Хэмнэлт дагасан агшилт
2016/11/30
Өсөлтөөс уналт руу шилжлээ. Хэдхэн жилийн өмнө 20 хувь хүртэл өсөж байсан Монголын эдийн засаг агшлаа. Нэгэн цагт өсөлтөөрөө тэргүүлж байсан ч өдгөө уналтаараа хошуучилж явна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны гуравдугаар улиралд ДНБ 1.6 хувиар буурчээ. Сүүлийн долоон жилийн түүхэнд хоёр дахь уналт нь энэ.
Шинжээчдийн таамгаар энэ онд Монголын эдийн засаг тэгтэй ойр түвшинд тэлэхээр байсан юм. Олон улсын байгууллагууд энэ оны эдийн засгийн төлөвийг хэдэнтээ танасан. Эхлээд гурав орчим хувиар өснө гэж шинжээчдийн дийлэнх таамаглаж байв.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам өсөлтийн төлөвөө бууруулсан юм. Эцэст нь тэгтэй ойр түвшинд тэлэх таамаг дэвшүүлсэн. Гэхдээ ийм эрт, тийм өндөр хувиар агшчихна хэмээн төсөөлөөгүй нь илт.
Учир нь оны эхний хоёр улирал дараалан ДНБ нэгээс дээш хувиар тэлсэн. Уул уурхайн түүхий эдийн үнэ буурсан ч экспортын хэмжээг өсгөх аргаар уналтыг сааруулж буй. Мөн хөдөө аж ахуйн салбар өссөн. Монгол малын тоо толгой 55.9 саяд хүрсэн төдийгүй 19.2 төл бойжиж буй. Ингэснээр малын тоо толгой оны эцэст 70 саяыг давах урьдчилсан тооцоо бий. Тэрчлэн газар тариалангийн салбар арвин ургац хурааж авсан гээд эдийн засгийн гол салбарууд өсөлттэй байсан юм. Энэ нь ДНБ-ий тэлэлт үргэлжлэх дохио болсон нь мэдээж.
ДНБ-д жин дардаг эцсийн хэрэглээ 3.6 пунктээр буурсан
Гэвч 2016 оны хоёрдугаар улиралд 1.4 хувиар тэлсэн Монголын эдийн засаг гуравхан сарын дотор 1.6 хувиар хумигдчихав. 2010 онтой зэрэгцүүлэх үнээр 180 тэрбум төгрөгөөр хумигдсан байна. Тодруулбал, хөдөө аж ахуйн салбарын ДНБ дэх нэмэгдэл өртөг 46 тэрбум төгрөгөөр өссөн. Харин аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар 200 орчим тэрбум төгрөгөөр татарчээ. Энэ нь эдийн засаг агших гол шалтгаан болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй, уул уурхайгаас бусад салбарын уналт гүнзгийрч буйн илрэл гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа барилга, худалдааны салбар үлэмж хэмжээгээр хумигджээ.
Албан мэдээллээр оны эхний арван сард худалдааны салбар 865.9 тэрбум төгрөгөөр хумигдсан. Уналтыг задлаад харвал жижиглэн худалдаа 742.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Жижиглэн худалдаа дийлэнх хувиар доошилсон нь иргэдийн худалдан авалт хумигдсаныг илтгэнэ.
Үүнийг батлах нэг үзүүлэлт бий. ДНБ-д жин дардаг эцсийн хэрэглээ 3.6 пунктээр буурсан. Монголбанкны Инфляцийн төлөв байдлын тайланд дурдсанаар өрхийн хэрэглээ есдүгээр сард жилийн дүнгээр 18.9 хувиар агшиж, ДНБ-ий өсөлтийг 12.4 нэгж хувиар бууруулсан байна. Товчхондоо, иргэдийн зарцуулалт хумигджээ. Энз нь худалдаа, үйлчилгээг тээвэр, үйлдвэрлэл гээд олон салбарыг араасаа чирлээ. Үүгээр зогсохгүй барилгын салбар хямрах гол шалтгаан болсон.
Учир нь өрхийн орлого, зарлага сүүлийн хэдэн жил байгаагүйгээр буурсан юм. Өрхийн дундаж орлого өмнөх оны мөн үеэс есөн хувь буюу 84 мянган төгрөгөөр буурч, зарлага нэг хувиар багассан гэх мэдээлэл бий.
Эдийн засгийн шинжлэх ухаанд ДНБ нь шинээр бүтээгдсэн өртгийн нийлбэр гэж үздэг. Энэ үзүүлэлт өсөх, эсэх нь хувийн хэвшлийн ашигтай нягт холбоотой. Тиймээс уналт нь бизнесийн тусгал болох талтай.
Энэ оны эхний есөн сарын байдлаар Бизнес регистрийн санд бүртгэлтэй 138.7 мянган аж ахуйн нэгжийн тал хувь нь үйл ажиллагаа явуулаагүй.
Үүний 42.9 хувь нь үйл ажиллагаагаа эхлээгүй бол 50.8 хувь нь түр зогсоожээ. Мөн 1.5 мянга буюу 2.2 хувь нь бүрэн зогсоосон болохыг статистакийн байгууллагаас мэдээлсэн. Ялангуяа, өмнөх оны мөн үеийнхээс үйл ажиллагаа эхлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын эзлэх хувь 7.9 пунктээр ахисан байгаа юм. Нэг талд иргэдийн худалдан авалт хумигдсан. Нөгөө талаас бизнесийн идэвхжил буурсан нь энэ. Нэг зоосны хоёр тал ийн зэрэгцэн суларчээ.
Монголбанк өнгөрсөн улиралд мөнгөний бодлогоо огцом хумьсан. Ингэснээр зах зээл дэх мөнгөн урсгал татарч, иргэдийн гар дээрх мөнгө ховордсон. Тиймээс иргэд хэрэглээгээ хянаж. зарцуулалтаа танав. Уншигч та ч тэдний нэг байхыг үгүйсгэхгүй, Мөн төр хэмнэлтийн горимд шилжсэн. Иргэд болоод төрийн хэмнэлт гинжин урвалаар бизнесийн үйл ажиллагааг хумьсан. Цаашлаад Монголын эдийн засаг агших суурь шалтгааны нэг болсон байна. Өөрөөр хэлбэл, хэмнэлт дагасан агшилт манай эдийн засагт нүүрлэсэн нь энэ. ДНБ-ийг харсан ч тэр иргэд, хувийн хэвшлийн нөлөө их. Цаашилбал Монголын эдийн засгийн хөдөлгүүр болох нь ч батлагдана. Бас нэг гашуун үнэн бол төв банкны мөнгөний хатуу бодлогын дарамтыг ялангуяа иргэд, бизнес эрхлэгчид нуруун дээрээ үүрч байна.
Г.БАЙГАЛ
[ЗГМ]