Хүний амьдралд аливаа зүйлийн төгсгөлийг мэдэхгүй хүлээх шиг гаслан ховор. Улс орон маань зах зээлд шилжсэн цагаас “мега” гэсэн тодотголтой “төслүүд” моодонд орсон. 

Тэр үед ард түмэн одоо л нэг жинхэнэ хараат бус болж бүтээн байгуулалтыг өөрийн гараар цогцлооно гэж баярлаж байв. Мега төслүүд анх бүтэлгүйтэхэд хүмүүс алдаагүй зүйл гэж юу байхав, дараагийн засаг төр гүйцэлдүүлэх байлгүй дээ гэж найдсан.

Харамсалтай нь 26 жил болоход Мянганы замыг эс тооцвол хүн шиг хийсэн ажил, томоохон бүтээн байгуулалт гэж бидэнд алга. Зарим нэг мега төслийн санаачилга гараад өдий хүртэл ганц ч тоосго өрөгдөөгүй байхад тэр үед төрсөн хүүхдүүд түрүүчээсээ докторын зэрэг хамгаалах насанд хүрчээ.

Оросууд морин өртөөтэй байсан Монголыг орчин үеийн дэд бүтэцтэй, аж үйлдвэрийн тогтолцоотой орон болгож өгсөн. Ямар их бүтээн байгуулалт хийж байсныг эндээс дэлгэрэнгүй харж болно. Харин ардчилсан Монгол бүтээхээсээ илүү сүйтгэж нураажээ. 26 жилд бидний хэрэлдсэн, зодолдсон, хөлөө хөнжилдөө жийлцсэн, гүтгэсэн, нэг нэгнээ шоронд хийсэн тухай бичвэл хэдэн боть ном болохоор байна.

Мега төслүүд бүтэлгүйтдэгийн нэгэн гол шалтгаан нь шийдвэр гаргагчдаасаа эхлээд гүйцэтгэгч хүртлээ хэтэрхий их сэтгэлийн хөөрөлд автдаг. Эрсдлийг бодитоор тооцож  чаддаггүй. Өөрийн таамгийг өнгөрсөн үеийн туршлага, одоогийн судалгаанд үндэслэн шалгадаггүй. Олон улсын зах зээлээс арилжааны зээл аваад зам барьдаг нь үүний нэг тод жишээ.

Өнөөдөр манай улсад нийгмийн сэтгэл зүйг тодорхойлох гол шинж тэмдгүүд нь хардалт, атаа жөтөө, хууран мэхлэлт, хийрхэл, үл итгэлцэл болжээ. “улс төр” гэдэг үг монгол хэлний үгийн сан дахь хамгийн сөрөг агуулгатай үг болов.

Энэ бүхэнд эцэс төгсгөл гэж байна уу? Сонгууль болгоноор ард түмэн сохор найдлага тээж саналаа өгдөг. Харамсалтай нь нөгөө л үйлдэлгүй хоосон яриа, үндэслэл судалгаагүй марзан шийдвэрүүд үргэлжилсээр ...

Эгийн голын УЦС
Энэ үг 1990-иэд онд намайг бага ангийн сурагч байхад радиогоор сонсож хамгийн их чихэнд хоногшсон үгсийн нэг байв. ЗХУ-ын Усны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд 1964-1970 онд судалгаа явуулж Монголд УЦС байгуулах 26 байршил байгаагаас хамгийн тохиромжтой нь Эгийн гол гэж тодорхойлсон билээ. Анх 1991 онд станц барих шийдвэр гарч, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ боловсруулж эхэлсэн юм. Үүнээс хойш 5,5 сая ам.доллар идэж уусан гэсэн хэрүүл тав, зургаан жил үргэлжилж 1997 онд төсөл зогсонги байдалд оржээ.

Дараагийн бүтэлгүйтэл 2007 онд Хятадын компани тендерт шалгарснаар эхэлж Ерөнхий сайд солигдож төслийг татаж авснаар дуусав.

