Ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны төс­вийн танилцуулгыг УИХ-д танил­цуулахдаа “Уучлаарай найзууд аа” гэсэн өмнөтгөлтэйгөөр зүтгүүлж харагдсан.

Сөрөг хүчнийхэн хэтэрхий үрэлгэн төсөв, байна хэмээн зөрүүдэлж, хажуугаар нь УИХ-ын гишүүд тойрогтоо хуваарилдаг тэрбум төгрөгөө төсөвт суулгуулах гэж чардайсаар.  Ерөн­хий сайд Н.Алтанхуяг төсвөө танилцуулахдаа, төрийн албан хаагч­дын зарим нэг үр ашиггүй зардлуудыг хасаж танаснаа дуулгаж, хажуугаар нь “Хэвлэлийн төлөөлөгчийнхөө унаа машиныг засаж сэлбэх эрх надад байж болох уу” хэмээн ам асууж байв. Тэгвэл ирэх оны төсөвт  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төр засгийн үйлчилгээ, аж ахуйн хэлтсийнхэн захиран зарцуулах эрх бүхий багагүй мөнгийг суулгасан байна. Тухайлбал, Төрийн ордны ажлын өрөөнүүд болон хонгилын хивс дрожийг солиход зориулан 60 сая төгрөг, ордны хонгил дахь хоргодох байрны засварт 45 сая төгрөг зар­цуулахаар төсөвт тусгажээ. Төрийн ордон нийтдээ 35804 метр квадрат талбайтай бөгөөд 491 ажлын өрөө тасалгаатай. Тэгвэл энэ бүх өрөө тасалгааны дэвсгэр, коридор болон чуулганы танхим, их бага хурлын танхимуудын хивс дрожийг ирэх онд сольж шинэчлэх нь. Төрийн ордон доторхи хивс дрожийг хам­гийн сүүлд хэзээ шинэчилсэн нь тодорхой бус. “Бараг 20-иод жил болж байгаа байх” гэхээс өөр зүйлийг хэлэх хүн олдохгүй байна. 

Шинэ парламентын ордон барих ажлыг яаравчлах чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хамгийн сүүлчийн хурлаас өгсөн. Хэзээ мөдгүй нурж унах дөхөөд байгаа Төрийн ордонд шинэ хивс, хивсэнцэр, дрож дэвсэхийг яа­равчлах нь чухал биш шинэ пар­ламентын ордноо хурдан барих нь зөв гэх гишүүд цөөнгүй байгаа ажээ.  “Энэ барилгыг хэчнээн тордоод сунахгүй, тэлэхгүй, сайжрахгүй учраас ирэх хавар гэхэд шинэ барилгын ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна” гэдэг саналыг УИХ-ын Тамгын газраас гаргаад буй энэ үед Төрийн ордны өрөө, тасалгааг шинэ дэвсгэртэй болгохоор мөнгө төсөвлөх нь арай эртэдсэн юм биш байгаа.

Б.ОЮУНГЭРЭЛ