527-1484297581olloo_mn_1482282295_AN

Нийгэмд тогтолцооны өөрчлөлт авчирсан хүмүүсийн нэгдэл гэдэг утгаараа Ардчилсан нам Монголын улстөрд жин дарах хувь нэмэртэй, том орон зайтай гэдгийг үгүйсгэх аргагүй. Тиймдээ ч  намын шинэчлэлийн асуудал хийгээд намын ирээдүйн бодлогыг гишүүдтэйгээ хамтдаа тодорхойлох удирдлага хэн байх вэ гэдэг сэдэв олон нийтийн анхаарлыг татсаар байгаа юм.

Өнгөрсөн хорь гаруй жилд Монголын улстөрд өндөр оролцоотой явж ирсэн АН-ын өнөөдрийн дүр зураг чухам яагаад ийм саарал байгааг хэн хүнгүй л хэлэлцэж ярьж байгаа. Тэгвэл өмнөх засагт хариуцлагатай алба хашиж байсан С.Баярцогт хэлэхдээ “Ерэн оноос хойшхи Ардчилсан намын ялагдал болгоныг дүгнээд үзэхэд бид эв нэгдэлгүй үедээ ялагддаг юм байна. Ардчилсан Нам хэзээ ялж байсан юм бэ гэвэл дандаа эв нэгдэлтэй байхдаа ялж байсан… АН-ын дотор итгэлцэл байхгүй болсон. Аль болохоор фракцаараа талцаад ажлыг нь явуулахгүй байх, чөдөр тушаа болохыг л оролдож эхэлсэн. Дээр нь бидний эв нэгдэлгүйг нь далимдуулаад хов хутгадаг хүмүүс манай намд олон болсон.”  хэмээн ярьсан байна лээ. Энэ бол АН-ын үнэн төрх юм л даа. Эрх мэдлийн төлөө улайрч байгаа фракциуд хийгээд тэдний  тэмцэл дундаас ашиг горилогч, үл бүтэх нөхдүүдээс болж Монгол Улсын хөгжил дэвшилд оролцоо өндөр байх ёстой улстөрийн том хүчний маргаашийн дүр зураг бараантаад байгаа юм. Тэгэхээр АН-ын маргааш өнгөлөг, ард итргэдийнхээ төлөө зүтгэх зам нь саадгүй байхын тулд улстөрийн энэ хүчнийг зангидан ажилллаж чадах тулхтай, нөлөөтэй хүн намын даргаар ирэх хэрэгтэй болов уу гэж харж байна, сэтгүүлчийнхээ хувьд.

Ерөөс эв нэгдлийн тухай сэдэв бол Монголчуудын өмнө тулгамдаад байгаа асуудал юм.  Эрх мэдэл, бүлэглэлийн эрх ашиг гэж талцахаасаа илүүтэй хэн эрх мэдлийг зөв хэрэгжүүлэх вэ, эрх олгосон хүмүүсийнхээ итгэл рүү ус цацахгүй байж чадах вэ? гэсэн хэмжүүрт нийцэх, эрх мэдлээр шоудахгүй байж чадах тийм л хүмүүст боломжийг олгох нь зөв болов уу. Тиймээс ч Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа таван эрхмийн талаар өгүүлье.

 

“Дархлаа”-гүй Н.Алтанхуяг хаа хүрэх вэ?

