Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нар Н.Энхбаяраас урваж, МАХН-ыг МАН-тай нэгтгэх тохиролцоо хийсэн үү
2013/11/24
Н. Энхбаярын эзгүйд МАХН-ын цагаан ордонд “гал” гарлаа. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд МАХН УИХ-д 11 суудалтай, Н.Алтанхуягийн Засгийн газарт 4 суудалтай болоод байсан.
“Шударга ёс” эвслийн нэг жигүүр гэмтлээ. Тэр бол МАХН. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын намынхан яг одоо намынхаа цагаан байранд багтахгүй түнжин хагарч эхэллээ. Ёстой л Ц.Нямдорж Н.Алтанхуягт хандаж “Н.Алтанхуяг аа, МАХН-ынхан төд удалгүй чиний ард хутга шаана. Чи ямар хүмүүстэй хамтарч Засгийн газар байгуулснаа мэдэж байгаа биз” гэж хэлсэн нь саяхан. Монголын парламентын нэгэн гол дүр болсон энэ эрхэм Н.Алтанхуягт хатуу бөгөөд үнэнийг хэлсэн нь тэр. Үнэхээр ч экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАН-аас салан тусгаарлаж, МАХН-ыг байгуулсан нь үнэн. Ёстой л гудамжны улс төрийнхнийг энэ их саванд багтаасан нь ч үнэн. Тэр ч атугай Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарыг МАН-аас гарч МАХН-д элсэхэд нь ихээхэн нөлөөлсөн хүн бол Н.Энхбаяр. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн улс төр дэх Н.Энхбаярын фракцийнхан эрх ашгийн томоохон эгнээнд нэгдсэн нь энэ билээ. Экс Ерөнхийлөгч Монголын улс төрд МАХН гэдэг нэрийг дахин сэргээгээд зогсохгүй М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-тай хамтарч “Шударга ёс” эвслийг байгуулж эв нэгдлийн таван сум зангидсан нь МАН-ын эрх баригчийн сэнтийгээс унагах урьдчилсан алхам байлаа. Тэд санасандаа хүрсэн. Сонгуулиар МАН-ын саналыг хуваасан. Үүний улмаас МАН, АН-д ялагдаж, сөрөг хүчний суудалд шилжсэн. Энэ бол нэгэнт болоод өнгөрсөн явдал.
Харин одоо МАХН-ынхан ижлээ идэж, ханиа барна гэгч болж байна. Хэдийгээр МАН-аас шидсэн чулуу гэх боловч “Н.Энхбаяр энэ намыг хоёр жил толгойгүй байлгалаа. Тиймээс тэрбээр намын даргын ажлаа өгөх ёстой” гэсэн үгэнд МАХН-ын зарим нөхөд алга ташиж Н.Энхбаярын суудалд шунах болов. Тэд энэ ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд экс Ерөнхийлөгчтэй хамт МАХН-ыг анх байгуулж, гудамжинд жагсаж явсан нөхдийг гадуурхаж, бүр заримыг нь намаасаа хөөчихлөө. Улс төр судлаач Л.Эрдэнэтуул, өмгөөлөгч Б.Оюунбилэг тэргүүтэй 40 хүнийг Бага чуулганы гишүүнээс хасчихлаа. Өмөөрч байгаа ч юм биш.
Улс төр судлаач Л.Эрдэнэтуулын хувьд уудаг иддэг, улс төрийн нам дамждагаараа адлуулдаг ч Н.Энхбаярын үнэнч цэргүүдийн нэг явсан. Харин өмгөөлөгч Б.Оюунбилэгийг “Н.Энхбаярыг муу өмгөөлсөн” гэх шалтгаанаар МАХН-аас хөөсөн гэх юм. Дэндүү инээдтэй хэрэг биш гэж үү. Тэгвэл Н.Энхбаярыг өнгөрөгч оны наймдугаар сарын 2-нд СБД-ийн шүүх дээр дөрвөн жилийн хорих ял сонсоод байж байхад Д.Тэрбишдагва тэргүүтэй ноёд хаана байсан юм бэ. Тэр түүхийг эргэн санацгаая.
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй нөхөд Н.Алтанхуягаас албан тушаалын бялуу хүртээд зогсож байсан. Харин З.Баянсэлэнгэ, Б.Оюунбилэг, Л.Эрдэнэтуул нарын хэдэн партизан намын даргаа өмөөрч шүүхийн гадаа өдөржин наранд шарагдаж зогсоогүй билүү. Энэ түүхтэй хэн ч маргахгүй биз.
