Ипотекийн гацаа Санхүүгийн зохицуулах хороо юу?
2016/12/09
Ипотекийн зээлийн буянаар барилгын салбарын үнэ хөөсөртлөө өсч байсан түүх саяхных. Гэхдээ саалиа бэлдэлгүй саваа бэлдсэнийхээ горыг өдгөө амсч суугаа барилгачин компаниуд зовлонгоо тоочиж сууна.
Найман хувийн зээлээр борлуулна гэдэг итгэлээр өндөр, өндөр орон сууц сүндэрлэсэн. Гэвч хэсэгхэн хугацаанд үргэлжлээд элдэв аян шалтаг тоочсоноор таг гацсан шалтгааныг олон нийт болоод мэргэжлийн хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Монголын барилгын үндэсний ассоциацийн мэдээлж байснаар одоогоор 8000 барилга бүрэн ашиглалтад орсон байгаа бол 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 25 мянган орон сууц хүлээгдэж буй аж. Тиймээс ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх хэрэгтэйг сануулж байна.
ХҮЛЭЭЛТ
Төвбанк ипотекийн зээлдээ өнгөрсөн аравдугаар сарын 25-нд өөрчлөлт оруулсан билээ. Тус журамд зааснаар иргэдийн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжилт нь зохицуулагдахаар болов. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар шинээр олгосон зээлийн 69.8 хувь буюу 24.2 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл ажээ. Харин өнгөрсөн сард 24 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилсан байна. Харамсалтай нь энэ мөнгө хүлээлтийг сааруулж чадахгүй байгаа юм. Арилжааны банкуудад ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн, шийдвэр нь гарсан ч санхүүжилтээ хүлээж буй хүмүүсийн зээлийг эх үүсвэртээ тохируулан гаргаж байгаа хэмээн албаны эх сурвалж хэлсэн юм. Ер нь энэ ипотекийн санхүүжилтийг нэмэх зайлшгүй шаардлага байгааг эрэлтийн хууль батлаж байна.
“ДАШИЙ ШОГ”
Эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг зах зээлийн зарчмыг “жинлэвэл” эн зэрэгцэх биз. Харамсалтай нь хүлээлтээр үүсгэгдэн гацаанд буй ипотекийн хувь тавилан хаашаа эргэхийг таашгүй нь. Эрэлтийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ. Энэ нь тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэнэ гэсэн үг. Энэ нь хоёр салаа замтай. Төвбанк тус зээлийн эргэн төлөлтөөс төвлөрсөн хөрөнгийг арилжааны банкуудад хуваарилан дахин шинээр зээлдэгчид боломж олдоно. Харин МИК нь зээлүүдийг нэгтгэн багцалж “Бонд” болгон Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах маягаар мөнгө босгох боломжтой. Гэвч энэ боломжийг ашиглаж чадахгүй нэлээд хугацаа өнгөрч байгааг учир мэдэх нэгэн хэлсэн. Тодруулбал, бонд арилжаалахын тулд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах учиртай. Гэвч “МИК актив 10”, “МИК актив 11” гэх бондын зөвшөөрөл одоог хүртэл гаралгүй гацсаар байгаа гэнэ. Үүнийг тодруулбал, “МИК актив 10” багц нь 100 тэрбум, “МИК актив 11” нь 70 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн багцыг бүртгүүлэн үнэт цаасжуулах хүсэлт Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлжээ. Энэ талаар тус хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Цэрэнбадрал “МИК-ийн хүсэлтийг судалж байна. Учир нь энэ хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл эдийн засагт томоохон өөрчлөлт гарсан. Төвбанк мөнгөний бодлогоо нэмж 15 хувьд хүргэсэн. Мөн санхүүжилтийн эх үүсвэр хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байсан зэргээс үүдэн хугацааны хувьд удаж байгаа нь үнэн. Манай байгууллагын хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангах учиртай. Ипотекийн зээл манайхаас шалтгаалан зогссон гэдэг нь ташаа ойлголт” гэлээ.
Ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлсээр бүтдэгийн даваан дээр “Даший шог” болсныг албан бус эх сурвалж хэлсэн юм. Магадгүй урд хөршөөс царай алдаж авахыг шахсан дөрвөн тэрбум ам.долларыг үргээснээс болсон гэх бор шувуу цахим ертөнцөөр нисч байгаа нь түүнийг нотолж байх шиг.
Д.ОЮУНЧИМЭГ