Д.Золбаяр: Эмнэг хангал сургаж, уургалж, булигуулж ирсэн ард түмнийг дэлгэцэнд мөнхлөх учиртай
2017/06/20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зохиолч, найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 30-нд Монголд нээлтээ хийж, цаашлаад дэлхийн тайзнаа гарахад бэлэн болжээ. Монгол хүүхдийн тэсвэр тэвчээр, эр зориг, Монголчуудын дахин давтагдашгүй амьдралын онцлог, морин уралдааны өнөөгийн уламжлал, соёлыг харуулсан бүрэн хэмжээний энэхүү уран сайхны киног АНУ-д гаргах эрхийг Холливудын “Варнес брос” /Warner bros/ компани авсан бөгөөд “Бүх насныханд” ангилалтайгаар гадаадын үзэгчдэд хүрэх гэж байна.
Олон улсын түвшинд хүрсэн чадварлаг баг хамт олны хамтын хүч хөдөлмөрөөр бүтсэн “Чингисийн хүүхдүүд” киноны зохиолч, найруулагч, продюссерээр “Монгол фильм групп”-ын үүсгэн байгуулагч Доржийн Золбаяр ажилласан юм. Тэрбээр урын сандаа дэлгэцийн олон бүтээлтэй бөгөөд англи, франц, герман гээд долоон хэлээр орчуулагдан дэлхийн зах зээлд гарсан “Аравт” киноны найруулагч гэдгээрээ олонд нэр хүндээ бататгасан. Тийм ч учраас тун удахгүй нээлтээ хийх түүний дараагийн бүтээл “Чингисийн хүүхдүүд” кино олон олон үзэгчдэд хүлээлт үүсгээд буй. Ингээд зохиолч, найруулагч Д.Золбаярыг урьж, шинэ бүтээлийнх нь талаар ярилцсан юм.
-Юуны өмнө олон улсад гарах эрхтэй шинэ бүтээлээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Хэдхэн хоногийн өмнө “Чингисийн хүүхдүүд” кино Бүх Хятадын Оскар буюу “Алтан тахиа” наадамд оролцох урилга хүлээн авсан мэдээг дуулсан. Энэ сайхан мэдээгээр яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. БНХАУ-ын киноны дээд шагнал гардуулах “Алтан тахиа” наадам энэ жил есдүгээр сард Хөх хотод болно. Энэ наадамд гадны орноос хоёр кино зочноор уригдсан нь ОХУ-аас Сергей Бодровын “Монгол”, Монгол Улсаас “Чингисийн хүүхдүүд” кино оролцох боллоо. Гэхдээ энэ наадам БНХАУ-ын дотоодын кино наадам учир манай кино өрсөлдөх бус зочноор оролцох юм.
-Ирэх сард мөн Италийн кино наадам хүлээж байгаа. Одоогоор хэдэн наадамд уригдаад байна вэ?
-Кино маань дөнгөж үзэгчдэд хүрч эхэлж байгаа учир хичнээн фестиваль, наадамд оролцохыг хэлэхэд эрт байна. Амжилттай явж чадвал олон олон наадамд оролцоно гэдэгт итгэлтэй байна. Одоогоор бол Каннын кино наадамд өнгөрөгч тавдугаар сард амжилттай оролцоод ирлээ. Энд тэмдэглэн хэлэхэд "Чингисийн хүүхдүүд" киног олон улсын наадамд явуулах ажлыг "Culture Distributor" компани хариуцан ажиллаж байгаа.
-Зохиолч, найруулагчаас нь киноны гол санааг нэн тэргүүнд асуух ёстой болов уу? Энэ киногоор та юу өгүүлэхийг, ямар санаа үлдээхийг зорьсон бэ?
-Миний сонирхдог сэдэв бол монгол ахуй, зан заншил. 15, 16 жилийн өмнө өгсөн ярилцлагадаа ч Монгол кино энэ онцлогоор гарч ирнэ гэж хэлж байсан, үүнийгээ ч гол болгож ажиллаж ирсэн. Орчин үеийн кино хийж л байсан. Гэхдээ мэдэхгүй, хөдөө өссөн болоод ч тэр юм уу миний зүрх сэтгэлд Монгол ахуй, уламжлал том орон зайд оршдог.
