Зээлжих зэрэглэл буурах нь Монголд ашигтай
2016/11/24
2015, 2016 онуудын II улиралд Монголын санхүүгийн ертөнцөд хоёр томоохон үйл явдал болсон нь Худалдаа хөгжлийн банк 2015 оны тавдугаар сард, Монголын Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сард, тус тус 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр гаргаж нийт нэг тэрбум ам.долларын зээл авцгаасан. Энэ их мөнгө хаачсан, юунд зарцуулагдсан нь тусдаа сэдэв.
Харин Худалдаа хөгжлийн банкны таван жилийн хугацаатай 9.37 хувийн хүүтэй авсан бонд зөвхөн Засгийн газрын баталгаатайгаар л амжилттай болсон гэдгийг дурдах хэрэгтэй байх. Энэ зээлийг авсан, даасан хоёр 2020 онд эргүүлэн төлнө. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын Засгийн газрын мөн л таван жилийн хугацаатайгаар босгосон, 2021 онд эргүүлэн төлөх учиртай 500 сая ам.долларын бонд нь 10.87 хувь бараг 11 хувийн хүүгийн өртөгтэй боссон. Бондуудын хүүг 9.37 хувь, 10.87 хувь гэж өндрөөр тогтоосон нь тухайн үеийн манай улсын зээлжих зэрэглэл болох B2/B+ үнэлгээн дээр үндэслэсэн хэрэг. Мэдээж 9, 10 хувьд хүрсэн эдгээр бондын хүүг 2012 онд босгосон Чингис бондын 4.12 хувь, 5.12 хувийн хүүтэй харьцуулбал хоёр дахин нугарсан өндөр өртөгтэй байгаа юм. Хөгжиж буй манайх шиг улс байтугай, өндөр хөгжилтэй улсууд ч 6.5 хувиас дээш хүүтэй зээл авахаас ихэд болгоожилдог. Хүүгийн төлбөр нь өндөр учир дампууралд хүргэх эрсдэлтэй гэж үздэгээс тэр.
Харин бид ямар зоригтойгоор, ямар зорилготойгоор 9, 10 хувийн хүүтэй их хэмжээний зээлүүдийг авсан юм бэ. Дампуурсан ч хамаагүй гэж үзсэнээс тэр үү. Харамсалтай нь өнөөдөр байдал улам дордсон. S&P, Fitch, Moody’s агентлагуудын үнэлгээгээр манай улсын зээлжих зэрэглэл В-, Саа1 боллоо.
Moody’s агентлагаас л гэхэд сүүлийн гурван сарын дотор манай улсын зээлжих зэрэглэлийг шат дараалан В2-->В3-->Caa1 хүртэл бууруулсан. В-/Саа1 зэрэглэл гэдэг нь Монгол Улс төлбөрийн чадваргүй байна, дампууралд ойрхон байна гэдгийг тогтоосон үнэлгээ. Тэр ч утгаараа манай улсад зээл өгөх хөрөнгө оруулагчдад болгоожлохыг сануулж байгаа юм.
Зээлжих зэрэглэлийн арай өндөр B2/B+ үнэлгээтэй байхдаа 9-10 хувийн хүүтэй зээл авч байсан улс өнөөдөр В-/Саа1 болж буурсан үедээ ямаршуухан өртөгтэй зээл авч болохыг төсөөлшгүй. Хэрэв манай бондыг худалдан авах хөрөнгө оруулагч олдвол шүү дээ. Ер нь олон улсын зах зээл дээрээс мөнгө босгоно гэдэг нь 6.5 хувиас доош хүүтэй нөхцөлд л үр дүнгээ өгөх магадлалтай. Бусдаар бол энэ нь тухайн улсын төсөвт ихээхэн дарамт учруулж, эдийн засгийг бүхэлд нь барьцаанд авч улмаар мөлжлөгийн чанартай үйл ажиллагаа болж хувирдаг. Зарим айлууд их хэмжээний зээл аваад хүүгийн төлбөр, үндсэн төлбөр гээд өрийн дарамтанд орж хамаг юмаа тавиад туух, байшин сав, эд хөрөнгөө алдахад хүрдэг. Тийм айлд хэн ч зээл олгодоггүй, олговол үнэтэй зүйл үлдсэн байвал барьцаалж цөөн хэдэн төгрөг өндөр хүүтэй өгөөд төлбөрийн чадваргүй гээд хураагаад авчихдаг. Өнөөдөр манай улс яг ийм л байдалд ороод байна.
Тиймээс манай улсын зээлжих зэрэглэл буурсан нь бидний олон улсын зах зээл дээрээс зээл авах боломжийг хумьж, асар өндөр хүүтэй, хэзээ ч төлж барахгүй өрийн аюулд улам гүн шигдэн орохоос сэргийлж буй хэрэг. Магадгүй бонд босгоод туйлах гэж бодсон зарим нөхдийн хувьд харамсалтай байж болно. Гэхдээ Монголын ард түмэнд ашигтайгаар тусч байгаа юм. Ямар ч нөхцөлд гарц, гаргалгаа байдаг. Хямрал мөн нэг талаас бидэнд боломжийг олгож байна. Өнөөдөр бид өвдөлтийг мэдэрснээрээ асуудал хаана байгааг, бид гадныхнаас, гадны зах зээлээс, гадаад валютаас хэт хараат болсныгоо илүүтэй мэдэрч байна. Тиймээ, бид эдийн засгийн суурь бүтэц, үүн дундаа банк, санхүүгийн тогтолцоогоо эргэн нэг харах шаардлагатай байна. Бид үйлдвэрлэж эхлэх хэрэгтэй, бид монгол төгрөгийн үнэлэмжийг дээшлүүлж жинхэнэ утгаар нь үндэсний мөнгөн тэмдэгт болгон ашиглах хэрэгтэй байна. Үүн дундаа олон улсын зах зээл дээр төгрөгийн бонд гаргах асуудал мөрөөдөл төдий биш гэдгийг ойлгож одооноос эхлэн судалж, хэрэгжүүлэх талаар бодох ёстой.
Зээл, зээл, өр, өр... өөр гарц, гаргалгаагүй мухрыг харсан хүмүүс өнөөдөр бодлого боловсруулж, засаг барьж байгаа нь Монголын ирээдүйг улам бүрхэгдүүлж байгаа юм. Дампуурлыг хэн ч хүсэхгүй. Гэвч өнөөдрийн бидэнд нүүрлэсэн хямрал, ойрын ирээдүйд улам хүндрэх нөхцлийн магадлалтай үр дагаврыг тооцвол манай улс дампуурлаа зарлах нь тийм ч буруу биш.