Манайд “Эх оронч үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн афоризм” дэлгэрээд их удаж байна. Монгол зохиогч нь Баабар. Уг нь Оросын Лев Толстойгоос иш татсан санаатай.

Тэрийг нь юу ч үл мэдэх, юу ч үл унших “усан тэнэг” монголчууд ихэд бахархан алхам тутамдаа иш татан дүвчигнэх бөлгөө. Энэ талаар өгүүлэх гэсэн юм…


Энэхүү “Patriotism is the last refuge of a scoundrel” гэсэн алдарт үгийг анх 1775 оны 4 дүгээр сарын 7-нд Английн доктор Самуэл Жонсон Утга Зохиолын клуб дээр хэлжээ. Үүнийг нь түүнийг намтрыг бичигч Жеймс Босуэлл 1791 онд бичиж нийтлүүлжээ.
Яагаад хэлсэн гэхээр тэр үед эх оронч үзэл халуун маргааны сэдэв болж байсан ба Жонсон бүх үед, бүх улс орнуудад үүнийг олон хүн хувийн ашиг сонирхолдоо ямагт ашиглаж ирснийг дурдан хүчтэй бөгөөд эрс өнгөөр илэрхийлсэн нь тэр юм.


Дараа нь алдарт Жонсон Англи хэлний толь хийхдээ “эх оронч” гэдэг үгийг: “өөрийн эх орноо хайрлахыг удирдлага болгох сэтгэл” гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ энэ нэр томъёог вигкийн сөрөг хүчин улс төрийн маргаандаа идэвхитэй ашигласан учраас дөрөв дэх удаагийн хэвлэлдээ (1774) Жонсон “түүнчлэн заримдаа сөрөг хүчин засгийн газар руу дайрахдаа ашигладаг” гэж нэмсэн байна.

 


Энэ алдарт афоризмыг хэлэхээсээ нэг жилийн өмнө буюу 1774 оны парламентын 5 дугаар сарын сонгуулийн өмнө Жонсон “Эх оронч. Их Британийн сонгогчдод хандсан уриалга” гэсэн эссе нийтлүүлсэн байна. Энэ эссе тэр үед засгийн эрхэнд байсан тори нарыг вига нарын ухуулгаас хамгаалах памфлет маягаар бичигдсэн аж.
Тэр үеийн улс төрийн тэмцэл нь Английг 1775-1783 оны Америкийн дайнд хүргэсэн сүрхий тэмцэл байсан учраас “эх оронч” болон “эх оронч бус” гэж хоёр биенээ буруутгах нь аргагүй байжээ.


Чухам энэ үед бичигдсэн Жонсоны эссе болон дээрх алдарт афоризм түүхэн энэ агуулгыг илэрхийлэхээс өөр аргагүй байсан байна. Жонсон тэр үед “хуурамч эх оронч үзлийг” илчилжээ.


Тэрээр: “Эх оронч үзэл заавал үймээн самуун байх албагүй, хүн эзэн хаанаа үзэн ядаж болно, гэхдээ эх орноо хайрлахгүй байж болохгүй” гэж бичиж байжээ.
Үүнээс хойш энэ афоризм дэлхийгээр нэг тархах нь тэр. Явж явж Орост ирж тэрийг нь Лев Толстой олж үзэх нь тэр. Тэр хэдийгээр суут сэтгэгч ч хаант засаг, социализм хоёрын хооронд толгой нь эргэсэн түүнд жинхэнэ эх оронч хуурамч эх оронч хоёрыг ялгах шаардлага мэдээж гарав. Тэгээд энэ афоризмыг ишилсэн хоёр ч тууж, өгүүлэл бичих нь тэр. Ингээд Орост дэлгэрэв.

 


Манай Монгол бол Толстой Молстой гэж нэг их ярьдаг боловч уншсан хүн хуруу дарам цөөн байдаг юм. Ингээд мэдэхгүй тууж явав. Мэддэг хэд нь “Анна Каренина”, “Дайн ба энх” ярьсан шиг. Цаашаагаа юу ч байхгүй улс чинь аргагүй ш дээ…


Тэгтэл Монголд ардчилал болов. Хулгай дээрэм, луйвар болж улайм цаймдаа гарав. Бас ч гэж улс үндэстэн юм хойно “эх орон болохоо байлаа” гэж ганц нэг хүн “элдэв юм” хэлэв.


Харин ардчиллын суут онолч Баабар өөдөөс нь “Эх оронч үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн” гэж хэлэв. Энэ нь Монголын хамгийн шилдэг афоризм болж түгэн дэлгэрэхээс гадна либерал сэхээтэн “хаягтнуудын” амны уншлага болов…
Монголчуудад адгийн амьтан болохгүйн тулд дуугүй байхаас өөр арга үлдсэнгүй. Ингээд энэ ертөнцийн хамгийн адгийн амьтад болон хувирав



2013 оны 1 дүгээр сарын 26.

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог   
ganaa.mn - ээс уншина уу?