АН-ын их хурал дотоод асуудлыг нь илчлэх үү
2017/02/10
Ардчилсан нам VII их хурлаа энэ сарын 12-нд буюу ирэх ням гарагт хийхээр товлосон бөгөөд Ардчилсан намын шинэ дүрмийн төслийг орон даяар хэлэлцүүлж байгаа.
Эдгээр асуудалтай холбоотойгоор АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын дүрмийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дарга Ш.Түвдэндорж нар өчигдөр мэдээлэл хийсэн.
Энэ удаагийн VII их хуралд сум бүрээс хоёр, хороо болгоноос таван гишүүн, нийт 2700 гаруй төлөөлөгч оролцож хоёр асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, шинэ намын даргыг батламжлах, хоёрдугаарт, АН-ын бодлогын хороо/хуучнаар ҮЗХ/-ны сонгууль, нийслэл, аймаг, дүүргийн намын хороодын дарга нарыг хэрхэн сонгох, намын хяналтын болон сонгуулийн байгууллагуудаа яаж байгуулах вэ гэдэг бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэх юм. Харин орон даяар хэлэлцэж буй намын дүрмийн шинэчлэлийг батлахгүй, ирэх тавдугаар сард зарлагдах хурлаар эцэслэхээр товложээ.
Түүнчлэн намын ЕНБ-ийн даргыг намын дарга санал оруулж, Үндэсний бодлогын хорооны олонхийн саналаар сонгодог дүрмийн төсөл явж байгаа түүгээр шийдэх гэнэ.
Энэ удаагийн их хурлаар генсекээ сонгох эсэх нь намын шинэ даргын бүрэн эрхийн асуудал хэмээн одоогийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч ярьж байлаа.
Харин “Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдал хүлээлээ гэхэд сонгуулийн дүнг бүгдээрээ намын их хурлаараа хэлэлцье. Аль аймаг тус сонгуульд идэвхитэй оролцов, аль нам нь хэдэн төгрөг хандивлав гээд. Хэн нь тааруухан байв гэдэг дүгнэлтийг хийнэ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог бол намаас хэдий нэр дэвшдэг ч сонгогдсоныхоо дараа намын хүн биш болдог. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдахад намын даргад хариуцлага тооцоход харьцангуй. Тэглээ гээд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тоохгүй хаяж болохгүй.
Ийм онцлог байгаа учраас нэр дэвшигчээ сонгуульд ялуулахын төлөө бүхий л талаар чармайж ажиллана. Гарсан үр дүнг шууд намын дарга хүлээх нь зохимжгүй. Харин намын дарга УИХ-ын сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагаа үүрнэ, нийслэл, аймаг дүүргийн дарга нь орон нутагтаа хариуцлагаа үүрэх нь зөв юм аа гэж үзэн, дүрмийн төслийг боловсруулсан” хэмээн Ш.Түвдэндорж ярьсан юм.
АН-ынханыг бүлэг, фракцигүйгээр төсөөлнө гэдэг хэцүү. Тиймдээ ч нам дотроо эвлэлдэн нэгдэх гэдгийг хорьж байгаа. Нэг нам болж, эвлэлдчихээд дотроо бас дахиад эвлэлдэх асуудлыг хорино. Гишүүн аль нэг төрийн бус байгууллага, хуулийн этгээдэд харьяалагддаг бол тэр төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн зүгээс намын дотоод хэрэгт оролцох гэсэн оролдлого хийх юм бол гишүүн тийм боломж олгохгүй байх үүрэг хүлээх заалт тусгаж өгч байгаа. Дээр нь сахилгын 20 орчим шийтгэл хүлээлгэхээр заасан хэмээн шинэ дүрмийнхээ талаар тайлбарлаж байлаа.
Гэвч хоёр хоногийн дараа болох их хуралдаа оролцох намын гишүүдийн хувьд эв түнжингээ олж, эвлэлдэн нэгдсэн гэхэд тун ч эргэлзээтэй байгаа тухай эх сурвалжууд хэлж байгаа. Учир нь дээр хэлээд байгаачлан энэ удаагийн хурлаар Үндсэн дүрмээ батлахгүй гэсэн нь гишүүдийнх нь эгдүүцлийг хүргэжээ.
Бүр цаашилбал, энэ удаагийн Их хурлаараа бүтэц зохион байгуулалтаа батлах сургаар фракцууд нь хоорондоо бус фракц дотроо өрсөлдөөд эхэлжээ. Хамгийн гол өрсөлдөөн ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө өрнөж байгаа аж. 2015 оны нэгдүгээр сараас хойш хоёр жил гаруй хугацаанд ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Л.Эрхэмбаяр ажлаа хүлээлгэж өгнө. Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоно гэдэг дараагийн УИХ-ын гишүүн л гэсэн үг. Сонгуулийн тогтолцоо байхаас үл хамаарч ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа хүн УИХ сонгогдох магадлал өндөр. Холимог тогтолцоогоор сонгууль явуулсан тохиолдолд албан тушаалынхаа эрэмбээр намын жагсаалтад дээгүүр бичигддэг. Мажоритар тогтолцоогоор сонгууль явагдсан ч намынхаа ажлын шугамаар өөрийнхөө сурталчилгааг хийх сонгогдох боломж их. Цаашлаад нам нь ялалт байгуулбал, давхар дээл нөмөрч Засгийн газрын гишүүн болдог жишгийг өмнөх сонгуулиудын үр дүн харуулсан. Ерөнхий нарийн бичгийн даргын суудал эзэндээ ийм их боломж хадгалдаг учраас АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөн ширүүсчээ. Бүр “Шонхор” фракц дотроо өрсөлдөөд эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй фракцигүй болно хэмээн ам уралдан ярих болсон энэ үед ч дотоод өрсөлдөөн нь бүр ч газар авч, нам дотор фракци, түүн дотроо ч хагарал үүсээд байгаа гэнэ. Тэр ч утгаараа генсекэд л гэхэд өөрсдийн хүнээ томилуулахаар зүтгүүлнэ гэх яриа АН-аас угшилтай улстөрчдийн дунд хөвөрч эхэлжээ. Тухайлбал намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Тувааныг, З.Энхболд Барилга хот байгуулалтын дэд сайд асан, өөрийнх нь зөвлөхасан Г.Байгалмааг зүтгүүлж байгаа сурагтай.
Мөн АН-ын удирдлагуудын дунд намын байрны асуудал ч томоохон “булууны яс” болчихоод байгаа аж. Энэ ч утгаараа намын их хурлыг Баянгол дүүрэгт, “UB palace”-т зохион байгуулна гэж С.Эрдэнэ шийдсэн гэх бөгөөд цаашдаа “Шонхор тауэр”-т ХЭГ байрлаж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Эдгээрээс үүдэн С.Эрдэнэ намын даргаар сонгогдмогцоо өөрийн эргэн тойрны гишүүдээ хүрээлэлдээ авч, “вант улс”-ын засаглал мэт болгох нь хэмээх хардлагыг төрүүлээд байгаа аж. Юутай ч АН-ын даргад өрсөлдөгч таван эрхэм саяхан олон нийтийн сүлжээгээр хамтдаа хооллож буй зургаа тараасан нь өнгөлөн далдлалт бөгөөд дотооддоо бол өрсөлдөөн нь улам ширүүснэ. Энэ нь ням гарагийн их хурлын гишүүдийн үйлдлээс илэрхий болно гэх жимийг зуржээ.