Ипотекийн зээлийн асуудлыг шийдэхэд нэг их наяд төгрөг шаардлагатай
2017/04/15
Өчигдрийн УИХ-ын нэгсэн чуулганы үеэр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын ипотекийн тухай мэдээлэл өгснийг хргэж байна.
Монголбанкнаас банкуудад 2016 оны 10 дугаар сараас хойш нийт 2502 зээлдэгчийн 169,5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн эх үүсвэр олгосон. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Монголбанкнаас банкинд олгосон боловч эргэн төлөгдөөгүй байгаа орон сууцны зээлийн үлдэгдэл нэг их наяд 92 тэрбум төгрөг байна. Монголбанкнаас банкуудад олгосон дээрх эх үүсвэрээс нэг их наяд 41 тэрбум төгрөгийн ипотекийн эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааг 2016-2017 онд таван удаа сунгалаа. Ингэснээр банкууд үнэт цаасжуулалтын үйл ажиллагаа дуустал хүүгийн зөрүүний алдагдал хүлээхгүй, Иргэд болон аж ахуйн нэгж дээр хүүгийн дарамт үүсэхгүй, эх үүсвэр эргэн татагдахгүй байх, иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгох үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдсэн ажээ.
Монголбанкнаас 2016 оны 10 дугаар сард баталсан "Орон сууцны ипотекийн санхүүжилтын журам”-д банкнаас иргэдэд олгох орон сууцны зээлийн хугацааг 20-30 жил болгон сунгасан. Ингэснээр иргэдийн орон сууцны зээлийн сарын төлбөрийн дарамт үлэмж буурч, хүртээмж сайжрах, улмаар барилгын салбарын борлуулалт өсөх ач холбогдолтой байсан. Тухайлбал, найман хувийн хүүтэй 70 сая төгрөгийн зээлийн хугацаа 20-30 жил болж уртсахад сарын төлбөрийн хэмжээ 585,5 мянган төгрөгөөс 513,6 мянган төгрөг болж 72 мянган төгрөгөөр буурч байна. Монголбанк "Орон сууцны ипотекийн санхүүжилтын журам” баталж, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, МИК ОССК, банкуудтай “Орон сууцны ипотекийн санхүүжилтын ерөнхий гэрээ"-г тус тус байгуулан, эдгээрийн хүрээнд орон сууцны зээлийн санхүүжилтын хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлж байгаагтэрбээр мөн дуулгасан.
Энэ жилийн хувьд нийслэлийн төсвөөс 56,3 тэрбум, Барилга, хот байгуулалтын сайдын багцаас 10 тэрбумыг дэд бүтэц, шугам сүлжээний ажлыг шийдвэрлэхээр тендер зарлах бэлтгэл ажил дуусч байна. Мөн ипотекийн зээлийн асуудлыг шийдэхэд нэг их наяд төгрөг шаардлагатай байгаа ч 2017 онд улсын төсвөөс энэ асуудалд 300 тэрбум төгрөгийг зориулахаар баталсан. Уг нь 600 тэрбум төгрөг батласан бол орон нутагт 200 тэрбум, нийслэлд 400 тэрбумыг зарцуулж, ипотекийн асуудлыг нааштай шийдэх боломж байлаа гэж хариулав.