М.Зоригт гишүүн  2015 оноос эхлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг цэгцэлж, импортыг нь зогсоох тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор талцсан хандлага нийгэмд үүсээд буй. Дэмжих хэсэг байхад, ард нь хэн нэгний бизнес, магадгүй өөрийнх нь ч бизнес явж байж болох юм гэсэн хардлагыг илэрхийлэх иргэд ч байгаа. Тиймээс эрхэм гишүүнтэй уулзаж, боловсруулан өргөн бариад байгаа тогтоолын төслийнх нь талаар ярилцсан юм.

 

Таны санаачлан боловсруулсан тогтоолын төслийг эсэргүүцэгчид гарч ирж байна. Үүнээс болж зарим нэгэн иргэд буруу талдаа жолооны хүрдтэй автомашинаа яах билээ гэсэн айдаст авдаж байна л даа.  Та боловсруулсан тогтоолын төслийнхөө талаар тодруулахгүй юу?

Бидний хэлж заншсанаар буруу талдаа жолооны хүрдтэй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан. Гэхдээ аль хэдийнэ оруулаад ирчихсэн болон 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө орж ирэх нийт буруу талдаа жолооны хүрдтэй автомашинууд МУ-ын нутаг дэвсгэр дээр хаана байхаасаа үл хамаарч хөдөлгөөнд оролцоно. Хуулийн төслөө боловсруулаад, Засгийн газарт өгчихсөн хариу хүлээж байна.

 

Энэ хооронд нийгмийн харилцааны орчин цагийн сүлжээ болох твиттер, фэйсбүүк ашиглан тандалт судалгаа байнга хийж байна. Тандалт судалгааны явцад олон зүйл тодорхой болж, энэ төрлийн автомашинтай холбоотой мэдээллүүд төвлөрч  байгаа. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг зогсоох өчнөөн боломжууд байдаг юм билээ. Ер нь бол олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх тусам зөв хуулиа, зөв цагт өргөн барьж байгаа юм байна гэх итгэл үнэмшил төрж байна. Олон нийт ойлгож эхэлж байна. Харин ганц нэгэн хүмүүс үг мушгиад яриад байх шиг.

 

Миний хувьд автомашинтай холбоотой хуулийн төслийг боловсруулж эхлэхтэй зэрэгцээд хотын гудамжаар явж байгаа автомашинуудыг ажиглаж эхэлсэн.  Бүр бүтцийг нь хүртэл хардаг болчихсон. Хажуугаараа өнгөрч байгаа машинуудын хэд нь буруу, хэд нь зөв  талдаа жолооны хүрдтэй байна вэ гэдгийг ажиглаж өөрөө ямар машин унаж яваа билээ гэдгээ ч бодож эхэлсэн. Манай улсад нэн ялангуяа нийслэлд хүнд даацын  жип машин их байдаг.

 

Үүнээс гадна бас нэг асуудал анхаарал татаж байна. Улаанбаатар хот дотор бензин, тос тослох материал өндөр зарцуулдаг, хүчтэй мотортой, том машинууд асар их байдаг. Хөдөө орон нутгийн бартаат замд саадгүй, аюулгүй явах ёстой машинуудыг ойлгож байна л даа. Тэр машинуудаар Улаанбаатар  хот дотор түгжрээнд ороод яваад байх нь зөв үү, буруу юу.  Өндөр хөгжилтэй орноос олон мянган доллар төлж оруулж ирсэн өндөр хэрэглээтэй тансаг машинуудыг хотын түгжрэлд унаж явна гэдэг дэндүү гамгүй, дэндүү үрэлгэн байгаагийн шинж. Улаанбаатар хотын замын хашлага болон боржуурыг жипнүүд л дайрч байна. Хол хөдөө, бартаат замд явдаг машин Улаанбаатар хотын замын хашлага эвдээд явах нь зохисгүй л дээ. Тэгэхээр тансаг хэрэглээний жип машины асуудлыг шийдэх ёстой юм байна гэж харж байгаа. Энэ тухай фэйсбүүкээр олон хүн санал сэтгэгдлээ үлдээж байна. Миний фэйсбүүк дээр буруу талдаа хүрдтэй автомашин анх хаана үүссэнийг нэгэн харилцагч маань бичсэн байгаа юм. Тэрээр “Буруу талдаа буюу баруун талдаа жолооны хүрдтэй машин 1970-аад онд анх Японд үүссэн. Японы элчин сайдын яаманд ажилладаг байсан хүн анх Газ 21 оруулж ирж, унаж байсан” хэмээн бичсэн байдаг. Энэ мэтээр хүн бүр л өөр өөрсдийн мэддэг мэдээллээ бие биетэйгээ хуваалцаж байна.