2766

АН-ынхан олонх байхдаа, эв санаагаа нэгтгэж байгаад Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан даа. Энэ бол Н.Алтанхуягийн хувьд улстөрийн шийдвэрлэх алба хаших “дархлаа”-гаа алдсаны тод илэрхийлэл болсон юм. Гол нь тэр хийгүй байж чадаагүй. Түүнийг огцруулах асуудлаар  МАН-ынхан шаагилдаж байх тэр үед хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг явдал яаж л газар авч байлаа даа. За тэгээд Ерөнхий сайдын хувиар гаргасан шийдвэрүүдтэй нь холбоотой элдэв олон асуудлууд хэвлэлийн хуудаснаа дээгүүр бичигдсэн хэвээрээ л байна.  Хөгжлийн банкны хуудуутай үйл ажиллагаа, хөрөнгө мөнгө шамшигдуулсан байж болзошгүй асуудлуудад түүний албатууд холбогдож шалгагдсан байдалтай. Бас болоогүй  хамаатан садангууд нь   тендерийн мөнгийг хувь дансаараа оруулж гаргасан тухай нь прокурорын байгууллагаас мэдээлсэн нь саяхан. Товчхондоо ингээд харахад л Н.Алтанхуяг лав энэ удаа биш шүү гэж хэлмээр л байгаа юм. Ялангуяа АН энэ хүндрэлтэй нөхцөл байдлаа хэрхэн даван туулах вэ,  хямралын энэ мөчлөгийг хэрхэн зөөллөх  вэ гэдэг асуудал чухал байхад асар олон дагуул сэдэвтэй хүн намын толгойд гарах нь зохистой зүйл биш юм. АН-д өгсөн сэтгэлээ түр хазаарлаад, сонголтоо эргэн харж суугаа мянга мянган хүнийг тэрчигт нь цааш нь түлхэе л гэвэл Н.Алтанхуягийг даргаар сонгож болох байх даа.

Уг нь тэр сайн сайхан зүйл хэлдэг. Гэхдээ үг хэчнээн уран байх тусмаа үйлдэл нь худлаа байдгийг Н.Алтанхуяг болоод түүний ижил бусад улстөрчдөөс бэлхнээ харж болно. Тэр Монголын улстөрийн бузар муухай бүхэнтэй тэмцэнэ гэж мэдэгдсэн. Гэвч түүний эрх мэдэлтэй байх он жилүүдэд зуурагдсан хор багагүй бий. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж, телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Ц.Элбэгдоржийгоо нэлээд муулсан. Гэсэн ч дараахан нь АТГ-т  очоод 4 цагийн турш хаалттай өрөөний цаана юу ярьснаа хэвлэлийнхнээс тас нуусан. Харин одоо бол намын даргад өрсөлдөж явна. Ард түмний санах ойг тавхан секунд байдаг л гэж бодоогүй түүний энэ алхам ёс зүйгүй л харагдаад байгаа юм. Тэр үнэхээр хойшид Монголын улстөрд байх чин эрмэлзэлтэй л юм бол өөртэй нь холбоотой, хууль журам зөрчсөн байж болзошгүй бүхий л асуудлуудад цэг тавих ёстой. Мэдээж хүн дандаа мууг хийнэ гэж юу байхав. Улс оронд хэрэгтэй зүйлийг ярьж хийсэн юм байгаа л байх. Тэрбээр “Урьд нь орд газруудаа урьдчилж зараад, сонгуулийн амлалтаа биелүүлж,  мөнгөө бэлнээр тараагаад гадагшаа урсгадаг байсан бол одоо урт хугацааны үр өгөөжтэй бодит хөрөнгө болж үлдсэнтэй хэн ч маргахгүй.” хэмээн ярьсан байсан. Мэдээж орд газар чухал байлгүй яахав. Гэхдээ улс орныхоо хөгжилд чөдөр тушаа болдоггүй, зам гарцыг нь ухаанаараа нээж олж байдаг улстөрч нэлээд чухал байх шүү.

 

 С.Эрдэнэд өөр хийх ажил бий!

erdene

АН орших уу, эс орших уу? дээрээ тулчихаад байгаа тул эрхбиш энэ намаар овоглож төдийгөөс өдийг хүрснээ бодоод сайн дураараа сунгаанаас нэрээ татвал таарах хүнээр С.Эрдэнэ нэн тэргүүнд яригдаж байсныг онцлох нь зөв байх. Үнэхээр нэр сүр тааруу, үйлдэл нь хуудуутай байх магадлалтай хүн намын толгойд гараад, намыг шинэчлэнэ гэж яриад,  хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль хийгээд 2020 оны сонгуульд ялалт дагуулна гэж юу л бол доо! Хэрэв дахиад ялагдал амсвал АН-ын хувьд амаргүй цохилт үзэх болно. Тэгэхээр энэ удаагийн намын даргад нэр дэвшиж байгаа хүмүүс намынхаа төлөө нэгэн цул шиг сэтгэж, болдог бол хоорондоо зөвлөлдөж байгаад, зарим нь нэрээ шууд татчих хэрэгтэй байгаа юм даа.

