Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй болоод түүнийг хийхээр нэгэнт шийдэв бололтой. Ийм шинэчлэлтийг шаардсаар даруй арав гаруй жил иргэний нийгмийн тэмцэл хөдөлгөөн өрнүүлсэн хүний хувьд талархууштай хэрэг мөн боловч ухан бодвол бас л талархаж чадахгүй байна. 
Хийхээр завдан буй Үндсэн хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын өмнө тулгараад байгаа үндсэн өөрчлөлтийг шийдвэрлэж чадахгүй гэж санагдаж байна. Учир нь Үндсэн хуулийг шинэчлэн найруулах нөр их ажлаас залхаж хуулийн хүрээнд 34 хувьд нь нэмэлт өөрчлөлт хийнэ гэх боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг нэг нам дангаар үнэмлэхүй олонх болсон парламент шийдвэрлэх нь нийгмийн зөвшлийг хангаж чадахгүй  гэдэг нь хэнд ч тодорхой. Тэр бол нэг намын л хэрэг болно. Ийм эндэгдлээс зайлсхийж буй арга нь мөнхүү 34 хувь бололтой. 
 
Хоёрдугаарт, дээрх алдааг нөхөх нэг арга нь "Ард нийтийн санал асуулга" мөн. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай түүнийг хамтатгахаар яригдаж байна. Өмнөх парламентад энэ талаар идэвхтэй яриа хэлэлцээр хэд хэд өрнөсөн бөгөөд Ард нийтийн санал асуулга явуулахад асуудал тулгарсан билээ. Юуны өмнө хийх гэж гэж байгаа өөрчлөлт бүхнээ ард түмнээс асуух боломж хомс, 6 бүлэг 70 зүйл 199 заалтын 34 хувийн өөрчлөлт наад зах нь 70аад зүйл заалт өөрчлөлтийг нэг бүрчлэн ард түмнээс асуух техникийн боломж байхгүй бөгөөд ингэх нь ч утгагүй. Эсвэл "Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү?" гэх буюу эсвэл зөвхөн засаглалын хэлбэрийг ард олноороо шийдүүлье гэх мэт ерөнхий асуудлуудаар асуулга явуулъя гэвэл өнөөгийн бодат шаардлагыг хангаж чадахгүйд хүрэх юм. Учир нь ард олныг асуудлыг шийдэгчийн байр сууринд бус, хэлбэрийн төдий оролцогчийн байр сууринд тавих болчихоод байгаа юм. Ингэх нь мөнөөх л нийгмийн зөвшилцөл гэсэн үндсэн шаардлагаа хангаж чадахгүйд хүрнэ. 
 
Агуулгын хувьд гол өөрчлөлтийг засаглалын хэлбэрийг өөрчлөх хүрээнд хийхээр төлөвлөжээ. Засгийн газрыг илүү тогтвортой ажиллуулах, илүү эрх мэдэл өгөх чиглэлийг баримтлах юм байна. Энэ зөв. Хийх ёстой өөрчлөлт гарцаагүй мөн. Гэхдээ... Засгийн газар олон солигдож, төр тогтворгүй байсан нь суурь асуудал байсан уу, суурь буруу тавигдсанаас үүдсэн үр дагавар байсан уу гэдгийг нягталбал өөр дүр зураг харагдана. Парламент зүгээр нэг зугаагаа гаргах гээд Засгийн газрыг сольж байсангүй, тодорхой эрх ашгаа гүйцэлдүүлэх бүлэглэлүүдийн санаархал нь ЗГ-уудыг унагааж байсан юм. Тодорхой төслүүдийг явуулах, эсвэл гацаах, үүнээс үүдэн бүлэглэл эрх ашгаа хангах, Эрдэнэтийг хувьд авах, Оюутолгойд нэмж зээл авах, Тавантолгойг өрийн барьцаанд тавих эсэх гэх мэт асуудлууд л засгийн хувь заяаг нааш цааш хөдөлгөж байсан нь нууц биш юм. Харин одоо ЗГ-ыг илүү тогтвортой болгож, Парламентын засгийг хөндөх эрхийг хязгаарласнаараа тулгамдсан энэ бэрхшээлээс ангижирч бид чадах уу гэдэгт л асуудлын гол байна. Яг өнөөдрийн тухайд бол ийм "сайхан" өөрчлөлтийг далимдуулаад нэгэнт хүчирхэгжсэн бүлэглэл засгийн эрхэнд нэгэнт бөх бат сууж авах сайхан нөхцөл бүрдэж байна. 
 