 

Монголчууд яагаад япон машиныг илүүд үзээд, дүрмэндээ харшилсан автомашиныг унаж, амь насандаа аюул учруулаад байна вэ гэхээр нэгт үнэ хямд, хоёрт чанартай. Тэгвэл үнэ хямд, чанартай хэрнээ зөв буюу зүүн талдаа жолооны хүрдтэй автомашинууд японд байна. Жишээлбэл, Япончууд Солонгосын зах зээлд зориулж зөв талдаа жолооны хүрдтэй, үнэ хямд, чанартай машинуудыг үйлдвэрлэж, нийлүүлдэг. Машины гол худалдааны төв болох Тяньжиний боомт дээр хүртэл зөв талдаа жолооны хүрдтэй үнэ хямд, чанартай олон машин байна. Тэгэхээр Монголчууд арилжаа наймаандаа сайн, овсгоотой юм чинь нэгэнт л дээрх хууль үйлчлээд эхлэх юм бол нөөц бололцоогоо ашиглаад хямд, чанартай зөв талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг олоод ирэх боломжтой. Тийм болохоор энэ хууль хэрэгжиж эхэллээ ч монголчууд ямар ч хохиролгүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаа.

 

Манайхан хэн нэг нь ямар нэгэн хууль, тогтоол санаачлахаар өөрийнхөө, эсвэл хэн нэгний бизнесийг дэмжих гэж байна. Эсвэл ард нь ямар нэгэн лобби байна хэмээн харддаг шүү дээ. Ийм хар ч яваад эхэлсэн байна билээ?

Энэ асуудлын ард М.Зоригт гэдэг хүний хувийн бизнес байна, лобби яваад байна гэх мэтээр янз бүрийн тайлбар, мэдээллүүд явж байгаа. Санаатайгаар өөр өнцгөөс нь хардаг ч байж болох. Гэхдээ тэр сөрөг мэдээллүүд нийгмийн нэг чухал өөрчлөлтийн хажууд юу ч биш.

Ер нь энэ хуулийг санаачилснаар над дээр хүн болгон хүрч ирээд, баяр хүргээд, барьж авч үнсээд л, дэмжээд байна гэж би тооцоолоогүй. Урьд нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хоёр ч удаа цэгцлэх гэж оролдож байсан юм билээ. Тэр үед нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан, сонгуулийн үе таарсан, дэмжигчдийнхээ тоог алдахгүйн тулд улс төрчид саналаасаа ухарч байсан байгаа юм. Та нар сайн санаж байгаа байх. Өнгөрсөн жил хотын дарга буруу талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг хотын хөдөлгөөнд оруулахыг нь зохицуулах гэж үзээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч нам жим болсон. Энэ бүхнийг би мэдээгүй биш, мэдэж байсан. Тогтоолын төслийг өргөн барьсны дараа ямар дайралт зохион байгуулалт хийгдэхийг төсөөлөлгүй яахав. Улс төрч гэхээр сонгуулиас сонгуулийн хооронд амьдрах биш. Нийгэмд болохгүй байгаа зүйлсийг олж харж л байгаа бол түүнийг зохицуулах ёстой. Өнөөдөр монгол улс дэг журамтэй, эмх цэгцтэй,  сайхан хөгжих ёстой. Өнөөдөр хүүхдүүд маань сайхан нийгэмд амьдраасай гэж хүсч байгаа бол зоригтойгоор жижиг сажиг гэхгүй бүх л асуудалд оролцоод шийдэж явах ёстой гэж бодож байна.

