МАХН-ын гишүүд Н.Энхбаярт намын даргынхаа албанаас татгалзахыг зөвлөв
2013/11/19
МАХН-ын гишүүд намын дарга Н.Энхбаярыгаа үдэхээр шийджээ. Шалтгаан нь тун энгийн. Нэгдүгээрт биеийн байдал нь тааруу байгаа. Үүнээс үүдээд намынхаа ажлыг цалгардуулж, МАХН толгойгүй мэт хоёр жил явсан гэх.
Цаашдаа ч энэ байдал хэр удаан үргэлжлэхийг тус намын гишүүд мэдэхгүй байгаа учраас Н.Энхбаярыг ийнхүү үдэхээр шийджээ. Үүнийгээ ч түүнд дуулгахаар ил захиа явуулсан байна. Захидалд “Монголын ард түмний өмнө том алдаа гаргасан гэж та бидний үзэж бусдад ойлгуулсаар ирсэн МАН-ын гишүүн С.Баяр, Ерөнхий сайд Сү.Батболд, У.Хүрэлсүх нар намын удирдлагаасаа татгалзаж чадсан байхад албан тушаал биш, ажил хийх нь миний зорилго хэмээн тунхагласаар ирсэн манай намын дарга эрхэм хүндэт Н.Энхбаяр таныг албан тушаалаасаа татгалзаж чадна гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй итгэж байна” гэв.
Ийнхүү хайрлаж, хүндэлж ирсэн намынхаа даргыг тэд өөрийн хүсэлтээр даргын суудлаа өгч, хийе, бүтээе гэсэн намынхаа залуучуудад боломж өгөхийг гуйсан байна. Өнгөрсөн өдрүүдэд МАХН дотор нэ-лээд асуудалтай байсан.
Асуудалтай байсан гэдгийг ч тус намын гишүүд ил захидалдаа нуусангүй. Тухайлбал тус намын удирдлагууд намын даргынх мэдээллийг гишүүддээ өөр байдлаар дамжуулан, өөрсдийнхөө санааг сэм хавчуулж байсныг Н.Энхбаярт дуулгасан байна. Мөн намын жирийн гишүүдийг хавчин гадуурхаж буйг “ховлож”.
Өнөөдөр МАХН-ын дарга харийн оронд эмчлүүлж байгаа. Тэрбээр эсийн алдагдал гэх өвчнөө эмчлүүлэхийн хажуугаар намынхаа ажлыг хийх бараг л боломжгүй. “Боломжтой” гээд хийхийг хүсэв ч намынх нь гишүүд түүнийг бодож байна гээд зөвшөөрөхгүй гэдгээ битүүхнээр хэлчихсэн бололтой. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр намын даргын ажлаа цааш үргэлжлүүлэн хашвал, МАХН-ын гишүүд намынхаа даргыг хэлмэгдүүлсэн үйлдэл болох юм байх. Энэ нь ч түүхэнд тэмдэглэгдэн үлдэх вий гэдгээс айж буйгаа тэд нуусангүй. Тэгэхээр тэдний үзэж буйгаар Н.Энхбаярын биеийн байдал сайжирсан ч улс төрийн тэмцэлд оролцоод эхэлбэл буцаад сэдрэх юм байх.
Удахгүй МАХН-ын Бага чуулган болно. Үүгээр болж бүтэхгүй зүйлээ хөндөн ярилцах нь ойлгомжтой ч үүнээс гадна намын даргын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд нь үзжээ. Тийм болохоор намын дарга Н.Энхбаярыгаа эр зориг гарган даргын албан тушаалаасаа татгалзаж, энэ асуудлыг намын Бага чуулганаар дамжуулан их хуралд оруулан шийдвэрлүүлэхийг хүссэн нь энэ.
Нэгэн цагт “Од болон гялалзаж”, төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байсан түүнийг намынх нь нөхөд ийнхүү албанаасаа буух болсныг нь санууллаа. Ямартай МАХН-ын дарга Н.Энхбаяр суудлаа тавьж өгөх үү, үгүй юу гэдгийг гагцхүү цаг хугацаа, түүний биеийн байдал харуулах буй за.
Ж.Баттуул
Зочин · 2013/11/24
МАН хүслээ бичсэн байх шив
Зочин · 2013/11/20
***** setgvvlcheer dvvrchdee