Киноны уран бүтээлч, монгол хүнийхээ хувьд би морьтон монгол ард түмнийг кинондоо харуулахыг хүсдэг. Бид морин дэл дээр өссөн, морьтон монголчууд гэж бахархдаг ч одоо болтол хурдан морины уралдааныг хамгийн сүүлийн үеийн техник технологиор харуулсан кино хийж чадаагүй байсан. Үүнд би эмзэглэж явдаг байлаа. Монгол хүн моринд гарамгай гэдгийг харуулахыг хүссэн.Энэ бодлоос маань киноны гол санаа гарсан. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Цаашдаа их олон санаа бий. Жишээ нь, монголчууд 500 гаруй мянган агтыг Дэлхийн хоёрдугаар дайны үед бэлэглэж байсан гэдэг. Гэтэл түүхчид 500 мянган биш 1 сая морь бэлэглэж байсан гэсэн шинэ судалгаа гаргаж ирээд байна. Монгол морь Берлинд хүрч байсан түүхэн эх сурвалж ч бий. Эмнэг хангалыг сургаж, уургалж, булигуулж ирсэн ард түмэн байхад киноны уран бүтээлчид бид дэлгэцэнд харуулж, мөнхлөх ёстой бидний үүрэг гэж боддог юм.
-Гадаад хүмүүс монголчууд яагаад ийм жаахан хүүхдээр морь унуулдаг юм бэ гэж гайхдаг. Дэндүү эрсдэлтэй санагддаг байх л даа. Харин энэ яагаад гэсэн асуултад “Чингисийн хүүхдүүд” хамгийн сайхан, хамгийн үнэн, хамгийн энгийнээр хариулж чаджээ гэж санагдсан?
-АНУ-д “Варнер брос” кино компанид урьдчилсан үзлэг хийхэд америкчууд ч энэ асуултыг асууж байсан. Хурдан морины уралдааныг одоо цагт их шүүмжлэх болсон. Баячууд хүүхэд, мориор зугаа хийж байна гэх мэтээр. Үүнд би хувьдаа эмзэглэдэг л дээ. Гэхдээ энэ киногоороо баячууд бузар булай юм гэж, эсвэл хурдан морины уралдаан байх ёстой юм гэх зэргээр аль нэг талд орохыг хүсээгүй. Харин монгол хүн, монгол ёс заншлаараа хэзээнээс бага балчир хүүхдүүдээ хурдан морь унуулж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг алдахгүй юмсан, муугаар бодоход сайхан уламжлал тасрахад хүрвэл кино маань үлдээсэй гэсэн үүднээс энэ киног яаран хийсэн.
-Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцасны асуудлыг тусгасан байсан?
-Улсын болон аймгийн наадамд хүүхдүүдэд хамгаалалтын хувцас өмсгөж уралдуулдаг болсон. Үүнийг шүүмжлэх ч хүн ч бий, дэмжих нь ч бий. Гэхдээ би мөн л аль нэг талд ороогүй. Яагаад гэвэл манай ард түмний уламжлалд унаач хүүхдүүдэд өмсгөдөг хувцастай байсан. Энэ хувцас мартагдахад хүрэх гээд байна. Нөгөө талаар тэр жаахан хүүхдүүдийг адгуус дээр хамгаалалтын хувцасгүй гаргана гэдэг осолтой. Тиймээс энэ ч мөн ач холбогдолтой гэдгийг харуулахыг зорьсон. Тэгэхээр бид энэ киногоор ямар нэг асуудлыг шийдэх бус ийм соёлтой ард түмэн гэдгээрээ бахархах сэтгэл төрөөсэй гэсэн бодлоор л хийсэн.
-Киноны пост продакшныг АНУ-д хийлгэсэн нь их сенсааци болсон л доо. Холливудын том компанийн шалгуурыг хангаж, АНУ-д гаргах, тэр дундаа хамгийн өргөн цар хүрээтэй “Бүх насныханд” ангиллын эрх авахад юу нөлөөлөв? Энэ үйл явц хэрхэн өрнөв?
