Монгол улсын хоолой дээр тээгэлсэн “яс”, манай улсыг аажмаар үхүүлж буй "хорт хавдар" бол өнөөдрийн зүүн баруун, зөв буруугаа ч мэдэхгүй “хөгжлийг ухраасан” юм ярьж, хийдэг улс төрийн нам нэртэй мафийн сүлжээнд үржиж байгаа олигархи, луйварчид.

Тэднээс хурдан салах тусмаа ирээдүй хойчид минь буян болно. Нэг намаар удирдуулсан намт төрөөс салж ард түмний хүмүүнлэг төр лүү орлоо хэмээн ойлгож байтал худал байжээ. Өнгөн дээрээ тусдаа юм шиг боловч цаанаа халаас нэгтэй олигархийн тогтолцоо руу гулсан оржээ.

Өнөөдрийн улс төрийн намуудын байгаа байдал яг “социализм”-ийн МАХН-ын бүтэцтэй, үйл ажиллагаа нь түүнээс ч долоон доор. Зүүний идеологи буюу үзэл баримтлал бүхий нам болон барууны барууны үзэл баримтлал бүхий улс төр намуудынх нь хоорондын зааг ялгаа үгүй болжээ. Барууны нам гэж яриад байгаа боловч нийгмийн халамжийг санаачлаад дэмжээд гүйж байдаг. Зүүний гээд байгаа намууд нь олигархижоод хөрөнгөтний нам болон хувирчихаад байна.

Намуудын энэхүү төлөвшилгүй байдал нь парламентыг жинхэнэ утгаар нь дампууруулж монголын төрийг тогтворгүй, чадваргүй болгож байна. Зүүн барууны чиг баримжаатай улс төр парламентад жинхэнэ утгаараа явагдснаар ард түмний төлөөх улс төрийн үнэр тэндээс ядаж үнэртэх ёстой. Парламентын зүүн баруун жигүүрт хуваагдаж суугаад асуудлыг хэлэлцэх, нэг нэгэндээ хяналт тавин, хариуцлага нэхэн ажилласнаар л шударга ёс тогтож, хөгжил дэвшил явагдана.

Энэ бүх асуудлыг шийдэхэд “Улс төрийн намуудын тухай хууль” болон “УИХ-ын тухай хууль” зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулж, намуудын “Зүүн барууны үзэл баримтлалын зааг ялгааг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй”. Хоёулаа ялгаагүй мөнгө амлаад л, ард түмэнд таалагдах гээд байна шүү дээ. Ерөөсөө олигархиудыг уг үндсээр нь устгахын тулд хамгийн түрүүнд үүрийг эвдэх хэрэгтэй. Тиймээс намуудын одоо байгаа тогтолцоог өөрчлөх шинэчлэх замаар үүнийг хэрэгжүүлж болно.

Парламентын чуулган дээр худал шүүмжилж, ард түмнийхээ нүдэн дээр хоосон жүжиг тавиад цаанаа хундага тулгаж байгааг бид бүгд ойлголоо мэдлээ. Олигархиудыг устгана гэж орилж байгаа нөхдүүдэд хандаад хэлэхэд"олигархиудтай нэг намд байгаа бол хэзээ ч олигархийг устгана гэж хэзээ ч байхгүй". Энэ бол зөвхөн сонгогчдыг татах шоу төдий. Намаа аварна, хамгаална гэж байгаа нөхдүүдийн үйлдэл олигархиудыг хамгаална, аврана л гэж ойлгогдож байна.

Монголчууд өнөөдөр гурван зүйлийг ойлголоо. Тэр нь юу вэ гэхээр “ардчилал Монголд байхгүй юм байна”“Эрх баригчид өнөөдрийг хүртэл биднийг хуурч иржээ”“Цаашдаа эрх баригч олигархи, луйварчидад дахин найдаж болохгүй юм байна” гэдгээ илэрхийлж байна. Монгол орон жинхэнэ ардчиллын замаар замнъя гэвэл намын хатуу гишүүнчлэлээс салах хэрэгтэй.

Өнөөдрийн монголын намууд хатуу гишүүнчлэлтэй коммунист маягийн намууд. Ер нь тэгээд МАН-ын гишүүн намдаа, МАХН-ых МАХН-даа, АН-ын АН-даа санал өгөх юм бол сонгууль өгөх шаардлага байна уу. Үүн шиг утгагүй юм байхгүй. Үүнийг ардчилсан сонгууль ч гэж нэрлэхгүй. Ингэж сонгууль хийснээс хийгээгүй нь дээр биз дээ.

Намдаа элсүүлж батлахаа гардуулахын тулд 20 000 төгрөг өгдөг гэсэн. Энэ бол Монгол хүн адгийн биеэ үнэлэгчээс ч доогуур ханштай байгааг илтгэнэ. Олигархиуд, луйварчдид Монгол хүнийг үнэлж байгаа л үнэ энэ.

Манантай, махантай байснаар уур бухимдал, ядуурал, гуйланчлал, янхандал, хятадуудтай гэсэн олон асуудал улам л нэмэгдэх болно. Олигархиуд энэ хэвээрээ төрд дархлагдвал Монголчууд эх орноо орхин дүрвэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг шүү.

Яагаад гэвэл мөнх тэнгэрийн доор монгол хүн олигархиудтай хэзээ ч зэрэгцэн оршиж чадахгүй. Нэг бол олигархиуд монголыг дарангуйлж монголын ард түмэн түүний дотор залуучууд эх орноо орхин дүрвэнэ. Яагаад гэвэл ямарч амьдрах боломжгүй болгоно. Эсвэл олигархиуд, луйварчдийг хөөн зайлуулж монголын ард түмэн цэнгэлийг манлайг эдлэх болно.

Монгол хүн бүр нэгийг бодож, зоригтой, хатуужилтай байх цаг үе биднийг угтан байна. Үүрийг нь эвдэж байж л олигархиудыг устгаж чадна. Энэ бол хүчирхийлэлгүйгээр олигархиудаасаа салах ганц боломж.