Төслийн санаачлага гарснаас 22 жилийн дараа буюу 2013 оны 11 дүгээр сард “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгж байгуулагдсан. Гэвч ОХУ-аас НҮБ-ын холбогдох салбар байгууллагуудад хандан Эгийн голын УЦС Байгаль нуурийн экологийн тэнцвэрт муугаар нөлөөлнө гэж гомдол мэдүүлсэн нь өнөөг хүртэл төслийн ажлыг гацааж буй нэгэн тээг болж байна. Уг нь Б.Ельцинийг “халамцуу байх хооронд” аль хэдийнэ энэ төслийг эхлүүлэх боломж бидэнд байсан.

25 жилийн анхны ТЭЗҮ, өнөөгийн ТЭЗҮ хоёр 95 хувийн ялгаатай гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ. Шинэ ТЭЗҮ ёсоор далан болон барилгын ажлыг гурван жилд дуусган 2,5 дахь жилээс усан санг хоёр жилийн хугацаанд дүүргэж, 4,5 жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж тооцоолжээ.

Уг нь энэ станцийг барьчихвал төвийн бүсийн эрчим хүчний 35 хувь, улсын нийт эрчим хүчний 20 хувийг нүүрс шатаахгүй үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Тавдугаар цахилгаан станц
Энэ жил V цахилгаан станц барих санаачлага гарсны 15 жилийн ой болж байна. Анх 2001-2002 онд “Электроват-Эконо” гэдэг компани “Монголын эрчим хүчний салбарын мастер төлөвлөгөө”-г боловсруулж байжээ. Энэ төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалтын нэг хэсэг нь V ДЦС байв. Түүнээс хойш хэд хэдэн төлөвлөгөө, судалгаа хийгдэж, Засгийн газар нэг бус удаа тендер зарлажээ. Энэ хооронд дэлхийн зах зээлд төмөр болон бусад материалын үнэ өсөв.

Дараа нь 2011 онд Засгийн газар олон улсын тендер зарлаж 36 компани оролцсоноос дөрвөн компани шалгарч консорциум болсон. Үүнд Францын “GDF Suez”, Японы “Сожиц”, Солонгосын “Поско энержи”, Монголын “Ньюком” багтав. Шинэ ДЦС-г хотын баруун талд барина гэж байснаа больж хотын зүүн талд “Ургах наран” хороолол орчимд барихаар болсон билээ.

2013 онд нийслэлийн Засаг дарга станц барих зориулалтаар 43 га газрыг 15 жилийн хугацаатай Эрчим хүчний яаманд эзэмшүүлэх захирамж гаргалаа. Шинэ ТЭЗҮ ёсоор зардал нь 100 сая ам.доллараар нэмэгдэв.

Шинэ станцийн бүтээн байгуулалтын ажил эхлээгүй, бичиг цаасны ажил нь одоо хүртэл дуусаагүй байна. Төслийн хүрээнд Концессийн, Цахилгаан худалдан авах, худалдах, Дулаан худалдан авах, худалдах, Нүүрс нийлүүлэх, Ус ашиглах, Газар ашиглах гэсэн зургаан том гэрээг Засгийн газар, хөрөнгө оруулагч нар тохиролцох учиртай. Хамгийн сүүлд өнгөрөгч оны дөрөвдүгээр сард цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулааны шугам сүлжээ, ус хангах шугам хоолойны зургийн судалгаа хийгдээд байна гэсэн мэдээллийг холбогдох яамнаас өгсөн. Төмөр замын байгууламжийн судалгааг Засгийн газар хийх ёстой. Гэхдээ 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай заалт ороогүй байна.

Жилд 820 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож буй V цахилгаан станц жилдээ 2.5 сая тонн нүүрс хэрэглэж, одоогийнхоос даруй хоёр дахин илүү цахилгаан, дулаан үйлдвэрлэх тооцоолол байгаа аж. Технологийн хувьд хамгийн сүүлийн үеийн буюу одоогийн станцуудтай харьцуулахад тоосонцрын түвшин 1,000 дахин бага, 1 кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэхийн тулд одоо хэрэглэж байгаагаас 2 дахин бага нүүрс хэрэглэнэ гэж тооцов. Тавдугаар цахилгаан станцыг Концессын гэрээгээр 25 жил ашиглаад, улсад хүлээлгэж өгөх юм.  

