Валютын ханшийн өсөлтийг барихад Нийслэлд үйл ажиллагаа  явуулж буй гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Манай улсын мөнгөн тэмдэгтээр авдаг болох, арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох, эсэхийг судлах, валютын хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, төгрөгийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судлах чухал болоод байна.

“Номхрохгүй” байгаа “$”-ы ханшийг аргамжихад анхаарах цаг хэдийнээ болсон. 90 оны сүүлээр бага хүүтэй, урт хугацаатай гэх зальжин үгээр олон иргэний тархийг угааж, америк долларыг сонгуулсан банкууд хэд хэд байна. Тухайн үед иргэд төгрөгийн зээл авах хүсэлт гаргах өгөхөд банкууд “Төгрөгөөр зээл гаргах боломжгүй байна. Төгрөгийн хомсдол үүссэн” гэж тайлбарлан долларын зээл санал болгож зарим иргэд аргагүй эрхэнд долларын зээлд хамрагдсан нь өнөөдөр төлөөд төлөөд барагдахгүй өр төлбөрт ороод байгаа юм. Энэ нь монгол мөнгөөр бус доллараар зээл авсан иргэд, аж ахуйн нэгжийг санхүүгийн асар хүнд байдалд оруулаад байна. Валютын ханшийн өсөлтийг даган, авсан зээл нь үржсээр байр болон автомашинаа банкны барьцаандаа эргүүлэн өгч, гудамжинд гарах дээрээ тулаад буй иргэдийн төлөөлөлийн нийтлэл мэдээг өчигдөрхөн уншсан.

Уг нь Гадаад зах зээлийг бий болгоход төр анхаарч үндэснийхээ үйлдвэрлэлд туслах ёстой. Хөрш орнуудтайгаа тарифын хэлэлцээр хийж, манай бүтээгдэхүүнийг бага тарифаар оруулдаг орны тоог нэмэх ёстой. Болж өгвөл чөлөөт худалдааг бий болгож, Монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргадаг системийг бий болгох хэрэгтэй. Жишээлбэл, ОХУ Монголын хөнгөн болоод хүнсний аж үйлдвэрийн салбарт маш өндөр татвартай. Үүнээс болж хойд хөрш рүү олон барааг албан экспортоор гаргаж чадахгүй байна. Европтой манай улс нэг хэлэлцээр хийсэн байдаг. Тэр хэлэлцээрийн хөнгөлөлт нь Хятадын нутгаар дамжуулаад тээвэрлэх хөлстэй тэнцүү шахуу. Ингэхээр манай улс Хятадаас хөнгө­лөлттэйгөөр бараагаа гаргаж чаддаггүй.

1980-аад оны сүүлч 1990-ээд оноос 2005 он хүртэл Монголд оёдлын 100 гаруй үйлдвэр, 20 гаруй мянган ажилчин байсан гэдэг. Жилдээ 30 сая бүтээгдэхүүн АНУ-д гаргаж байсныг санах учиртай. Энэ бол гадаад зах зээлийн нөхцөл нь бүрдсэн байсных. Тухайн үед Хятадын оёмол бүтээгдэхүүнийг АНУ-д гаргахад тооны хязгаартай байсан бол Монголоос тооны хязгааргүй байсан нь манай давуу тал байсан юм. Ингэснээр маш их валют олж ирдэг байсан. Ингэж Монголд маш олон хөрөнгө оруулагч орж ирж хамтарсан үйлдвэр байгуулж байсан. Ийм нөхцөл бий болгочихвол Монголд маш олон хөрөнгө оруулагч нэмэгдэнэ, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэж, түүхий эд, арьс шир боловсруулалт ч өснө.

Хамгийн гол нь Гадаадад монголд үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг борлуулах нь валют буурах манай улсын мөнгөн тэмдэг төгрөг цаас биш болох юм. Мөн валют орж ирэх гол хөшүүрэг. Хөнгөн үйлдвэрүүд, түүхий эдийн гүн боловсруулалт хийдэг салбаруудаа сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Манайд арьс шир, түүхий эд нь жил бүр бий болж байна шүү дээ. Гэтэл манайд арьс ширний үйлдвэрээ хаана барихаа одоо хүртэл шийдээгүй. Төр, засаг одоо л энэ асуудалд анхаарлаа хандуулж дорвитой алхам хийх үе нь ирээд байна.

Монголын эдийн засгийн үзүүлэлтийг валютын ханш жолоодож байна. Тиймээс ханшийг тогтворжуулах нь төр засгийн эхний хийх ажил байх ёстой. Нэгэн бизнесмен ярилцлаганд “Валютын ханш дотоодын үйлдвэрлэгчдэд ашигтай зүйл болж байна” гэж байна. Энэ худлаа. Талх, гурил, чихэр, сүү, ундааны үйлдвэр бүгд л түүхий эд, сэлбэг хэрэгслээ гадаадаас авдаг. Бүгд л өндөр үнээр орж ирэх учраас эргээд бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Тиймээс валютын ханшийн гамшиг эдийн засагт давагдашгүй байдал үүсгэж байна. Үүнтэй төр засаг тэмцэх байх. Ханшийг тогтворжуулчихсан байхад бондоо гаргаад дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд явахад асуудал алга хэмээн хэлсэн байдаг. Чухал нь гадаадаас валют оруулж ирэх нь чухал юм.

 М.Буянжаргал