв Монголын үе үеийн Засгийн газраас барьж хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийг харвал Гректэй тун төстэй байна. Монголын эдийн засгийн өсөлт сэргэхгүй байгаа ч өнөөдрийн байдлаар ч хасах руу ороогүй. 2016 оны хагас жилээр Монголын эдийн засгийн өсөлт 1.4% байгаа учраас хямрал хараахан нүүрлээгүй байна.

 

Гэхдээ мэдээж хэрэг “аюулын” дохио аль хэдий нь дуугаа хадаан сэрэмжлүүлээд эхэлчихсэн. Хөгжих байна гэж хэдэн төгрөгөө баруун солгойгүй цацаж, улс төрийн суудлаа ганхуулахгүй гэж халамжаар угжсан үр дүнд эдийн засагт “ишеми“ эмгэг илрээд байна гэдгийг хэн ч мэдэрч байна.

 

Муу ёр юм шиг санаж тухайн үед цээрлээд халгаахгүй байсан Грекийн сануулгыг эргэн ухаарцгаая! Төсвийн сахилга бат сахиж, бүсээ чангалсан шиг чангалах шаардлага уг нь байсан ч харамсалтай нь Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцаж 4.4 их наядын алдагдалтай төсвийн тодотгол батлууллаа.

 

Ийм нөхцөлд төрөөс хэрэгжүүлэх томоохон санхүүжилттэй орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх нь хүнд дарамт болж ирэх ч, үргэлжлүүлнэ гэсэн байр суурин дээрээ хэвээр байна.

 

Нийт эдийн засагт эргэлдэх мөнгөний урсгалын зохицуулалт, улсын төсвийн зарцуулалт нэг завин дээр нэг чигт залуураа хөтлөхгүй юм бол Монгол Улс хөрөнгө оруулагчдад Грек шиг харагдаад эхэлсэн байгаа. Даруйхан алдаагаа засахад хөрөнгө оруулалтыг дэмжиж мега төслүүдээ хөдөлгөх, гадны зээлдэгчдээс дэмжлэг авах, макро эдийн засгийн орчноо бодлогоор зөв залуурдах гэсэн гурвын зэрэг амь тариа л хэрэгтэй байна.

 

Д. Ариунаа