Гэтэл нэгэнт хүчирхэгжин биежсэн энэхүү эдийн засаг-санхүүгийн хүчтэй бүлэглэлүүдийг хэрхэхийг Үндсэн хуулийн засаглалын хэлбэр шийдэж хараахан чадахгүй нь хэмээн санаа зовниж сууна. Бүлэглэлийн хоолойд углачихаад байгаа дүүжлүүрийн олс болсон гадаадад төлөх өрийг мөнөөх "тогтвортой засаглал" дураар шийдэх арга замыг шинэ Үндсэн хуулиар нэгэнт хангаж өгөх нь гэж хардаж сууна. Өнөөдрийн Монгол Улсын 22-23  тэрбум долларын өрийн ердөө 8 орчим нь л Засгийн газрын өр буюу бүх монголчуудад хамаатай өр бөгөөд үлдсэн өр нь хувийн компаниудын тавьсан өр билээ. Хэрэв бүлэглэл тодорхой эрхийг гартаа тодорхой хугацаанд бат тогтвортой олж авбал энэ өр хувь хүмүүсийн өр биш бидэнд хамаатай өр болж хувирна. Үгүйдээ л бидний амьдралыг дээрдүүлж чадах байсан ордууд тэдний өрийн төлбөрт явна гэсэн үг болно. Наад зах нь энэ бидний болгоомжлол. Хувийн компаниудын өрөнд баялаг томоохон ордуудыг зүгээр өгөөд нөгөө компани ч, улс ч дампуурах уу, эсвэл өөр зохицуулалт шаардлагатай юу? Миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бидний өмнө тулгарсан энэ томоохон асуудлыг компанийн эзэд, захирлуудтай нь хамт чуулганы танхимд дундаа тавьж байгаад хэлэлцэж ярья, гарах гарц хайя, шийдвэрлэе гэдэг саналыг тавьсан юм. 
Ийм компани манай аж ахуйн нэгжүүдийн гарын арван хуруунд багтах хэсэг нь болохоос бүхэлдээ ч бас биш. Бид том компаниуд эдийн засгаа чирч явдаг гэж ойлгосоор ирсэн бол өдгөө манай "томчууд" улсаа татаж унагаж байна. Энэ бол аюул. Эдэнтэй юу юугүй хариуцлага тооцож бүгдийг нь дампууруулах хувьсгалч сонголтыг эн тэргүүнд шүүрч авамгүй байгаа юм. Ийм байдлаас бидний хэн нь ч хожихгүй. Өнгөрсөн 30аад жилд "эхний мянгаа хулгайгаар олоод" томоохон хэмжээнд хүрч, одоо л нэг олон улсын тавцанд бусадтай яриа хэлэлцээр хийх чадавхи сууж байж мэдэх компаниуд, тэдний алдаж унаж, тэнцэж боссон, сургамж, наад зах нь боловсон хүчний нөөц, удирдлагын менежмент энэ бүхнийг хамт дампууруулах нь мөнөөх  шүүмжлээд байгаа 27 жилийн өмнө цоо шинэ нийгэм байгуулна гээд байгаа бүхнээ нураасан алдааг давтсантай ижил болно. 
 
Бид ихээхэн аз сорьсон, өндөр өртөгтэй том туршилтыг өнгөрсөн 27 жилд хийлээ. Ерөнхийдөө амжилт муутайхан болсон ч тэглээ гээд олсон өчүүхэн ч гэсэн амжилт байгаа бол түүнийгээ таягдан хаях хэрэггүй юм. Тиймээс энэ үзэл санааг минь том компаниудыг өмгөөлсөн мэтээр гуйвуулж дүйвүүлэх гэх хэрэггүй биз ээ. Бид аливааг дүйвүүлэхдээ гарамгай улс. 
 
