Эдийн засгийн хөгжлийн яаман дахь сэтгэлзүйн “дайн”
2013/10/18
Эдийн засгийн хөгжлийн яамны уур амьсгалд асуудал үүсээд байгаа бололтой. Ажил үүргийн хуваарь нь ч тодорхой бус болж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр төсвийг хэлэлцэхэд “Сангийн сайд эзгүй тул” гэсэн шалтгаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд, дэд сайд нар “асуугдах” жишээтэй.
Яаман дотроо бол сайдын болон дэд сайдын эв түнжингийн асуудал амгалан тайван ажиллахад нь саад тотгор учруулж “дажин” үүсгээд байна.
Юуны өмнө тус яамны дэд сайд О.Чулуунбат салбарын сайд Н.Батбаяр нар санал зөрөлдсөн хэвээр байгаа аж. Ажил хийж байгаа хүмүүсийн хувьд энэ нь хэвийн үзэгдэл мэт боловч өмнөх дөрвөн жилд АН, МАН гэсэн “гал, ус” мэт хоёр хүчин хэрхэн “эвийн цавуугаар наасан мэт” албан тушаалдаа тогтоод байсантай харьцуулбал сонирхолтой л юм.
Эх сурвалжийн мэдээлснээр дэд сайд О.Чулуунбат өөрийн үзэл бодол дээр хатуу зогсож “Ажлаа өгсөн ч бэлэн” гэдгээ мэдэгдээд байгаа гэдэг нь анхаарал татаж байна.
“Чингис бонд”-оос болж “чихээ халууцуулах”-аа мэдсээр байж нэг завинд хамт суусан хоёр намын сайд дээр, дороо орохоос шалтгаалж тус яаманд ажиллаж буй хамт олон нь түгшүүр зарлаж эхэлжээ. Төсөв яаж батлагдах бол, энэ нь мөрөөдөж буй төслөөс хэрхэн танагдах, “Чингис бонд”-ын зарцуулалтын талаарх “танин мэдэхүйн” чанартай асуултад хэн хариулахаас эхлээд энэ яамныхны ажил үүргийн хуваарь тун сонирхолтой.
Уг нь гоё нэртэй энэ яамыг анхнаасаа “зохиохдоо” л сайн бодоогүй нь анзаарагддаг. Тэр тусмаа Засгийн газрын бүтцийг чадварлаг, цомхон болгоно хэмээн уриалж байснаасаа ухарч олон шинэ яам, агентлаг “зохиосон” нь ч мөн л өөр намынхантай “бялуу” хуваасантай холбоотой. Харин “бялуун дээрх лаа” унтарч амжаагүй байхад шахам хоорондоо толхилцоод эхэллээ. Энэ тохиолдолд Ерөнхий сайд ямар нэг тохироо хийх хэрэгтэй. Хэнтэй, хаана, хэзээ вэ гэдэг нь түүний асуудал. Ямар ч байсан Засгийн газраа, барьсан “өндөг”-өө базуулчихалгүй аврах үүрэг түүнд буй. Эдийн засгийн нөхцөл байдал тэртэй тэргүй сөрөг хүчнийхний “зууш” болчихоод байна. Гэтэл Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог яам болгож өөрчлөөд хоёр сайд “зүүчихээр” эдийн засаг сайжирчихгүй шүү дээ.
Нөгөөтэйгүүр Эдийн засгийн хөгжлийн яамныхан Монголбанк хөгжлийг онилсон мөнгөний бодлого оруулж ирж байгаад сэтгэл дундуур байгаа нь бүр ч сонирхолтой байгаа биз. Энэ юу зөгнөөд байна вэ. АН-ынхныг “Шударга ёс” эвслийнхэнтэй холиод яам руу чихчихээр ийм нөхцөл байдал үүсэв үү. Эсвэл үнэнээсээ нөхцөл байдалд ийм дүгнэлт өгөөд байна уу гэдэг сонин. Түүнчлэн дэд сайд “Монголбанк алт цуглуулах үүрэгтэй” гэдгийг хэвлэл бүрт шахам ярих болов. Мартаагүй бол тэрбээр өөрөө Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж үзсэн. Алт цуглуулах амаргүй гэдгийг ч мэддэг баймаар. Хэрэв эдүгээгийн сайд “Фортуна” Батбаяр түүнд саад болоогүй бол 25 тонн байтугай алт цуглуулах байсан. Гэтэл жаргал, зовлонг мэдэх хүний хувиар биш, хөндлөнгөөс шүүмжлэх хандлагатай болсон нь “Хэрэв би Эдийн засгийн хөгжлийн яамнаас хөөгдвөл...” гэх үүднээс байсан юм биш биз гэх хардлагыг ч төрүүлсэн юм.
Хамгийн сонирхолтой нь Эдийн засгийн хөгжлийн яаман дахь эв найрамдалд “цөв” суучихаад байгааг Ерөнхий сайд эртнээс анзаараагүй гэж үү. Ядаж туршлагатай улстөрчийн хувиар мэдэрсэн л баймаар юм. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр бүх зүйл “зуун задгай” байгаа нь анзаарагдаж эрхэм гишүүдийг төдийгүй иргэдийг бухимдууллаа. Ямартай ч ийм “эмоци”-оор олон удаа хуралдваас энэ яамаа эхэлж цэгцлэх хэрэгтэй болох нь. Эсвээс Ерөнхий сайд Н.Батбаяр, О.Чулуунбат нарын “хар, хайр”-ын асуудалтай “биечлэн” танилцах хэрэгтэй бололтой. Тус яаманд хоёрхон хүн ажилладаггүй учраас хамт олон нь “маргаашийн тухай” бодох дургүй болсныг ч бодолцох нь зүйтэй биз ээ.
У.Оргилмаа
Зочин · 2013/10/21
MAXNiinhan neg ded saidiin suudlaa MANiin gishuund yagaad ugsun yum be Chuluunbat chin MANiin gishuun heveeree bnaleeshdee bur Baga hurliinhan gishuun geed suuj bailaa
Зочин · 2013/10/20
Batbayar ni hu urvaach ***rvaach shuu dee nyamdorj gishuun ch bas unen ugtei damshig shuu
Зочин · 2013/10/19
shulga batbayarig ****uival taarna