-Өнгөрсөн жил зураглаач, продюсер Д.Ангараг бид хоёр интернэтээр харьцаж, ийм кино хийх санаа байгаагаа би хэлсэн. Д.Ангараг энэ талаар цааш нь АНУ-ын “Варнер брос” кино компанид танилцуултал үнэхээр ийм утга агуулга, сэдвээрээ сайн кино хийж чадвал дэлхий даяар түгээх боломжтой гэж сайхан хүлээж авсан. Мэдээж тэр компани дистрибютер болж, манай киног хүлээн авах учир тодорхой санал тавьсан. Жишээ нь кинонд америк жүжигчин тоглуулах, пост продакшнаа Америкт хийлгэх гэх зэрэг. Би зохиолоо гаргачихсан байсан ч тэр жүжигчний дүрийг зохиолд огт нөлөөлөхгүйгээр нэмсэн. Үүнээс гадна америкчуудын тавьсан бас нэг гол санал нь гэгээлэг кино байлгахыг хүссэн нь миний бодож байсантай нийлж чадсан. Хэрэв киног үзвэл ямар нэг согтууруулах ундаа, мансууруулах бодис, хөрөнгө мөнгөний зовлон гачаал, нарийн ярьвал эсрэг дүр ч байхгүй. Тийм ч учраас бидний кино АНУ-ын зах зээлд General audience буюу “Бүх насныханд” гэсэн ангиллыг авч чадсан. Ингэснээр манай киног ямар ч насны, ямар ч улсын хүн үзэж болно. Бидний хувьд бахархах зүйл нь аль ч улсад киногоо гаргасан Монгол гэж ийм улс, ийм хүмүүс байдаг юм шүү гэдгийг энэ кино бүрэн дүүрэн харуулж чадна.
-Үнэхээр ч “Чингисийн хүүхдүүд” кино Монгол Улсыг дэлхийд сурталчлах болсон нь маш их ач холбогдолтой шүү
-Кино маань амжилттай явж, дэлхийд нээлтээ хийсний дараа Монгол Улсыг, Монгол ёс заншил, амьдрал ахуй, уламжлалыг олон сая үзэгчдэд харуулж, сурталчилна гэж найдаж байна.
ЗАХЫН МОНГОЛ АЙЛД АВЬЯАСТАЙ ХҮҮХДҮҮД,
УНАГАН БАЙГАЛЬ, МАЛ АХУЙ БҮГД БИЙ
-Киноны гол дүрд нэг айлын гурван хүүхэд тоглосон нь их "амьд” сэтгэгдэл төрүүлж байсан. Ер нь кино бүхэлдээ их энгийн ойлгомжтой, үнэн жүжиглэлттэй болсон нь харагдсан л даа. Дүр сонголтыг хэрхэн хийсэн бэ?
-Жүжигчдээ сонгох гэж их явсан. Зарим хүн жүжигчнээ сонгочихоод зохиолоо бичдэг. Харин би зохиолын санаагаа гаргачихаад жүжигчдээ хайсан. Найруулагч Д.Бямбасүрэн “Ингэн нулимс” киногоо хийчихээд говийн гурван аймгаар олон сар хайж байж Амгаабазар гэх хот айлыг олж байсан. Би бас тэгэх л байх гэж бодож байлаа. Гэтэл яг үнэндээ надад аз таарсан. Миний хоёр шавь дипломаа авчихаад аав, ээждээ очихоор нутгаа зорихдоо намайг хамт явахыг хүссэн юм. Хоёулаа багадаа морь унадаг байсан, Архангайн хүүхдүүд. Тэгэхээр нь жүжигчнээ ч хайя, таарч юуны магад, кино зураг авалтаа хийх нутаг ус ч үзье гээд Архангай аймгийн Цэнхэр сум явсан. Тэр хоёр надад “Манай нутгийн Дамбий гээд хоёр хүүтэй айл бий, тэд л их хөөрхөн таарна даа” гэж байсан юм. Сумын төвөөс 40 орчим км зайтай тэр айл руу бартаа ихтэй замаар явахдаа хэд хэдэн ч хүүхэд, айлтай таарсан. Юмыг яаж мэдэх вэ гээд зургийг нь аваад л яваад байлаа. Явсаар байгаад нөгөө айлдаа очтол ерөөсөө яг л миний хайж байсан яв цав нийлсэн. Очсон даруйдаа хараад л шууд “За миний кинонд тоглох хүүхдүүд энд байна” гээд шууд шийдсэн. Гэтэл тэр айл хоёр биш гурван хүүтэй болж таарч, бүр их олзуурхсан. Бага нь аавтайгаа биднийг очиход эзгүй байсан юм. Хоёр ахыг нь сүртэй ч проб хийлгүй, ганц нэг яриулж үзсэн. Тэр айл ч сайхан хээр морь уяж байсан, ойр орчмын нутаг нь сайхан байгальтай гээд нэг ёсондоо тэнгэрийн ивээл гэмээр азтай тохиол болсон л доо. Энэ тухай бид америкчуудад ч ярьсан. Угаасаа Монголын захын айлд ороход авьяастай хүүхдүүд, байгаль, мал ахуй бүгд байдаг. Тэгэхээр хурдан мориноос гадна өөр ямар ч кино хийхэд бэлэн натур Монголд байгааг хэлсэн.