 

Та түрүүн тансаг хэрэглээний үрэлгэн зардалтай автомашинууд их байна гэлээ. Тэгвэл та үүнийг буруу талдаа жолооны хүрдтэй автомашинтай хамт цэгцлэх үү?

Тансаг зэрэглэлийн автомашины зохицуулалт энэ асуудалтай зэрэг тавигдах ёстой байж уу гэж дотроо бодож л байна. Яагаад гэвэл твиттер фэйсбүүк хуудас болон, гар утсанд маань хүртэл 1000 гаруй хүний мессеж ирчихсэн байна. Тэгэхээр энэ хоёр асуудлыг зэрэг тавиад явсан бол иргэд маань илүү ойлгох байсан юм болов уу гэсэн мэдрэмж төрж байна л даа. Гэхдээ юмыг хэзээ ч хийхгүй байснаас хожуу ч гэсэн эхлэх нь зөв гэсэн үг бий. Тэгэхээр би тансаг хэрэглээний жийпнүүдийг цэгцлэх талаар дахин тогтоолын төсөл боловсруулж өргөн барих хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Би өнөөдөр энэ чиглэлээр мэргэжлийн хүмүүстэй уулзаж үзлээ. Нийгмийн харилцааны сүлжээгээр сонгогч  олон түмэнтэй байнга харилцдаг. Тэндээс ард иргэдийн санаа бодол гараад ирдэг. Дийлэнх нь ямар санаа болдолтой байна гэдгээс хамаатуулаад зохицуулалт хийхийн төлөө ажиллах хэрэгтэй. Ямар нэгэн зохицуулалтыг хийхэд УИХ-ын гишүүний байгаа бололцоо нь хууль, тогтоолын төсөл  боловсруулж, өргөн барьж,  хэлэлцүүлэх юм л даа.

 

Та энэхүү санаачлагаа ямар тооцоо судалгаан дээр үндэслэн гаргасан бэ?

Энэ талаар манай зөвлөх, туслахууд хоёр сар гаруйн хугацаанд судалж, материал цуглуулж боловсруулсан. Замын цагдаагийн газар, Зам Тээврийн Яам болон мэргэжлийн олон хүнтэй уулзсан. Өнөөдөр замын хөдөлгөөнд оролцогчдын ослын бүртгэлийн мэдээлэлд осол гаргасан автомашин нь аль талдаа жолооны хүрдтэй байна вэ гэдэг нь тодорхой байдаггүй юм байна. Өөрөөр хэлбэл осол гаргасан тухайн машин нь баруун талдаа жолооны хүрдтэй байсан, эсвэл зүүн талдаа жолооны хүрдтэй байсан гэх нарийн судалгаа гардаггүй. Гэхдээ юу анзаарагдсан бэ гэхээр буруу талдаа жолооны хүрдтэй автомашины тоо өсөх тусам ослын хэмжээ нэмэгдээд явчихсан байгаа юм. Өнөөдөр монголд замын хөдөлгөөнд оролцож байгаа  нийт суудлын машины 66 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй. Үлдсэн хувь нь зүүн талдаа буюу зөв талдаа жолооны хүрдтэй автомашин байгаа юм.  Манай улсын хууль дүрэм, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио бүгд л зүүн  гар талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан байдаг. Монголд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины ихэнх нь баруун гар талдаа жолооны хүрдтэй гэдгийг зүйрлүүлж хэлбэл Монголчуудын дээлийн энгэр нь буруу харчихаад явж байна л гэсэн үг шүү дээ. Бүр тодруулбал Монголчуудын 66 хувь нь буруу харсан энгэртэй дээл өмсөөд гудмаар яваад байна гэсэн үг л дээ.