С.Эрдэнийн тухайд өөр хийх ажил чамгүй л байх ёстой доо. Нийслэлийн бүхэл бүтэн дүүргийг өөрөөрөө овоглож яваа тэрбээр намаа л өөрөөрөө овоглохгүй гээгүй юм бол арай өргөн хүрээнд энэ өрсөлдөөнийг харах хэрэгтэй болов уу. Тэрбээр намын даргад нэр дэвшихдээ өгсөн 250 сая төгрөгийн босгын талаар хэлэхдээ  “Улс төрч хүнд нэг том чадвар байх ёстой. Санхүүгийн хувьд мөнгө босгох, өөртөө татаж чаддаг чадвартай байж улс төр хийдэг юм… Мөнгөтэй хүмүүсийг биш, мөнгө босгох чадвартай хүмүүсийн боломжийг нээж өгч байгаа юм. Түүнээс биш мөнгөтэй хүмүүст нээгээгүй. Энэ бол тухайн дэнчин буюу зардлын тодорхой хувь шүү дээ. Зардлаа босгох чадваргүй бол яаж сонгуульд явах юм бэ.” гэсэн байсан. Яах аргагүй л  том хүн том үг хэлсэн байна билээ. За энэ ч яахав гээд хаячихъя.  Гэвч  С.Эрдэнэ эрхэмтэй холбоотой саар мэдээлэл олон юм. Цаг бусаар, харамсалтайгаар амиа алдсан нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны сүүлчийн нийтлэлүүдээс С.Эрдэнэтэй  холбоотой анхаарал татсан олон мэдээллийг уншигчид авч болох юм.

Мөн С.Эрдэнийг сайд байх үед талийгаачдын нэрээр тэтгэвэр шилжүүлж луйвар хийсэн нийгмийн даатгалынхны хэрэг хэрэгсэхгүй болсон асуудал ч анхаарал татсан хэвээрээ л байна. Нийгмийн даатгалынхан хүний санаанд оромгүй байдлаар хууль зөрчиж,  нэгэнтээ энэ хорвоогоос явсан талийгаачдыг  амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг. Тухайн үед С.Эрдэнэ тус  салбарын сайдаар ажиллаж байсан. Тиймээс С.Эрдэнэ улстөрч хүний хувьд ёс зүйг урьтал болгож уг асуудлын үнэн мөнийг тогтоолгох тал дээр уриалга гаргаж ажиллаж яагаад болохгүй гэж?

АН-ын хашир бурхи нийтлэлч Баабар чухам яагаад С.Эрдэнийг нэг нүдээрээ ч үзэхгүй байна вэ? Цэвэр тунгалаг амьтан руу тэгтлээ дайрахгүй л байх!

 

Дээрээ даргатай, доороо намтай!