-Эгэл малчин айлын хүүхдүүд гэхэд их хөөрхөн тоглосон байсан шүү?
-Хүнд байгаа нөөц бололцоог нь зөв ашиглавал болохгүй зүйл байхгүй. Жүжиглүүлэх гээд л орилоод л зандраал загнаад л, эсвэл ойлгохын аргагүй мэргэжлийн юм яриад байсан бол тэр хүүхдүүдийн толгой эргэчихнэ. Тэгэхээр эвийг нь олж тоглуулах л шаардлага гарсан.
-Мэргэжлийн жүжигчдийн сонголт ч оновчтой болсон санагдсан. Жүжигчин Р.Анхням кинонд ээжийн дүр бүтээхдээ жинхнээсээ хөл хүнд байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Бид цөөхөн хүн амтай, цөөхөн жүжигчинтэй учир мэргэжлийн жүжигчдийг сонгоход их юм болдог л доо. Миний хувьд аль болох хэтэрхий олон кинонд тоглосон биш, харин ч эсрэгээрээ олон нийтэд нэг их танигдаагүй шинэ жүжигчдийг гаргаж ирэхийг зорьдог. Жишээ нь энэ кинонд Болдын дүр бүтээсэн найруулагч Ц.Батнайрамдал жүжигчний анги төгссөн ч кинонд барагтаа тоглоогүй 20 жил болсон. Тиймээс би зориуд сонгосон, хүмүүст ч хүрсэн. Аавын дүрийг бүтээсэн Б.Батмэнд ч хөдөө өссөндөө ч тэр үү дүрдээ сайхан тохирсон. Сундуй даргад тоглосон хүн бол Дорноговийн театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж. Түүний эхнэрт толгосон ахмад жүжигчин н.Чойжилсүрэн эгч миний “Ээждээ л үнсүүлэхсэн” кинонд тоглож байсан. Жүжигчин Р.Анхням угаасаа чадалтай жүжигчин учраас амар байсан. Би зохиолоо бичиж байхдаа ээж нь гурван хүүтэй дархан бэр, дахиад жирэмсэн, тэр нь охин төрвөл их гоё гэгээн болно гэж бодож байсан. Энэ дүрд тоглосон жүжигчинд хиймэл гэдэс зүүж өгнө гэж бодож байтал Р.Анхнямыг жирэмсэн гэсэн сураг сонсоод санал тавьсан. Юу юугүй төрөх дөхчихсөн, Золоо ахаа хэцүү дээ гэж байхад нь гуйж байгаад тоглуулсан. Кино зураг авалтын үеэр бид ч төрчихвий гэж их сандарсан. Гэхдээ амжилттай,сайхан болж өнгөрсөн.
-Америк жүжигчинтэй ажиллах хэр байв?
-Гол нь тэр хүний тав тухыг хангах нь бидэнд чухал асуудал байсан. Харин ч алс холоос ирсэн жүжигчин бүсгүй Бритни маань их борогшуу, хээгүй хүн байсан. Түүнээс гадна дууны найруулагч маань мөн Эль-Салвадороос гаралтай хүн байсан.
-Таны дээр хэлсэнчлэн энэ кино нээрээ эсрэг дүргүй байсан. Болд гуайн дүр өрнөл хэсэгтээ эсрэг мэт байсан ч төгсгөлдөө жинхэнэ монгол эр хүний уужуу ухааныг гаргаж байгаа нь их гэгээн бас өвөрцөм шийдэл болсон санагдсан?
-Хятадын Жан Э Моу гээд алдартай найруулагчийн кинонд эсрэг дүр байдаггүй. Сүүлийн үед ийм кино олон ч гарч ирж байна. Кинонд эсрэг тэсрэг хоёр дүр байгаад, зөрчлийн дунд нь үйл явдал өрнөдөг онол байдаг. Гэтэл ийм эсрэг дүргүй мөртлөө үзэгчдийг уйдаахгүй кино орчин үед гарч ирж байна. Ийм кино хийх юмсан гэж боддог байсан юм. Уяач Болдын дүрийг эсрэг мэт харагдуулах үг хэллэг, үйлдлийг дунд хэсэгтээ оруулж байгаад төгсгөлд нь эргэлт хийж, сайхан сэтгэлтэй, Монгол эр хүн байсан юмаа гэдгийг харуулахыг зорьсон доо.
НАДАД ҮНЭХЭЭР САЙХАН ЗОХИОЛ БИЧЭЭД ӨГ, БИ КИНО ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА
-Киног үзэхэд тэр нь жаахан тиймхэн болж дээ гэхийн аргагүй жигд байсан нь маш сайн баг бүрдэж, нэгдэн нягтарч ажиллаж чадсаныг харуулж байсан. Киноны баг хамт олноо танилцуулаач? Энэ баг хэрхэн бүрдэв?
-Киноны баг бүрдүүлнэ гэдэг чухал ажил. Кино хийхийн тулд тал талаас цуглаж, баг болон ажиллаад эргээд тардаг. Ямар кино хийх гэж байгаа зорилгоосоо шалтгаалж зураглаач, зураач, жүжигчин гээд бүгдийг нь сонгож баг бүрддэг. Нэг үгээр хэлэхэд байгалийн шалгуур юм. Би хамтарч ажилласан багийнхаа залуусыг сургаж, дараа дараачийн бүтээлдээ улам туршлагажиж өсч дэвжээсэй гэж хүсдэг. Энэ киноны тухайд ирээдүйтэй залуус цугларч гар нийлж ажиллалаа. Зураглаачаар Д.Ангараг, продюссерээр Д.Ангараг, дуучин Ж.Алтанцэцэг, миний бие, зураачаар ахмад туршлагатай Т.Гоош ах ажилласан.
-Энэ киног найруулагч О.Батзориг “Хэтрүүлэг, чамирхалгүй, суун босгон өндөлзүүлсэн уран яруу "Монгол найруулга, зохиол" гэж дүгнэсэн байсан. Үнэхээр үзсэн хүний хувьд ч үүнтэй санал нийлж байна. Киног найруулахдаа та ямар барилыг ашиглаж, гол болгосон бэ?
-Би энэ киног хийхдээ аль болох жүжигчдээ барихгүй чөлөөтэй байлгах гэж хичээсэн. Манай зарим кино хэт жүжиглэлттэй, драмын жүжиг шиг байдаг. Жүжиг кино хоёр бол өөр. Жүжигт урд талын эгнээнээс эхлээд хамгийн арын эгнээний хүнд ч сонсогдохуйц тод, чанга ярих нь чухал байдаг бол кинонд өчүүхэн жижиг хөдөлгөөнөөр их олон зүйлийг илэрхийлж ойлгуулж болдог. Тийм болохоор киногоо мэдэрч, киноны өөрийнх нь хийц хэлбэр боломжуудыг зөв ашиглах ёстой л доо.
Үүнээс гадна сайн кино бүтээхэд хамгийн гол нь судалгаа их хийх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр хийсэн кино нэг өөр, судалсан бүтээл бол өөр. Дээр үеийн ахмадууд “Амьдралыг судал” гэж хэлдэг байсан нь их учиртай шүү дээ. Мөн уран бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулж, цаг үеэ зөв ашиглах ёстой. Жишээ нь би киноны зураг авалтын үеэр кино багийнхандаа нэг ч сэлфи хийхгүй шүү гэж зарлаж байсан. Тэр бол бага юм шиг мөртлөө ажлын садаа. Селфи биш кино чухал.
-Киноны хөгжмийн талаар дурдахгүй өнгөрөхийн аргагүй онцгой байсан. Хэний бүтээл вэ?
-Саяхан Итали улсад зохион байгуулагдсан “Морис Равелийн” нэрэмжит олон улсын уралдааны шилдэг 20 хөгжмийн зохиолчийн нэгээр шалгарсан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын зөвхөн манай кинонд зориулж бүтээсэн хөгжмүүд эгшиглэсэн.
-“Монгол фильм групп” энэ киногоор мөн л нэрээ дахин тамгалж, бататгаж байна. Энэ группын тухай товч танилцуулаач?
-Анх “Монгол фильм”-ийг 2002 он байгуулж байлаа. 15 жилийн хугацаанд 20 гаруй киног дангаараа болон хамтарч хийгээд байна. Анхны кино маань “Ээждээ л үнсүүлэхсэн” уран сайхны кино. Дараа нь “Сэргээш”, “Ийм нэгэн дурлал”, “Зөрлөг”, “Миний муу аав”, “Үхэж үл болно” гэх мэт хэд хэдэн бүтээл бий.
-Сайн кино бүтээхэд 1-т сайн зохиол, 2-т сайн зохиол 3-т сайн зохиол гэсэн киночдын алтан үг байдаг. Ярилцлагынхаа төгсгөлд асуухад орчин үед киночид сэдвийн хомсдолд ороод байна гэж ярьдагтай та санал нийлэх үү?
-Зохиол бол хамгийн чухал гэдэг нь үнэн. Гэхдээ манайхан юмыг их туйлшруулдаг л даа. Жишээ нь америк киночид санаа сэдэвгүй болчихоод, зохиолын өлсгөлөнд орчихлоо гэж байдаг. Хэзээ ч тийм юм байхгүй. Хүн амьдарч л байгаа бол ямар нэг сэдэв байж л таараа. Сэдвийг хайж олох биш амьдралыг судлах л ёстой юм. Судлаад ирэхээр маш их сэдэв, санааг олдог. Монголчууд бид баялаг түүхтэй гэж бардамнадаг шигээ сайн зохиол бичээд гаргах л ёстой. Солонгосууд түүхээ киногоор харуулж чадаж байна шүү дээ. Энэ бол зохиолын сэдвийн тухайд. Харин зохиолын ур чадварын тухайд ярьвал үнэндээ хэцүү.
-Яагаад тэр билээ?
-Ер нь манай утга зохиол тэр чигтээ уначихсан. Хэвлэх үйлдвэрүүд олноороо орж ирж, ямар нэг цензургүй хэвлэдэг болсон. Мөнгө төлж л байвал ямар ч ном гаргаж болно. Маш ч их ном гарч байна. Харин яг чанартай зохиол олоход хэцүү. Ихэвчлэн уран бүтээлийнхээ чанарыг биш сурталчилгаа, пиар, имижээ гаргах зорилгоор л ном зохиол гаргаад байна. Кино зохиол гэдэг өөрөө онцлогтой. Тэр онцлогоо мэддэггүй, цэвэр өөрийнхөө авъяаст дулдуйдаж бичээд байна. Гэтэл онол, түүх байх ёстой. Монголын кино урлагийн 80 жилийн түүхийг, дэлхийн киноны, утга зохиолын, дүрслэх урлагийн түүхийг судлах ёстой. Гэтэл юу ч судлахгүйгээр хэдэн кино үзчихээд сэтгэгдлээрээ “би чадах юм байна” гээд л биччихдэг. Бид кино зохиолын уралдаан ч зохиож үзсэн. Маш их зохиол ирдэг ч хангалтгүй. Бичсэн хүмүүс өөрсдөө мундаг, агуу байна гэж боддог. Гэтэл тэр зохиол нь ямар кино болох, хийж байгаа хүмүүс нь чадах уу гэх зэргээр бодит байдлаа дүгнэх ёстой. Ур чадварын асуудал дутагдалтай байна. Тийм учраас би киногоо сүүлийн үед өөрөө бичиж байгаа. Энэ яриаг сонссон зохиолч эгдүү нь хүрэх л байх. Гэхдээ хэрэв эгдүүцэж байвал надад үнэхээр сайхан зохиол бичээд өг, би кино хийхэд бэлэн байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
"Чингисийн Хүүхдүүд УСК /
The Children of Genghis" фэйсбүүк хаягаас
http://www.facebook.com/pg/Childrenofgenghis/photos/?ref=page_interna