 

Шинэ төмөр зам
Харьцангуй залуу ч баялаг паянтай төсөл. Анх 2010 онд монголчууд шинэ төмөр замтай болох цаг болсон гэж үзээд УИХ-аас Төрөөс баримтлах төмөр замын талаар баримтлах бодлогыг баталж, 9-хөн жилийн дотор 5600 км зам барина гэсэн амбийцлаг санаачилга гарсан. УБТЗ өөрийн дэд бүтцээ арайхийн ажиллуулж байгаа, Монголд дотоод зах зээл маш сул нөхцөлд ийм хэмжээний зам барина гэдэг бол галзуу хүний санаа гэж Оросын төмөр замын мэргэжилтэн Василий Иванович “УБТЗ Монгол-Оросын найрамдлын толь болох нь” гэж 2015 оны нийтлэлдээ бичжээ.

2011 онд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А.Батболдыг халж Б.Батзаяаг томилсон. Дараа жил нь нөгөөхөө буцаагаад халсан. Тэгснээ хэдхэн сарын дараа ахин томилсноо дахин ТУЗ-ын дарга болгож оронд нь М.Энхсайханыг томилов.

2011 оны 4 дүгээр сард “Шинэ төмөр зам” төсөл Дорноговь аймгаас эхэлж “Хар тойром” гэх газар шав тавих ёслол болов. Сарын дараа Баруун-Урт – Сайншандын 50 км төмөр замын ажил эхлэв.

Гэвч 2012 оны гуравдугаар сард Ц.Нямдорж, Х.Баттулга хоёрын дайн эхэллээ. Ц.Нямдорж нь Х.Баттулгаа “солонгос болон хятадуудтай нууц гэрээ хийсэн” гэж буруутгав. Удалгүй нууц гэрээ нь нэг биш нэлээд хэд, оролцсон этгээд нь зөвхөн Х.Баттулга биш яамны бүлэг хүмүүс болж таарав. Удалгүй засаг солигдож Х.Баттулга ҮХАА-н сайд болов.

Өргөн, нарийн царигийн тухай маргаан төсөл хэрэгжсэн цагаас эхэлж 2014 онд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн чиглэлийн төмөр замын асуудал яригдахад Төрийн ордонд улаан хэрүүл болов. Тавдугаар сард Засгийн газар Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төсөл өргөн барьчихаад УИХ-аар хэлэлцэж эхлээгүй байтал татаад авчихав. 10 дугаар сард Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аас баталж өргөн, нарийн гэсэн хосолмол царигтай төмөр зам барих болсноор “Шинэ төмөр зам” төсөл гацаанаас гарлаа гэж үзэв. Гэвч энэ нь эндүүрэл байв.  

2015 оноос улс орны эдийн засаг илэрхий муудаж эхлэв. Оны эхээр төрийн өндөрлөгүүд ээлж дараалан Япон явж хөрөнгө оруулалт хайв. Удалгүй Тавантолгой-Сайншандын зүүн чиглэлийн 1100 км зам дээр үндэсний 17 компани оролцож, 5.9 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг хийсэн ч Х.Баттулга, А.Гансүх нараас болж ажлынхаа төлбөрийн 50 хувийг таван жил авч чадаагүй гэсэн маргаан дэгдэв. Дээр нь Ухаа худаг-Гашуун сухайтын 267 км төмөр замын төлбөрийн маргаан нэмэгдэв. Эдгээр асуудал одоо болтол эцэслэн шийдэгдээгүй.

Мөнгөний асуудал үүсээд ирэнгүүт УИХ-ын дарга асан З.Энхболд цэргүүдээр төмөр зам бариулах тухай санаа сэдэж хэсэг яригдаад намжив. 2015 оны 10 дугаар сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Солонгосын “Самсунг С&Т” компанитай холбоотой хэрэг мандсан нь энэхүү төслийн нэгэн паянтай хэсэг нь байв.

Ийнхүү 5600 км төмөр зам барих Монголын амбийцтай төсөл эхний шатандаа нам гацав. Эцэст нь 2016 оны 10 дугаар сард гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” болон “Монголын төмөр зам” компани хоорондын гэрээг хүчингүй болгов.

Харин шинэ Засгийн газар төмөр замыг Таван толгой-Гашуун сухайт хэмээн уртасгаж барих шийдвэр гаргаад байна.

Үргэлжлэл бий ....

Г.Даваадорж  

Mongolian economy