Иргэдийн төлөөлөгчид УИХ-аас дээгүүр эрх мэдэлтэй юү!!
2013/11/24
Улс оронд минь жигтэй сонин үйлдлүүд гарах болоод удаж байна. Сүүлдээ гайхах ч зүйлгүй боллоо. Хууль нь гууль болж, энд тэнд дарга сэтэр л зүүсэн бол хууль үйлчлэхээ болих жишиг рүүгээ орж байх шиг. Ерөнхий сайд нь хүртэл хууль надаа ямар хамаатай юм бэ гээд тунхаглачихсан болохоор тэр биз.
Монголчууд бид Чингис хаан аа гэнэт өвөг дээдсээ гэж мэдсэн аятай л аяглах боллоо. Дэлхийн зах зээл дээр ч энэ нэрийг худалдаж, Чингисийн нэрээр нэрлэж болох бүхнээ л нэрлэх боллоо. Бүр Сүхбаатарыгаа муу хүн байсан гэж хэлэх нь халаг юм болж л талбайг нь булааж, Чингисийн талбай гэх нэрийг өгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Эхэндээ хүмүүс эсэргүүцсэнч түүх ярьж, улс төрлүүгээ чирж, худлаа улс төржихөө боль хэмээж байсан. Тэгвэл Хэнтий аймгийг “Чингис хот” хэмээн зарлачихлаа. Аймагийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр ийнхүү нэрийг нь сольж. Гэтэл нөгөөх шийдвэрийг нь Ерөнхий сайд нь сайн ойлгохгүй юм гэх үгийг амнаасаа унагахаас цаашгүй. Ерөнхий сайдыг ойлгож ядаж байтал Хэнтий аймгийн буюу одоогоор Чингис хотын ИТХ-ынхан энэ сарын 18-ны өдөр Өндөр хаан хотын нэрийг өөрчилж Чингис хот болгох тогтоолыг гаргаад нэрийг нь өөрчилсөнөө зарлах ёслолоо ч зохион байгуулчихаад байна. Мөн шийдвэр гаргасан өдрийг “Чингис хотын баярын өдөр” болгон тэмдэглэхээр болжээ.
Түүнчлэн дээрх түүхэн шийдвэрийг гаргах үед мэндэлсэн Гомбын Батжаргалын төрүүлсэн 4,5 кг хүүг Чингис хотын ууган иргэн хэмээн зарласан байна. Үүнд нь УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Чингис хотын төвд шинээр ашиглалтад орсон хочр өрөө байр бэлэглэсэн байна. Мөн Хас, Хаан банкнаас ууган иргэндээ хадгаламж нээж өгчээ. Энэ мэт олон үйл явдал өрнөөд дуусч байхад Ерөнхий сайд нь ойлгохгүй л байна хэмээн тайлбар хийж суух нь өрөвдөлтэй. Хуулиа мэддэггүйн хар гай л биз. Гэхдээ Хэнтий аймгийнханы дээрх шийдвэр нь хууль бус гэдгийг туршлагатай хуульч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлжээ. Тэрээр хэлэхдээ “Сум, дүүрэг, аймаг шинээр байгуулах, татан буулгах, нэрийг нь өөрчлөх асуудлыг УИХ шийднэ. Өндөрхаан сумыг Чингис нэртэй болгох эсэх талаар төдийлөн төдийлөн сайн мэдээлэл аваагүй байна. Ямар ч байсан Засгийн газар энэ асуудлыг ярих байх” гэжээ.
Мэдээж нэгэнт дээрх нэрийг өгчихсөн болохоор УИХ-аас тухайн нэрийг зөвшөөрөхгүй байх шалтгаан байхгүй биз. Харин Хэнтий аймгийн Өндөрхааныг “Чингис” хот болгонгуутаа тэнд сурьшиж байсан нутгийн ууган иргэдийг үгүйсгэж байгаа нь хэр зөв юм бол гэдгийг бодох л асуудал. Түүнчлэн энэ маягаар Иргэдийн төлөөлөгчид УИХ-аас давж шийдвэр гаргаад байх нь хэр зохистой вэ. УИХ-аар шийдвэрлэх ёстой асуудлыг цаашид иргэдийн төлөөлөгчид дур мэдэн шийдвэрлээд байвал хуулийн утга учир алдагдах биз. Энэ янзаар том толгойтнууд гарч ирсээр байтал хууль баталж суухын ч хэрэггүй болох юм биш үү. Тиймээс Одооноос энэ хууль дүрмэндээ захирагддаггүй, дураараа авирлагчдын үйлдлийг зогсоох цаг нь болжээ. Холбогдох хүмүүс нь анхааралдаа авч, энэ асуудлыг даруйхан шийдвэрлэнэ биз ээ.
Н.Чинзориг