172060-16102015-1444959510-787315307-erdenebat.d

АН-ын ялалт хийгээд ялагдалтай хамт байж ирсэн хүн  бол Д.Эрдэнэбат. Нам нь ялагдахаар хилийн чинадыг зорьчихдог лидерүүд АН-д олон бий. Харин сайн муугийн аль алинтай нь хамт л байж байдаг, зугтаж мэддэггүй Д.Эрдэнэбат намын даргад өрсөлдөж байна. Нам нь ялагдал үзэхэд удирдлагын аппаратад байсан юм байж намын даргад нэр дэвшиж байгаа нь ямар учиртай юм бэ харагсад байж болох. Гэхдээ эхэнд өгүүлсэн дээ, АН-ын ялагдлын учиг шалтгаан гарвалын талаар…  Д.Эрдэнэбатын тухайд төрийн хүний нуруутай нэгэн гэдгийг нь хэн хүнгүй л хэлдэг. Барагтай бол хүн магтаад байдаггүй судлаач Х.Д.Ганхуяг эрхэм “Д.Эрдэнэбат бол ноён нуруутай хүн. Ялалт авчрах бүрт тэр яг генерал Шапошников шиг жанжин штабын бүх ажлыг зохицуулж байв. Үймж бужигнасан энэ намын хамаг хар борыг ёстой эрийн нуруу зааж эвлүүлж дэвлүүлсээр сонгуульд оруулж, бас л үйлээ үзэж үсээ зулгааж байж ялалтын дөрөөнд хөлийг нь тавьсан. Тэр толгойг нь харахгүй юу? “Үстэй үлдэх хувьгүй” тэрээр УИХ-д ороод өнөө шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бүлгээ зохицуулах үйлтэй ажилдаа ахиад л тохоогдсон. Генсекээ орхиод төрийн ажилдаа одоход дараагийнх нь хүнийг тэсгээгээгүй. Генсек бол зовлонтой ажил, дээрээ даргатай, доороо намтай шүү дээ. Хэзээ ч хэрчүүлэхэд бэлэн байдаг, хариуцлагыг шууд чихэхэд бэлэн сав.Дараа нь бүлгийн даргаа өгөөд сайд болоод явахад нь Гарамгайбаатар ажлыг аваад одоо энэ шүү дээ. Ажилсаг, шийдэмгий, бас зангараг бол байна” хэмээн бичсэн байдаг.  Ер нь улстөр хэт бохирдсон, эрх ашгаараа нам харгалзахгүй сүжирдэг хүмүүс дэндүү олширсон өнөө цагт Д.Эрдэнэбатад  улстөрчийн   “дархлаа”  байгаад байна. Түүн рүү дайрсан мэдээлэл сэлт хэвлэлээр гардаг ч, юмны учир начир мэдэх хүмүүс тэрхүү мэдээллийн агуулга нь дэндүү ядмаг болохыг дор нь ойлгочихдог. Үнэндээ бол түүнд магтаал нэг их хэрэггүй байх. Зүгээр л ийм зангарагтай, бохирдоогүй хүмүүс л АН-д ус агаар шиг хэрэгтэй байгааг хэлье.  “Хэзээ ч хэрчүүлэхэд бэлэн байдаг, хариуцлагыг шууд чихэхэд бэлэн сав” гэгдээд байгаа генсекийн албыг хашихдаа тэр хэн болохоо харуулсан байх. Түүнд намынхныгаа гэсэн сэтгэл бий. Гэхдээ тэрбээр Ардчилсан нам бол нэг хэсэг хүний нам биш. Нэг хүний нам биш. Ард түмний нам. Ардчиллын нам гэдгийг хэлдэг. Түүнчлэн “26 жилийн түүхэнд бид нар алдсан, оносон зүйл олон байгаа. Гэхдээ 26 жилд бид нар Монгол Улсад хүний эрх чөлөө, хүний үг хэлэх эрх чөлөө, хүний амьдрах эрх чөлөө, хүний өмчлөх эрх чөлөөг авчирсан юм. Энэ эрх чөлөө Монголд амьдрал болон хэвшиж байхад ардчиллын нэрийг бид нар л хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ”  хэмээн хэлж байгаа юм. Тэрбээр “Зорилго байгаа бол тэрнийхээ төлөө ягштал явна. Тэр зорилго дандаа араасаа ард түмний сэтгэлийг дагуулж явах ёстой. Сэтгэлийг дагуулж, хүлээн зөвшөөрөгдөж явах ёстой” гэж хэлж байсан. Тэгвэл  ардчиллыг улам гүн батжуулах  үйлс ард түмний сэтгэлийг дагуулна гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу.

