УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд байгаа билээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан бөгөөд түүний хувьд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог даргалж байсан юм.  Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах ажилд 6-7 яам оролцдог тул захирах, захирагдах ёсоо бодсон ч асуудлыг нийслэлд шилжүүлэх нь хүндрэлтэй бөгөөд агаарын бохирдол, усны бохирдлыг бууруулах ажил гүйцэтгэх засаглалтай холбогдох тул асуудлыг Ерөнхий сайдад шилжүүлэх нь зохистой хэмээн үзлээ. Агаарын бохирдлыг бууруулах хуулийн төсөлд нийт 239 сая төгрөг Ерөнхийлөгчийн багцаас Ерөнхий сайдын багцад шилжүүлэхээр тусгаж, утаагүй зуухаар хангах төслийг 2018 онд дуусах байсан ч Ерөнхийлөгч үүрэг болгосны дагуу 2014 онд дуусгахаар ажиллаж байна” хэмээсэнд Их хурлын эрхэм гишүүдийн зарим нь Ерөнхийлөгч өөрөө өөрийнхөө санаачилсан төслөө дийлэхээ болиод Ерөнхий сайдад шилжүүлжээ дээ хэмээн жиг жуг гэлцэж байгаа харагдсан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Цаашид агаарын бохирдлыг бууруулахын тулд төсөвт нэлээдгүй мөнгө суулгаж өгөх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд дандаа гадныхны мөнгөөр “Цэвэр агаар” санг санхүүжүүлж ирсэн” гэдгийг ч хэлээд авав. 

Өнгөрөгч жилүүдэд энэ төсөлд хэдэн төгрөг зарцуулж, хэрхэн ажилласан байдлыг дурдвал, 2011 оны улсын төсөвт нийслэлийн утааг бууруулах зорилгоор 34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төслүүдийг баталсан бол 2012 оны төсөвт 105  тэрбум төгрөгийн өртөг бүхий 15 төрлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ батлагджээ. Түүнчлэн цахилгааны үнийн урамшуулал олгох ажлыг хэрэгжүүлэхээр улсын төсвөөс 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд Нийслэлийн Халамж үйлчилгээний газартай хамтран түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсийн нэн ядуу 157 айл өрхөд боловсруулсан түлшийг үнэ төлбөргүй тараасан байна. “Цэвэр агаар сан”-гаас 400 автобусанд хийн түлшний тоног төхөөрөмж суурилуулж, угсрах ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байгаа юм. Эндээс үзвэл хичнээн тэрбум тэрбумаар төсөвлөж, зарцуулаад Улаанбаатарын утаа багассангүй, бүр ихсэж гамшгийн хэмжээнд хүрээд байгааг бид бүхэн харж байгаа. 

Харин Ерөнхий сайдын маань гаргаж харуулаагүй байгаа ч ирэх гурван жилд Монгол Улсыг галзуу хөгжүүлэх төлөвлөгөөний нэгээхэн хэсэгт Улаанбаатар хотын утааг үлдэн хөөх ажил одооноос тусгагдах бололтой. Тэрбээр “Гурван жилийн дотор утаа буурахгүй байвал надтай яриарай. Би хариуцна” хэмээн өчигдөр болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтан дээрээ амлав. УИХ-ын сонгууль болж аль нэг нам Засгийн эрхэнд гарч, тэрбум тэрбумаар нь төсөвлөөд ч арилгаж чадахгүй байгаа энэ утааг дөрвөн уулынхаа дунд сэнс залж, үлээлгэхээс өөр арга байхгүй бололтой. Тиймээс Ерөнхий сайддаа сэнс хандивлаж, хамтдаа утааг үлдэн хөөцгөөе. 

                                                                                                       


Б.МЯГМАР