Инээд хүргэж, элэг хөшөөмөөр улс төрийн эмгэнэлт жүжиг үргэлжилсээр л... Жүжиг дэглэгчид нь хүний нүднээс далд, харин жүжгийн гол баатрууд нь хөдөөгийн ядарсан хэдэн ард.

УИХ-ын гишүүний суудалд суухын төлөө хэдэн малчдыг урдаа барьж, турхирч буй Нямхүү, Мэндсайхан нарыг бодоод ичих ч шиг. Өчигдөр ТВ8 телевизээр шударга ёсны дуудлагаар ирсэн малчдын тухай мэдээ харлаа. Малчид маань ар амьдрал, хэдэн малаа орхиод ирсэн, хэцүү байна гэх үгийг амнаасаа унагаад авна лээ. Тэднийг энд улс төрийн зорилгоо гүйцээхийн төлөө байлгаад байх хэрэг байна уу үгүй юу?

 

 Өнгөрөгч хоногуудад Увс аймгийн Тариалан сумын хэсэг иргэд Улаанбаатарт ирж хэвлэлийн бага хурал хийлгэж байсныг та бүхэн сайн санаж буй биз. Тэд УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймагт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг иргэдэд мөнгө тараасан гэж буруутгасан. Хэвлэлийн хурлын үеэр хэн нэгний хатгалгаар биш, шударга иргэний үүргээ биелүүлэх гэж зүрх сэтгэлийн дуудлагаараа яваа гэдгээ хэлж байсан юм. Гэтэл шударга ёсны төлөө тэмцэгчид маань Монголдоо дээгүүрт бичигдэх тансаг зэрэглэлийн "Цэцэг" зочид буудлын тавдугаар давхарын дөрвөн өрөөнд ирсэнээсээ хойш байрлажээ. Уг зочид буудалд нь Японы жуулчид л голдуу буудалладаг, дотроо Хятад, Энэтхэг, Ази европ, Япон хоолны тансаг зэрэглэлийн дөрвөн ресторантай, бэлтэй, бэнчинтэй хүмүүс үйлчлүүлдэг газар гэж байгаа.

 

Ядарсан хэдэн малчид маань яасан бэлтэй, бэнчинтэй байна вэ? Анх эдгээр хүмүүсийг хэвлэлийн хурал хийх үеэс эхлэн учир мэдэх улс төрчид ард нь Нямхүү байгаа нь ойлгомжтой хэмээн өөр зуураа хүүрнэж байсан. Нээрээ л тэр хүн байжээ гэдгийг буудалласан газрыг нь сонсоод ойлгов. Үнэнхүү зүрхний дуудлагаар ирсэн бол эд ингэж зочид буудалд дөрвийн дөрвөн өрөө эзэгнэн байж чадах байсан болов уу?

 Нямхүүгийн ангийн анд Дашгомбо

 

Худал үг хол явдаггүй ээ гэж... Хэвлэлийн хурлын үеэр тэдгээр иргэд маань 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Нямхүү, Мэндсайхан нарыг танихгүй гэж байсан билээ. Тэгвэл тэднийг  Нямхүүгийн ангийн Дашгомбо хэсэг залуугийн хамт бие хамгаалагч нь л аятай өдөр бүр дагаж явдаг гэх. Түүнчлэн тэдний буудлын болон унаа хоолны төлбөрийг Нямхүүгийн төрсөн дүү Баяртайгийн нөхөр Г.Мөнхөө даадаг гэдгийг телевизээр баримттайгаар нь харлаа.

 

 Нямхүүгийн дүү Баяртайгийн нөхөр Мөнхөө 

 

"Шударга ёс" гэдэг үгийн үнэ цэнэ ингэтлээ алдагдаж байгаа нь харамсалтай. Иргэд өөрийн хүсэл зоригоороо биш, харин хэн нэгэн улс төрчийн хатгалгаар, хэн нэгэн улс төрчийн хаясан мөнгөний төлөө ирж байна гэдэг харамсалтай. Энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй ээ. Мөнгөөр "шударга ёс"-ыг худалдаж авдаг болж байгаа нь гутамшигтай санагдаад дуугүй сууж чадсангүй. АН-ынхан өнөөдөр шударга ёсыг хамгийн их ярьдаг. Гэтэл дээрх үйл явдал шударга ёс мөн үү гэж асуумаар санагдлаа. Хэдэн малчдыг ажил амьдралыг нь алдуулаад, хотод хэн нэг нь харгалзагч шиг дагаад, хэлэх үгийг нь заагаад явж байгаа нь шударга ёс уу. Ард түмнийг арай дэндүү басамжилж, доромжилсон хэрэг биш гэж үү. Ийм шударга ёсыг монголд цогцлоох гэж байгаа бол одоо боль гэж хэлэх байна. Ичих нүүрээ элгэндээ нааж, эрээ цээрээ алдсан увайгүй улс төрөө зогсоо!!!

 

Н.Чинзориг