 

Монголын замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын дийлэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй юм чинь дүрмэндээ өөрчлөлт оруулсан дээр гэж үзвэл яах вэ?

Би энэ хуулийг өргөн барьсан. Засгийн газар саналаа хэлнэ. УИХ-ын бүтцийн байгууллагууд хэлэлцэнэ. Ажлын хэсгүүд байгуулагдана. Байнгын хороогоор хоёр гурав хэлэлцэнэ. Ингээд энд сууж байгаа76 хүн хамтраад шийдвэр гаргана. Хамтын шийдвэр гаргах явцад магадгүй нэгэнт л баруун талдаа жолооны хүрдтэй машин нь  66 хүрчихсэн, удахгүй 100 хувьд хүрэх гэж байгаа юм бол баруун талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан дүрэмтэй болчихоё гэсэн санал давамгайлахыг хэн байг гэх юм бэ. Би үүнд итгэхгүй байна. Гэхдээ энэ болзошгүй хувилбар.

 

Ерөнхий сайд таны санаачлаад, боловсруулаад өргөн бариад байгаа УИХ-ын тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн шүү дээ?

Ерөнхий сайд дангаараа шийдэх асуудал биш. Засгийн газрын танхимын хурлаар хэлэлцүүлнэ, судалж, шинжилж байж хуульд заасан 30 хоногийн хугацаанд хариу ирүүлэх ёстой.

 

Автомашины баруун, зүүн талын жолооны хүрдний зохицуулалт дэлхийн жишигт ямар байдаг юм бол оо? Энэ талаар та судалж үзэв үү?

Хуучин Английн нөлөөнд байсан улс орнууд болон далайн улс орнууд баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг зөвшөөрдөг. Тодруулбал бусад улс оронтойгоор хуурай замаар холбогдоогүй улс орнууд гэсэн үг.

 

 

Энэ Улаанаар тэмдэглэгдсэн нь буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан дүрмээр зохицуулагдсан улс орнууд.

 

Жолоодлогоос гадна гэрэлтүүлэг их чухал. Хүн бүр л мэдэж байгаа, орой үдшийн цагаар явж байхад өөдөөс ирж байгаа машины гэрэл нүд гялбуулаад байдаг. Өөдөөс нь ойрын гэрлээ асаахыг сануулж дохьдог. Тухайн машин гэрлээ сольсон боловч нүд гялбуулдаг. Тэр үед  миний урд байгаа зүйл харагдахаа больчихдог. Тэгэхээр буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрэл нь хүртэл өөдөөс ирж байгаа машин руугаа эгц тусдаг юм байна. Жишээлбэл, Английн иргэд эх газар руу, тухайлбал, Франц Герман руу ороод ирэхэд машиныхаа урд гэрэлд хөмсөг тавьж өгдөг гэж байгаа, тэгж байж өөдөөс ирж байгаа машины жолоочид саад учруулдаггүй юм байна.

 

Гэрэл чийдэн тохируулаад ондоо болгочихно гээд манай иргэд яриад байна. Тэгж болдоггүй юм байна.  Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар  үйлдвэрээсээ тохируулчихсан зүйлийг тохируулгыг нь өөрчилж болохгүй. Сольдог, эсвэл хөмсөг хийж өгөх ёстой гэнэ. Гэрлэн дохионы дээр нар борооноос хамгаалсан зүйл байдаг даа. Түүн шиг хөмсөг хийж өгөх ёстой.  

 

Нэг үгээр хэлбэл салхивч шиг зүйл тавьж өгнө гэсэн үг үү?

Тийм. Эсвэл бүр гэрлээ солих ёстой. Ганц гэрэл биш жолооны хүрд биш эргэлт дээр хазайлтыг нь аль тал уруу авах вэ гээд маш нарийн зүйл их бий. Машин эргэлтэн дээр өндөр хурдтай эргэхэд машины хазайлт гэж байдаг. Энэ мэттэй холбоотой автомашины техникийн асуудлууд ч зөндөө бий.