Манай олонх иргэдийн там тумхан ойлголтод олигарх  гэдэг бол баян хүн, мөнгөтэй хүн гэсэн хялбарчилсан ухагдахуун баттай суусан. Баян хоосны хэтийдсэн ялгаа зааг нь нийгмийн томоохон анги давхаргыг бий болгож, бие биеэ үл ойлгох, үл ойшоох, бүр үзэн ядах, цаашилбал эдгээр ангиудын дунд тулгарал бий болоход ч бэлэн болсныг бас олж харж ихээхэн ухаалгаар, үзэл суртлын зэвсгийг зөвөөр ашиглаж "аврах ажиллагаа" явуулах шаардлагатай гэж харж байна. 
Энэ бүхэнтэй уялдуулан компани бүрийн тулгарсан асуудлыг нямбайлан авч хэлэлцэх шаардлагатай. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын удирдлагыг төвлөрүүлэн зангидах, түүхий эд нийлүүлэгч улс орныхоо засгийн газартай төрийн түвшинд урт хугацааны тогтвортой гэрээ хэлэлцээр хийх, зарим том төслүүдийг хамтран хэрэгжүүлэх замаар зарим асуудлыг төр өөр дээрээ татан авч шийдвэрлэх ч бололцоотой. Дотооддоо компаниудтайгаа хатуу чанд хуваарь бүхий гэрээ байгуулж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхийн хамт санхүү-мөнгөний хамтарсан удирдлагыг хэсэг хугацаанд хэрэгжүүлэх буюу ерөөс төрийн өмчит  хамтарсан компани болгон шинээр зохион байгуулж болно гэж боддог. Ийм байдлаар ойлголцол-хэлэлцээр-зөвшлийн замаар хүндрэлээс гарах боломж байх ёстой гэж харж байна. Гагцхүү хүндрэлээс гарах энэ бүх хугацаанд түүний удирдлагыг хэрэгжүүлэх баг тогтвортой, дотоодын элдвийн "дайн"-д татагдан орох, "эрсдэх" байдлаас ангид байж үүнийг хийх бололцоотой болно. 
 
Холион бантан, жонхуу болсон энэ байдлыг зөвхөн айдас хүйдсээр яаран даван туулахгүй. Үүнийгээ яаж ийгээд маш хурдан өөрсдөө л цэгцлээдхэе гэсэн айдас балмагдлаар биш, түүнд орооцолдсон, гардан хийлцсэн хүмүүсийн сандрал, сүйтгэлээр биш илүү ухаалгаар, залуу үедээ итгэж хамтран шийдвэрлэх ёстой юм. Залуу үедээ ачаа үүрүүлэх, тэдэнтэйгээ хамт шийдвэрлэх явцдаа тулгамдсан асуудлынг ойлгуулах, алдаа эндэгдэл, ололт амжилтыг олж харах, ийм хүндрэлээс хамтран гарч чадвал дараа үеийнхэндээ улс орны ирээдүйг даатгаж орхиход ч сэтгэл амар байх биш үү.  
 
Тиймээс энэ бүхнийг гүйцэлдүүүлэхийн тулд л Үндсэн хууль НИЙГМИЙН ЗӨВШИЛЦӨЛ байх учиртай юм. Нийгмээрээ зөвшөөгүй, зөвшилдсөн мэт дүр үзүүлсэн өөрчлөлт дотоодын байдлыг цэгцлэхгүй, харин ч улам үймрээнт байдал руу түлхэнэ. Тэгж дүр үзүүлж өөрсдийгөө хуурах шаардлага ч үгүй юм. Хэдий зовлонтой ч процессийг гүйцэлдүүлэх, оролцоог хангах нь хамгийн чухал. Энэ бол том ачаа. Үүнийг үүрэхээс залхах хэрэггүй ээ. Гагцхүү нийгмийн зөвшлийг хангаж чадсан тохиолдолд л дараагийн Үндсэн хууль ямраар ч батлагдсан хэсэг хугацаанд бат тогтвортой үйлчлэх бололцоог хангах суурь үндэс нь юм. 
Тэгвэл Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц  ямар байдалтай байж болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ удаадаа агуулгыг түр орхиод ямар арга замаар нийгмийн зөвшлийг хангаж болох талаар саналаа хуваалцая. 
 