Өөр нэгэн сонирхолтой зүйл сонсогдох боллоо. МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдэмба нар “МАХН-ыг МАН-тай нэгтгэх тохиролцоог хийгээд эхэлчихсэн” гэсэн яриа улс төрийн хүрээнд газар авч байна. Г.Шийлэгдамбын хувьд өнгөрсөн долоо хоногт “МАХН-ыг МАН-тай нэгтгэх ямар ч боломжгүй” гэж мэдэгдэж байсан. Гэхдээ өглөө ярьсан нь орой өөрчлөгдөж байдаг улстөрчдийн иймэрхүү ярианд итгэх аргагүй юм. УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын дарга болоод удаагүй байна. Нэр хүнд нь унасан, сонгуульд ялагдсан, улс төр дэх сөрөг хүчний үүргээ хүч муутайхан биелүүлж байгаа энэ намын дарга болохдоо тэрбээр өөртөө тун итгэлтэй байсан. Түүний зоримог, шийдэмгий байдлын цаана юу нуугдана вэ. МАН дах хотын фракцийн лидер болох түүнийг намын дарга болсны дараа “Ардын нам Ардчилсан намтай хамтарч дараагийн Засгийн газрыг байгуулна” гэх таамгийг ажиглагчид дэвшүүлж байсан. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр Н.Алтанхуягийн Засгийн газар энэ шинэ жилээр, ирэх цагаан сараар хөдлөхгүй. АН, МАН-ын лидерүүд АН-ын дарга Н.Алтанхуягийн зүгээс “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгуулсан Засгийн газрыг огцруулахыг нэг их яарахгүй байна. Учир нь Н.Алтанхуягийг дэмжиж байгаа хүн нь Ц.Элбэгдорж. Мань хоёр эрхэм өнгөрсөн зун Буйр нуурын эрэг дээр энэ Засгийн газрыг тогтвортой ажиллуулах талаар ихээхэн том тохиролцоо хийсэн нь ойлгомжтой.
Н.Энхбаярыг МАХН-ын даргаас огцруулах сонирхол хэнд байна вэ. Яг үнэндээ түүнийг улс төрөөс бүрмөсөн зайлуулах бодлого АН-д ч, МАН-д ч, бүр МАХН-ынханд ч бий. Үнэн хэрэгтээ гудамжны улстөрчдөөс бүрдсэн МАХН гэдэг энэ намын золиос нь Н.Энхбаяр өөрөө. Хэрэв тэрбээр МАНН-ынхантайгаа эвтэй байж, улс төрд сөрөг нүүдэл хийгээгүй бол шоронд орохдоо ч тулахгүй байсан байж мэдэх. Нэг ёсондоо тэрбээр Монголын улс төрд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг байгуулснаар хожоогүй. Зүгээр л амиа золиослогчийн үүрэг хүлээсэн нь өнгөрсөн үйл явцуудаас тодорхой харагдана. Харин МАН-аас МАХН-д урваж очсон нөхөд хожсон. Д.Тэрбишдагвыг хар. Н.Алтанхуягийн Засгийн газрын Шадар сайд болтлоо дэвшлээ. Ч.Улааныг хар. Энэ Засгийн газрын Сангийн сайд боллоо. Н.Удвал, О.Чулуунбат нар ч бас хувиа хэдийнээ хүртсэн. Хамгийн сонирхолтой нь МАХН-ынханд Н.Энхбаярыг эзгүйчилж, ийм тоглолт хийх шаардлага байсан уу. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах операци улс төрд хэдийн эхэлчихсэн энэ үед тэдэнд МАН-тай нэгдэж эрх ашгийн ирмэгээс хувь хүртэх шалтгаан байж болох юм. Хамгийн сонирхолтой нь МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар улс төрийн тавцанд ихээхэн өс хонзонтой хүмүүс. Н.Энхбаярын фракцийнхан буюу “Элсний 13” фракци 2007 онд М.Энхболдыг тухайн үеийн МАХН-ын даргаас огцруулж байсан.
Харин 2009 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг ялагдахад М.Энхболд тэргүүтэй хотын фракцийнхан нам дотроо голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Н.Энхбаяр, М.Энхболд нарын хагарлын түүхийг товчхон дурдахад ийм байна. Гэхдээ одоо М.Энхболдод улс төрийн хамтран тоглогч хэрэгтэй. Мэдээж хэрэг, энэ хамтрагч нь АН-ынхан биш, МҮАН-ынхан бол бүр ч биш. Харин МАХН-ынхан байж болох юм. Улс төрд МАН, МАХН-ынхан эргэж нэгдвэл маш том цул хүч болно. УИХ дахь МАН-ын 26 суудлыг МАХН-ын суудалтай нийлүүлбэл АН-ын суудлаас давж гарна. Ийм том тоглолтыг, бас ийм том тохиролцоог МАН-ынхан МАХН-ынхантай хийж яагаад болохгүй гэж. Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нар Н.Энхбаярын эзгүйд ямар ч байсан Тусгаар тогтнолын ордны эзэдтэй нууц яриа өрнүүлж, Н.Энхбаярын үнэнч цэргүүдээс МАХН-ыг цэвэрлэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд эхэлчихлээ. Учир нь МАН-ын дарга М.Энхболдод Н.Энхбаяр гэдэг даргатай МАХН-ынхантай хүч хавсрах сонирхол байхгүй нь ойлгомжтой. Тиймээс Д.Тэрбишдагва тэргүүтэй нөхөд МАХН-ыг МАН-тай Н.Энхбаяргүйгээр нэгтгэх тохиролцоог хийж байж болох. Үйл явц цаашид хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.
Б.МЯГМАР