 

Швед улс замын хөдөлгөөндөө баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд орохыг зөвшөөрдөг байсан. Тэгсэн хөрш зэргэлдээ бүх орнууд нь зүүн талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан зохицуулалттай. Тэгээд улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа нягтарч, иргэдийн зорчих урсгал өсөөд ирэнгүүт эргэн тойронд байгаа бүх хөрш улс орон нь зүүн талдаа жолооны хүрдтэй автомашиныг зөвшөөрдөг байсан учир Швед өөрчлөлт оруулсан байдаг. Ингээд л замын бүтэц, зохион байгуулалт, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ гээд л олон зүйлд өөрчлөлт хийсэн юм билээ.

 

Монгол орны хувьд урьд  нь хятад, хойно нь Орос байна. Энэ хоёр улс зүүн талдаа жолооны хүрдтэй автомашиныг зөвшөөрдөг. Тэгэхээр хоёр хөрш маань бидний хэлж заншсанаар зөв талдаа жолооны хүрдтэй автомашины зохицуулалттай. Одоо монголоор дамжуулаад Ази тивийг холбосон ачаа тээврийн зангилаа бий болно. Төмөр замаар ч , автозамаар ч тэр.  Энэ мэт томоохон олон улсын зорилтууд тавьчихсан байдаг. Хугацаатай үүрэг хүлээсэн байдаг. Энэ бүхнийг харгалзаад үзэхэд дүрмээ өөрчилж боломгүй. Гэхдээ дийлэнх нь өөрчилье л гэвэл өөрчлөх л болно.

 

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашинуудын импортыг зогсооно гэж яригдсанаас хойш таксигаар  явж байхдаа жолооч нараас санаа бодлыг нь асууж л байлаа л даа. Тэгэхэд жолооч нар ер нь зогсоосон нь  зөв, орой үдшийн цагаар хөдөлгөөнд оролцоход гэрэл нь их төвөгтэй, бас машин гүйцэд түрүүлэхэд үнэхээр осолтой гэж байсан л даа?

Миний фэйсбүүк дээр нэг залуу коммент үлдээсэн байсан л даа. Монголын хамгийн өндөр гээд байсан нэг залуу ослоос болж өнгөрсөн юм байна ш дээ. Тэрээр “Монголын хамгийн өндөр хэмээгддэг энэ залуу буруу талдаа жолооны хүрдтэй машин барьж явах үедээ гүйцэж түрүүлэх гэж байгаад эсрэг урсгалтай машинаа мөргөн, улмаар нас барсан” гэж бичсэн байсан.   Асуудлын төв нь бий болсон учраас үүнтэй холбоотой мэдээллүүд төвлөрч эхэлж байна.

 

Иргэдийн дунд буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг зогсоохоор үнэ нь нэмэгдэх байх гэсэн айдас байна л даа?

Монгол Улсын иргэн болгон гаднаас очоод машин авчихаад байгаа юм биш. Цөөн тооны компани, иргэд л оруулж ирдэг. 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс импортыг нь зогсоох юм бол наана нь хоёроос гурван удаа нийлүүлэлт авах бололцоо байгаа. Энэ хугацаанд тэд чанартай, хямд, зөв талдаа жолооны хүрдтэй автомашиныг хаанаас, яаж  авах вэ гэдгийг судална. Дээр нь нэгэнт ороод ирчихсэн машинд хамаагүй гэхээр иргэд тайвширч байгаа юм. Тайван байна гэдэг зах зээлд цочрол өгөхгүй гэсэн үг.  Нөгөө талаас Засгийн газар, холбогдох яам, бодлогын газруудад нь хугацаа өгч байгаа юм. 2015 он хүртэл зах зээлийн үнэ ханш, хүмүүсийн амдралын чанарт өөрчлөлт орох уу? Хэрвээ орох бол та нар энэ хугацаанд зохион байгуулалтын арга хэмжээ ав. Монгол улсын иргэн машин авах гэж байгаа бол орон сууцны зээлтэй адилхан хөнгөлөлттэй зээлд хамруулах бодлого хэрэгжүүл. Тодорхой хугацаанд гаднаас орж ирж байгаа зөв талдаа жолооны хүрдтэй автомашинуудад татварын хөнгөлөлт үзүүлэх эсвэл эсвэл түр хугацаанд тэглэ.” ... Нэг талаас төр засагт, нөгөө талаас арилжаа наймаа хийдэг хүмүүст хугацаа өгч байгаа нь иргэдийг хохироохгүй гэснийх.

