Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт  Монголбанк, судлаачид оролцсон юм.  тэгвэл судлаачид ирэх жилийн мөнгөний бодлогын талаар ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн  Б.Жавхлан: Энэ удаа төсөв мөнгөний бодлогыг УИХ-д танилцуулахдаа 2017-2019 он хүртэлх дунд хугацааны төсөөллүүдээ хамтад нь танилцуулж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын ирэх гурван жилд гадаад, дотоод өрхүүдийн үндсэн ба хүүгийн төлбөрүүд болон хувийн секторын томоохон төлөлтүүд явагдана. Энэ төлөлтүүд төсөв, Төвбанкны валютын нөөц дээр нэлээд ачаалал үүсгэнэ гэсэн үг. Ийм учраас бид зөв төлөвлөлт хийх ёстой. Тухайлбал, ирэх оны Төсвийн тухай хуулиндаа 2018 оны нэгдүгээр сард төлөгдөх Чингис бондын эхний үндсэн төлбөр 500 сая ам.долларыг хэрхэн төлөх асуудлыг бодолцож, бэлтгэх хэрэгтэй байна. Энэ мөнгөн дүнг ирэх оны төсөвт суулгах шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ мэтээр төсвийн тухайн хуулиндаа цаглабартай уялдуулсан өрийн менежментүүдийг  сайн тооцож, төлөвлөлтөө хийх ёстой юм.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: Эдийн засгийн байдал хүнд байгаа гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Хялбаршуулж төсөөлөхийн тулд хэвтэрт байгаа өвчтөнтэй зүйрлэсэн. Өнөөдрийн байдлаар эдийн засагт огцом эмчилгээ хийх юм бол мажийж мэдэхээр байдалтай байна. Эдийн засгийн эмчилгээг хийхийн тулд мөнгө төсвийн бодлогоо болгоомжтойгоор хоёр гурван  жилийн хугацаанд аажим, аажмаар хийхээр танилцуулж байна. Буруу юм байхгүй. Гэхдээ эдийн засаг хэр удаан хэвтэрт байх вэ? гэдэг асуудал байна. Мөнгөний бодлого, төсвийн бодлого уягдахгүйгээр хямралаас гарах аргагүй. Жишээлбэл, төсвөө асар их алдагдалтай батлах юм бол мөнгөний бодлого түүн дээр ажиллаж чадахгүй. Энэ хоёр өөр хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Танилцуулга мэргэжлийн сайн төвшинд хийгдсэн байна. Миний хувьд эдийн засагт эмчилгээ хийх аргын тухай л ярьсан. Аажуухан эсвэл түргэн байж болно. Гэхдээ энэ хоёрынхоо дунд тэнцвэрээ олоорой л гэж зөвлөмөөр байна. Хэтэрхий их удаан эмчилгээг тэсч хүлээх цаг хугацаа байгаа эсэх дээр анхаарах хэрэгтэй” гэлээ.

 

“Mongolia Metals and Mining''  шинжээч Ч.Эрдэнэдалай: Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, суурьтай бичиг баримт боллоо. Эдийн засаг маш олон хэлбэрээр дамжиж илэрхийлэгдэж байгаа. Тэгэхээр төсөвтэй мөнгөний бодлогыг уялдуулахаас эхлээд бүхнийг цогцоор нь уялдуулах хэрэгтэй.  Хямралаас ямар аргаар, яаж гарах вэ, бүтцийн алдаануудыг яаж засах вэ? гэдэг дээр дунд болон урт хугацаанд тогтвортой өсөлтийг яаж бий болгох вэ гэдэгт анхаарах ёстой болов уу. Бид хямралаас гарах хэрэгтэй байна. Дараа жил гэхэд бид ямар ч хамаагүй үнэ цэнээр 10 хувиар өсөх  хэрэгтэй байна. Нэг ёсондоо мөчлөг дагахгүйгээр  сөрсөн, тогтвортой өсөлт бий болгох нь хамгийн чухал.  Бид зөв чиглэл рүүгээ явж байна гэж бодож байна.

 

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн  багш, доктор, профессор Б.Эрдэнэбат: Өрхүүдийн зээлийн үлдэгдлийг судлах хэрэгтэй.  Эдийн засаг хүндэрч, хямрахын хэрээр өрхүүдийн цалингийн зээл, тэтгэврийн зээл, орон сууцны зээлийн чанар мууддаг. Тухайлбал орон сууцны зээлийн хугацаа хэтрэхээр  зээлийн чанар муудаж байгаа. Тиймээс зээлдэгч нарыг ямар нэг байдлаар  эргээд дэмжих  суваг байвал зүгээр. 

Орон сууцны зээлийн хэмжээ Монгол улсын нийт зээлийн үлдэгдлийн  маш том хэсгийг бүрдүүлдэг болсон.  Энэ салбар хүнд байдалд орчих юм бол нийт эдийн засаг, банкны секторт сөрөг нөлөө үзүүлэх учраас түүнийг хамгаалах тогтолцоо байх хэрэгтэй.  Тухайлбал сар бүрийн төлбөрийг төлж чадахгүй байвал  чанаргүй зээлд бүртгэгдэг.  Үүнийг бүртгэхгүй байх.  Ямар нэгэн байдлаар  дэмждэг  авч hotline гэж ярьдаг даа,  дэмждэг механизм байвал зүгээр.

Үл хөдлөх зээлийн  нэг онцлог бол хүмүүс 10-20 хувиар барьцаагаа тавьдаг. Хэрвээ үнэ унавал тэр барьцаа алга болдог. Өөрөөр хэлбэл алдагдлаа өрхүүд 100 хувь хүлээдэг онцлогтой.  Манай улсын хувьд импотекийн зээл бол харьцангуй шинэ зүйл.  Хэрэгжүүлж байгаа мехнизм нь харьцангуй шинэ.  Харин үл хөдлөх хөрөнгийн  зээл бол олон улсын практикт олон жил болсон.  Бид  2008-2009 оны хямралаар энэ төрлийн зээлийн  талаар тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан.  Тэгэхээр  дэмжлэг  үзүүлэх боломжтой гэж харж байгаа.  

 

А.Баярмаа