АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилогч долоон этгээдүүдээс мандат авах магадлалтай нь Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Лу.Болд гурав байгаа. Х.Баттулга масст нэр нөлөөтэй хэвээр боловч түүний рейтинг өсөх биш унах талдаа орсон.

Тэр тусмаа нам дотроо дэмжлэг авах найдлага бараг үгүй. Тийм ч тул нэр дэвшигч албан ёсоор тодрохоос өмнө мань эр лобби хийгээд завгүй яваа. Харин Н.Алтанхуягын хувьд нам дотроосоо гараад ирж магадгүй ч гарсан хойноо бол ялалт горьдоход хэцүү. Б.Жаргалсайхан өөр намаар занималдаж яваад дөнгөж ирүүтээ ерөнхийлөгчид өрсөлдөх эрх АН-аас авна гэдэг нь ч, авсан хойноо ялна гэдэг нь ч бүтэшгүй мөрөөдөл төдий зүйл. Харин аль аль талдаа том өрсөлдөөн үүсгэх боломжтой хүмүүсийн нэг нь Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав. Ерөнхийлөгчийн томилгоогоор ерөнхий прокурор хүртэл хийж явсан энэ эрхэм нэг талдаа Ц.Элбэгдоржийн талын хүн. Уг нь бол МоАХ-ынгишүүн байсан. Х.Баттулга гэх ноён гэнэт гарч ирэхээс өмнө МоАХ-т нэр нөлөөтэй этгээд байжээ. Тиймдээ ч МоАХ түүнд гоморхож хууль зүйн сайд хийж чадахгүй байна. Битгий хаяагаа хадраачээ гэсэн утгатай мэдэгдэх хуудас гаргаж үзсэн. Д.Дорлигжавд төрийн ажлын туршлага ч бий, хор хутгах чадвар ч бий.

Түүний гишгэсэн зам мөр энэ бүхнийг батална.Ардын их хурлын депутат, Бага хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, "Эрдэнэт” үйлдвэрийн захирал, Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд гэх мэт улс төрийн том албан тушаал хашсан хангалттай туршлагатай. Түүний эдгээр албан тушаалуудад ажиллаж ирсэн түүх улс төрийн хор найруулах, хэн нэгэн итгэл эвдэх гэх мэт үй олон явдлыг үзэж туулсан нь гарцаагүй үнэн юм. Нэг хэсэгтээ улс төрөөс зайгаа барьсан эрхэм эргэн ирэлт хийж 2009 онд улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилогдсон нь өнөө жилийн сонгуульд эртнээс бэлдсэн бэлтгэл байсных биз. Тэрээр хэдий улс төрд шинэ хүн биш ч гэсэн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх дээрээ тулбал АН-ын хувьд шинэ өнцөг гэсэн үг. Энэ утгаараа том ч хөдөлж, даацтай ч өрсөлдөөн гаргах боломжтой. Гэхдээ тэр ерөнхийлөгч болж чадаж гэмээ нь бие даасан бодлоготой төрийн тэргүүн болох уу гэсэн асуулт гарч ирнэ. Сөрөг намынх нь олон хүн түүнийг Д.Медведев ерөнхийлөгч нэртэй В.Путины засаглалын гар хөл болж байсантай адил Ц.Элбэгдоржийн гар хөл болно гэж үзэж байна. Ямартаа ч энэ эрхэм 2008 оны 7-р сарын 1-ныүйл явдалтай холбоотойгоор, тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр намын дарга нартай уулзсан уулзалт дээр С.Баяртай шөргөөцөлдөөд авсан байдаг. Тэрээр тэр үед С.Баярыг өөр газар байцаах болно гэж мэдэгдэж байсан нь сүүлд хурлын протоколоос ил болсон. Улс төрч хүний үйлдэл бүр нүднээ ил байдаг. Тэр үйлдэл бүрдээ хариуцлага хүлээж, тэр үйлдэл бүрээс нь ирээдүйн карьер нь шалтгаалдаг.

Амлалтаа биелүүлээгүй, хэлсэндээ хүрээгүй улс төрч хол явах газаргүй. Өнөөдөр авилагч, оффшор данстан, таван хүний амь насанд хариуцлага үүрэх ёстой этгээд гэгдэн нийгмийн зүгээс хамгийн их буруушаагдаж буй эрхэм болох С.Баярыг "өөр газар” гэгчдээ байцаах цаг нь ирсэн баймаар. Улсын ерөнхий прокурор байхдаа тэр байцаасангүй, Хууль зүйн сайд хийхдээ ч эргэн сөхсөнгүй. С.Баяр гэх хүн тэдгээр залуусын алтан аминд хариуцлага үүрэх ёстой бол Д.Дорлигжав байцаах үгнээсээ мултрах эрхгүй. Магадгүй тэр ерөнхийлөгчийн суудал дээрээс С.Баяртай байцаалт хийх гэж байгаа юм байж болно. Эсвэл өөрөө С.Баяр тэргүүтний найз болж ерөнхийлөгчид дэвших дэмжлэг авч явж ч болно. Угаасаа тэр Ц.Нямдоржтой "Увс фракц”-аар дамжуулан дотно найз. Нэгэнт Ц.Нямдоржтой найз тул С.Баяртай нөхөрлөх боломжгүй ч бас биш.

 

С.Амаржаргал