 

Сэлбэгийн асуудлыг нь хэрхэн шийдэх юм бол?

Миний өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөлд сэлбэгийн тухай нэг заалт байгаа. Хүн аавынхаа хайртай дээлийг насаараа, хэдэн үеэрээ хадгалаад эдэлж хэрэглээд явдаг шүү дээ. Үүнтэй адил машинаа гамтай эдэлж, 20-30 жилээр унадаг хүмүүс бас байна. Ганц нэг гэрэл чийдэн нь эвдэрлээ гэхэд дэлгүүрт гэрэл чийдэн нь байдаг бол яваад л байна. Энэ асуудлыг бодох л хэрэгтэй.

 

Сүүлийн үед Хятадаас ирж байгаа моторт хөлгүүд хөдөө орон нутагт элбэг болсон. Нэг жилээс хэтэрдэггүй энэ унаа залуучуудын амь насанд халтай. Жил болоод л эвдрээд, дахиад шинийг авдаг. Жилээс хэтрүүлэн унавал хэзээ нэгэн цагт хэн нэгний амийг авч оддог, муу ёрын унаа. Үүнтэй адил сэлбээд унаад байгаа машинууд нь хүний амь насанд халгүй байгаасай

 

Сэдвээсээ хальж өөр зүйл асуумаар байна л даа. УИХ-ын гишүүдийн имиж нэг л тийм бараан, сөрөг байдлаар бүрдчихээд, энэ нь иргэд, хууль тогтоогчдын дунд зааг үүсгээд байх шиг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

УИХ-ын гишүүдийг үнэтэй машин унадаг, баян учраас ард түмний амьдралыг мэддэггүй гэх шүүмжлэл байдаг. Бид зүгээр л МУ-ын нэгэн иргэн шүү дээ. Замын хөдөлгөөнд өдөр шөнөгүй оролцож байна. Байнга хөдөө орон нутгаар явдаг. Шаардлага гарвал таарсан айлдаа хононо. Иргэд дарга цэрэг гэж айж эмээлгүй үгээ хэлдэг болсон энэ үед 76 ямаа, 76 мангуу гэх мэт имиж бүрдчихээр их хурлын зүгээс хийгдэж байгаа юм болгон бараан  гэсэн ойлголт төрчихсөн. Тиймээс УИХ өөрийнхөө имиж бүрдүүлэлтэнд анхаарах ёстой гэж бодогдож байна.

 

Зөвхөн УИХ-ын гишүүд гэлтгүй, хүүхэд залуусын төлөвшил, тэдний мэргэжил сонголтонд анхаарах хэрэгтэй байна. Социалзимын үед сурлага муутай, зодоон нүдээн хийдэг хүүхдүүд 8 дугаар ангиасаа шууд ТМС уруу шилждэг байлаа. Гэтэл өнөөдөр Монгол Улсад нарийн мэргэжлийн хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байна. Тэд бол баялаг бүтээгчид. Зүгээр нэг диплом өвөртөлсөн менежер бүсгүй, хуульч залуугаас нарийн мэргэжилтэй, ур чадвартай хүмүүс нийгэмд хэрэгтэй байна. Ийм хүмүүс өнөөдөр өндөр цалин аваад сайхан амьдарч болж л байна. Нэг жишээ хэлье л дээ, Сүхбаатар аймагт жишиг хороолол бий болгохоор ажиллаж байна. Тэнд нэг гагнуурчин залуутай таарч, жаал хууч хөөрлөө. Тэр залуу мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн. Ур чадвар сайтай, өндөр зэрэглэлтэй учраас хамгийн нарийн зүйлүүдийг гагнадаг. Одоо сард 2.8 сая төгрөгийн цалин авдаг гэж байгаа. Тэгвэл өнөөдөр дээд боловсрол эзэмшсэн менежер залуу 2.8 сая төгрөгийн цалин авах уу, үгүй шүү дээ.

 

Миний бодлоор амьдралын шаардлагаар нарийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон тэдгээрт суралцагчдын тоо өсөх байх. Гэхдээ удаан байна. Хэрвээ улс оронд маань нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг төвүүд, сургалтууд олноороо гараад ирэх юм бол аав ээжүүд болон хүүхдүүд ирээдүйн амьдралаа төлөвлөхдөө хоосон дипломны хойноос хөөцөлдөх сонголт хийхгүй байх.

 

Үүнтэй адил манай парламентын гишүүд өөрдсийн нэр хүндээ өсгөх талаар анхаарах хэрэгтэй. УИХ-д ард түмний төлөөлөл болон сонгогдсон хүмүүс бүгд л улс орныхоо ирээдүйн төлөө санаа тавьдаг. УИХ-д, ер нь төрийн өндөр албан тушаалд дандаа л хулгай зэлгий хийдэг, авлигачид байдаггүй юм байна гэдгийг бид өөрсдөө үйлдлээрээ харуулж явах ёстой. Тэгэхгүй бол УИХ-ыг удахгүй ТМС-ын хувь заяа хүлээж байна. Тэгээд УИХ-аар хэлэлцэж баталсан хууль, тогтоомж, журам дүрэм нь хэнд ч хэрэггүй болж, Монгол Улс хуулийг уландаа гишгилсэн дэггүй нийгэмтэй болчих вий.

 

Дэггүй нийгэм уруу аль хэдийнэ хальтирчихаад байгаа юм биш үү?

Харин тийм. Бид өглөө босоод, гэрээс гарангуутаа шууд замын хөдөлгөөнд оролцдог. Замын хөдөлгөөний дүрэм чинь бас хууль. Улаан гэрлээр гарах уу, ногоон гэрлээр зам хөндлөн гарах уу гэдгээс л нийгмийн харилцаанд хэрхэн оролцдог нь харагддаг. Улаанаар гарч байгаа бол хууль дүрмийг мөрддөггүй. Хүлээгээд ногоон гэрлээр магадгүй зам хөндлөн гарах гэж байсан настай хүнийг хөтлөөд гарч байгаа бол үлгэр жишээ иргэн юм байна. Энэ хүн бусад хууль, дүрэм, журмуудад энэ байдлаар хандана гэсэн үг. Бид хүний амьдралд өдөр тутам тохиолддог хуулиудын үйлчлэлийг хэдий чинээ сайн, ойлгомжтой болгож чадна илүү иргэддээ тохитой болгож чадна, төдий чиниээ хүмүүс өөрөө ч анзааралгүйгээд хуулийн хүмүүжилд ороод ирдэг. Бид зүгээр нэг буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг ад шоо үзээд байгаадаа биш. Монгол улс чинь дэгтэй, цэгцтэй, ойлгомжтой, соёлтой харилцаатай, хариуцлагтай тогтолцоотой байх ёстой гэдгийг л харуулах гээд байна. Энэ бүх дэг журамтай, хариуцлагатай нийгмийн эхлэл нь л миний өргөн бариад байгаа УИХ-ын тогтоолын төсөл байгаа юм.

 

-Цаг зав гаргаж ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Ярилцсан: Н.Батаа