Ийм санал байна. Их хурал тарах гэх мэт нийгмийн огцом хувиралгүйгээр 2020 оны сонгууль хүртэл бэлтгэл хийх хэрэгтэй. 2020 онд АИХ байгуулах сонгууль явуулъя. 
Харин АИХ-ын гишүүнийг сонгох сонгуульд улстөрийн нам, улстөрийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд, хувь хүн, хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй байг. Тэд хот хөдөөгийн хүн амын төлөөллийг харгалзан квот тогтоосон хэмжээгээр оршин суудаг сум, дүүрэг, хорооноосоо нэр дэвшиж өрсөлдөх болно. Хүн амын тоонд харгалзан нэг суманд, нэг хороонд хэдэн гишүүн оногдож байна, тэр мандатаар Үндсэн хууль батлах Их хурлын гишүүн сонгогдох юм. 1992 оны Үндсэн хуулийг 430 гаруй депутат баталсан. Өдгөө хүн амын өсөлтийг тэр үеийнхтэй харьцуулан  тооцоод багадаа 500- 600 гишүүний оролцоотой шинэ Үндсэн хуулийг баталъя. УБ хотын 180 орчим хорооны хороо тус бүр нэг гишүүн сонгож болно. 330 сум мөн төдий тоотой гишүүн сум тус бүрээсээ сонгох болно. Санал хураалт зөвхөн нэг хороо, сум гэсэн жижиг нэгжийн хүрээнд явагдах тул саналыг илээр, гараар тоолно. Жилийн хугацаанд Үндсэн хуулийг шинэчлэн батлахаар сум, хороо бүрээсээ томилогдсон эдгээр гишүүдээс бүрдсэн АИХ дотроосоо Түр засгийн газар байгуулан ирэх жилийн төсвийг баталж өгөөд үүнээс цааш зөвхөн шинэ Үндсэн Хуулийн хэлэлцүүлгийг хийх юм. 
Энэ Засгийн газар Шинэ Үндсэн хууль батлагдах хүртэл улс орны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулна. Энэ бол шилжилтийн үеийн ТҮР ЗАСГИЙН ГАЗАР байх бөгөөд Шинэ ҮХ батлагдах хүртэл тэд батлагдсан төсвийн хэмжээнд зохицуулалт, хуваарилалт хийхээс өөр том хөдөлгөөн хийхгүй. Тэр байтугай төрийн мэргэшсэн албан хаагчдыг халах солих эрхгүйгээр ажиллах ёстой. 
 
2020 онд АИХын сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай хуулиудыг боловсруулж батлах, улмаар АИХ-ын ажиллах дотоод зохион байгуулалт, нарийн дэг зэрэг шаардлагатай  хууль тогтоолуудыг 2020 он хүртэлх хугацаанд эмхэлж боловсруулсан байвал зохино. Энэхүү бэлтгэлийг хангасан байх байнгын ажлын хэсгийг одоо улстөрийн намууд зөвшилцөн зохион байгуулах хэрэгтэй байна. Тэрхүү ажлын хэсэг сонгууль зохион байгуулах дэг журам, эмх цэгцийг тогтоосон хууль, тогтоол, шийдвэрийн төслүүдийг бэлтгэн боловсруулж, 2020 оны сонгуулиас өмнө УИХ-д танилцуулан, хэлэлцүүлж батлуулах ажлыг хийх үүрэгтэй түр ажлын хэсэг байх болно. 
Түр ЗГ улс орны өдөр тутмын үйл ажиллагааг эмхлэн явуулж, шинээр бүрдсэн АИХ нэг жилийн дотор шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батална. Үндсэн хуулийн хүрээнд харьцангуй тогтвортой үйлчлах Улстөрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг энэхүү их хурал батална. Шинэ Улстөрийн намын тухай хууль батлагдмагц бүх намуудыг татан буулгаж шинээр бүртгэх ажлыг нэн даруй хийх шаардлагатай болно. 
 
Шинэ Үндсэн хуулийн дагуу, шинээр дахин хуваарилалтад орсон улстөрийн намууд шинэ сонгуулийн хуулиар төр засгийг шинээр эмхлэн зохион байгуулах шаардлагатай болно. 2021 оны сонгууль энэ зохион байгуулалтыг хийх сонгууль болог. Сонгуулиуд өмнө л болдог хугацаандаа болно. Дунд нь хийдэл, завсардал, үймээн бужигнаан байхгүй, тайван байдлаар системээ өөрчлөх ийм аргачлал, хувилбарыг санал болгож байна. 
Үндсэн хуулийн үндсэн асуудлуудаар өөрийн болон, намын нөхөдтэйгээ хамтран хэлэлцсэн саналуудаа цувралаар нийтлэх болно 
 
ТТЭНН-ын дарга Гантөмөрийн УЯНГА