 

Фракцийн эсрэг дуугарагч!

a98195eca0ebb583big

Намын даргын эрх сүр нь хүчин төгөлдөр хэвээр байгаа З.Энхболд таван нэр дэвшигчдээ таван багц сум атгуулаад явуулсан. Энэ нь АН-д эв нэгдэл чухал байгааг илэрхийлж буй. Тэрний энэний фракц гэхгүйгээр намынхаа ирээдүйн төлөө, цаашлаад улс орны ирээдүйн төлөө ажиллая гэж хэлж ярьж байгаа хүмүүсийн нэг бол Ж.Батзандан. Түүний хувьд  аль нэг фракцийн хүн биш. Ардчилсан намын дотоод зөрчил олон фракциудаас болж байгаа гэдгийг тэр хэлдэг. Намын эрх ашгаа, түмний эрх ашгийг фракцийн эрх ашгийн дээр гаргаж тавих ёстой гэдгийг тэр хэлдэг. Тэрбээр  “АН дотор үзэл бодлын зөрүү маш их байдаг. Манайх таван намын нэгдэл учраас таван тийш харах тохиолдол цөөнгүй. Гэхдээ үндэсний эрх ашигтай холбоотой томоохон асуудалд AH, МАН нэгдээд явах нь зүйтэй. Энэ улсын төлөө яв гэж л биднийг сонгосон болохоос авлигач, хулгайн бүлэглэлд нэгдэн ор гэж сонгоогүй. Эрхэм түшээд минь, хууль хяналтын байгууллагын эрхэм нөхөд минь. Сүүлдээ дарга нар нь нийлж хулгай хийдэг боллоо шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй. Монголоо аваръя гэвэл бид зарчмын хувьд нэг талд гарах хэрэгтэй. Үзэл санаа, үнэт зүйлийнхээ талд гарч, өвөг дээдсийнхээ сургаалийг санах хэрэгтэй.”  гэж байгаа юм.

Эх түүхээ адлаж,  эрх мэдэл олохгүй ээ!

jh0qa1eyfp

АН-ын даргад нэр дэвшихээсээ өмнөхөн  “Нэг ардчилал” фракциа тарсан хэмээн мэдэгдсэн Л.Гантөмөрийн тухайд зангараг дутаад байна гэж хэлэх тулхтай хүмүүс олон байгаа юм.  Тэр өөрт нь ямар ч фракцийн дэмжлэг хэрэггүй гэж хэлсэн байсан. Үнэндээ бол бодит нөхцөл байдал хүссэн хүсээгүй тийм байхыг шаардаж байгаа юм. Тэрийг ч бусад нэр дэвшигчид сайн ойлгож байгаа. Одоо бол АН-д дотоод эв нэгдэл хэрэгтэй. АН-ын томчууд өөрсдийнхөө талаар хэлэхдээ МАН шиг бүх асуудлаа дотроо буглуулаад байлгүй, ил цагаан уудлаад, гаргачихдаг гэдэг. Тэгвэл эв эе гэдэг юм байх ёстой. Хэрүүл тэмцлийн тунг нь тааруулж байхгүй бол юу болдгийг дараалсан ялагдлууд харуулаад өглөө шүү дээ. Тэгэхээр одоо АН-ынхан атгасан гар шиг зүтгэх хэрэгтэй. Түүнчлэн хашир хүмүүсийн хэлээд байгаачлан зангараг дутах Л.Гантөмөрт намынхаа төлөө зүтгэж, хийгээд явах ажил бишгүй дээ л олдох байлгүй. Гол нь  нэр дэвшигчийнхээ сурталчилгааны үеэр рейтингээ учиргүй унагаж давхиад байгаа нь харамсалтай юм. Өнгөрсөн жилүүдэд Боловсролын салбарыг толгойлж байхдаа “мүүнчин” хэмээх нэг л таагүй хоч дагуулах болсон тэрбээр Өгөөдэй хааныг архичин байсан хэмээн ярьж, баахан хүнээр хараалгуулсан. Монгол төрийн боловсролын сайд байсан хүн намын дарга болохын тулд тэгж хэлж ярьж явна гэдэг дэндүү харамсалтай хэрэг л дээ. Эрх мэдэл чухал байж болох ч,  эх түүх, их хаадаа ингэж доромжилж байж,  иргэд дэмжигчдийн итгэлийг олно гэдэг элийрсэн эндүүрэл гэдгийг хэлэгсэд олон байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн