УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өчигдөр нэгэн ноцтой мэдээлэл хийлээ. 2014 оны төсвийн тухай хууль алдаатай батлагдсан аж.

Тодруулбал, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар ирэх онд Монгол Улсын өр ДНБ-ний 40 хувиас хэтрэх ёсгүй. Гэвч өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүдэд тараасан 2014 оны Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгад ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байхаар тусгажээ. Энэ заалт тус хуулийн 21.3-т ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ 60 хувиас ихгүй байх гэсэн өгүүлбэрээр туссан байгаа юм. Гэтэл УИХ-аас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж, Засгийн газарт буцаачихсан.

Ирэх жилд Монгол Улсын өрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээ 40 хувиас хэтрэх ёсгүй ч 2014 оны төсвийн хуульд 60 хувьд хүргэх боломжтойгоор батлагдсан нь ийнхүү зөрчил үүсгээд "алдаа"-тай болсон гэх тодотголыг дагуулаад авлаа.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд: "ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн заалтыг мөрдүүлэх нь Ардын намын бүлгээс баримталсан гол байр суурь байсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад манай намын бүлгийн байр суурь баталгаажиж, Засгийн газрын санаачилсан хуулийн төслийг буцаасан. Гэтэл төсвийн эцсийн найруулга явагдах үеэр санаатай, санамсаргүй мэдэхгүй юм, өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байна гэж алх цохиулсан байна. Энэ бол маш ноцтой асуудал. Тамгын газар алдаа гаргав уу, эсвэл УИХ-ын удирдлагын зүгээс ийм зүйл хийв үү. Үүнийг тодруулах хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь УИХ-аар хэлэлцэгдээд унасан байхад яагаад 60 хувь гэсэн тоотойгоор эцсийн найруулгыг хийчихэв. Буруутай албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Хэрэв хууль засах ажлыг хэн нэгэн хүн хийсэн бол ямар хариуцлага хүлээдгийг бид бүгдээрээ мэднэ” хэмээн мэдэгдлээ.

Түүний мэдэгдлээс үзэхэд 2014 оны улсын  төсөвт хэн нэгэн "санаатай" эсхүл "санамсаргүй" засвар хийв үү гэдгийг олох эрэлд МАН-ын бүлгийнхэн мордох бололтой.

Ирэх оны төсвийн хууль хэрэгжиж эхлэхэд сар гаруй хугацаа үлдсэн байдаг. Гэтэл Засгийн газрын зүгээс төсвийн хуулийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчих үү, Эсхүл...? Монгол Улсын хувьд ирэх онд гадаад зах зээлээс 2.1 их наяд төгрөгтэй дүйх хөрөнгө босгож байж бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа эхлүүлэх шаардлага бий. Гэвч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ нь хориотой. Харин 2014 оны төсвийн тухай хуульд заасан дээрх заалтаар болмоор ч юм шиг.

Ийнхүү нэгэн хутгууш зуураад өгчээ. Ямартаа ч  УИХ-аас зөрчилтэй хууль батлагдсан нь булавч бултайж, даравч далтайн гэгчийн үлгэрээр ил гараад ирлээ. Одоо нэгэнтээ энэхүү төсвийн алдааг гаргаад ирсэн тул буруутай этгээд нь хариуцлага хүлээх ёстой болов уу. Хэн гэгч нь 2014 оны төсвийн хуульд засвар хийсэн бэ? гэдэг асуулт үлдлээ.

2007 онд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тухайн үед УИХ-ын дарга байсан. Энэ үедээ Авлигын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд засвар хийснээсээ болж албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсныг улсын төсөвт засвар хийсэн этгээд мартаагүй баймаарсан.

 

 

 

Х.Даваа