Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг юу гэж загнах бол
2013/12/08
Сүүлийн үед гишүүдийн ажилдаа хандаж байгаа байдал, идэвхи чармайлт маш муу байгаа гэж хэлэхэд нэг их буруудахгүй биз ээ. Байнгын хороод гишүүдийн ирц хүрэхгүйгээс болж бараг хуралдахаа болиод буй.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр гишүүдтэй уулзахаар товложээ. Эрхэм Ерөнхийлөгчийн гишүүдтэй уулзах болсон шалтгаан нь түүний санаачилгаар зохион байгуулагдсан “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулганы хэрэгжилт ямар байгааг тандах гэнэ. “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулганаар Монгол Улсын ойрын ирээдүйг тодорхойлж, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс хийх шаардлагатай зүйлсийг нэрлэж, салбар бүрээр нь хэлэлцүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, тус уулзалтаар төрийн данхайсан бүтэц, хүнд суртал, авлигыг арилгаж, төрийн байгууллага, тэнд ажиллагсад ард түмэндээ үйлчилдэг болох нь ухаалаг төрийн шинж гэж онцолсон юм. УИХ дахь нам, эвслийн бүлгээс "Том төрөөс ухаалаг төр рүү" хэрхэн шилжих талаар, боловсруулах шаардлагатай хууль эрх зүйн орчин зэргийг судлах ажлын хэсгүүд байгуулагдаад буй. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дахь нам эвслийн бүлгийн төлөөлөл гишүүдтэй уулзаж ярилцсанаар "Том төрөөс ухаалаг төр рүү" үндэсний чуулганы үр дүнг хэрхэн хэрэгжүүлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдөх учиртай юм.
Гэвч эрхэм гишүүд маань "Том төрөөс ухаалаг төр рүү" үндэсний чуулганы үр дүнг хэрэгжүүлэх нь байтугай ажилдаа ирэх нь ховордоод байгаа билээ. Аливаа болохгүй, бүтэхгүй зүйлд Ерөнхийлөгч дургүйцлээ илэрхийлэхдээ шууд л загнаж орхидог. Түүх сөхвөл, 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр шинэ зургаан сайдыг МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд санал хураан тодруулж, нэрсийг нь Ерөнхийлөгчид өргөн барьж байв. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үеийн ерөнхий сайд С.Батболд, АН-ын зургаан сайд, МАН-ын сайдын суудалд товлогдогсодтой нүүр тулан уулзсан юм. Тэрбээр АН-ын зургаан сайдыг “Бүрэн эрхийн хугацаа чинь дуусаагүй байхад ажлаа хийцгээ” хэмээн загнаж, МАН-ын суудал горилсон нэр дэвшигчдийг “Та нар юундаа яарсан юм, нэг л их яарсан хүмүүс байх юм” гэж зандарсан бөгөөд “Хүмүүс над руу наад Д.Хаянхярваа, Ц.Дашдорж хоёроо болиоч гээд утасдаад байна” хэмээн ундууцсан түүхтэй.
Түүнчлэн Ерөнхийлөгч энэ оны нэгдүгээр сард Шинэчлэлийн Засгийн газрын анхны нээлттэй хуралдаанд оролцож, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл сонссон юм. Энэ үеэр хотын дарга Э.Бат-Үүлийн сүүлийн санал санаачилгыг Төрийн тэргүүн зэмлэж, буруу хүрдтэй машиныг ням гарагт явуулах эсэхээр санал асуулга авч, уначихаад дахин улайрч байгааг нь хатуухан шүүмжилж, түүнийг донгодсон билээ. Мөн сайтуудын сэтгэгдлийг хаах санаачилгыг гаргасан Ч.Сайханбилэг сайд ч мөн зэмлэл хүртэж, бангадуулсан түүхтэй. Ерөнхийлөгч “Ч.Сайханбилэг дарга аа. Юун веб сайт вэ, юун их завтай байна аа, та. Дарга болохоос чинь өмнө хүний эрх байсан юм шүү. Хүн өмчөө эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх эрх. Бидэнд, Засгийн газарт тийм үүрэг байхгүй. Хүн бухимдах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй байлга. Тэр веб сайтын сэтгэгдэл дээр хамгийн ихээр муулуулж, сайлуулж бичүүлж байдаг хүмүүсийн нэг нь би. Нэг хэсэг хүний муулж бичиж байгаа тэр зүйлд бүдрэх гэж байгаа бол нэг сая, хоёр сая, гурван сая хүний хувь заяаг яаж шийдэх юм. Шүүмжлэл, доромжлолд битгий бүдэр” гэсэн юм.
Харин төмөр замын асуудлаар “А.Гансүх сайд аа, наашаа хар даа. Шинэ төмөр замыг 2013 онд хүлээж авна гэсэн байгаа шүү. ҮАБЗ-ийн зөвлөмжид ингэж бий. УИХ-ын шийдвэрт ч ялгаагүй. 2013 он гэхэд эхний шинэ төмөр зам баригдаад дууссан байх ёстой. Хаана байна тэр. Төмөр замын асуудлаа, өмнө нь баталсан, ярьсан зүйлээ болохгүй байгаа бол яаж өөрчлөх. Ямар байдлаар шийдэх вэ гэдэг шийдлээ гаргаад УИХ-тайгаа хэдүүлээ ярилцъя. Шийдэж болохгүй асуудал биш биз дээ. Бидний шийдвэр, улс төр, хууль, хөтөлбөрөөс хамаараад байгаа бол хэдүүлээ шийдье. Төмөр замын ажил чинь эхэлчихсэн 2013 онд ашиглалтад орох ёстой атал одоо хэр нь юу ч хийгээгүй байна. Х.Баттулга аа чи хаагуур юу хийгээд явна вэ. А.Гансүх ээ, төмөр замаа тавьж чадахгүй бол хариуцлага тооцно шүү” гэхчлэн хатуу үг чулуудсан билээ. Ийнхүү Ерөнхийлөгчөөс зэмлэл сонссон Э.Бат-Үүл хумсаа оролдож, Ч.Сайханбилэг дүмбийж, Х.Баттулга санаа алдаж, А.Гансүх хүүхэд шиг цочсон түүхтэй. Ерөнхийлөгч Н.Алтанхуягийн танхимын гишүүдийг нэр бүрээр нь цохож, эрүүдэн байцааж, хатуухан зэмлэл хүртээсэн энэ явдал яг жилийн өмнө болж байжээ.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны орой твиттерээр зад загнаж, шуугиан дэгдээгээд авсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хандан “Одоо ажлаа хий. Цаг наргүй л жиргэх юм. Улс орон хэцүүдлээ. Хичнээн хэлүүлдэг юм. Нөгөө Засаг дээр санал хураах болон С.Баярцогтыг чөлөөлөх юу болсон бэ. Дахиад л завсарлага. Ажлаа хурдлаач. Өөрт чинь бас нууц данс энд тэндэхийн арал дээр байгаа юм биш биз. Юу хийж яваа нь мэдэгдэхгүй юмнууд л явах юм” хэмээн уурссан билээ. Энэ мэтчилэн эрхэм Ерөнхийлөгч, сайд хоёр олон түмний нүдэн дээр сайн муугаа хэлэлцээд авсан удаатай.
Харин өнөөдөр Ерөнхийлөгч УИХ-ыг гишүүдтэй уулзахаар цаг товлоод байна. Ажлаа гавьтай хийхгүй байгаа гишүүд Ерөнхийлөгчөөс эрүүний шөл хүртэх нь магадлал өндөртэй байгаа юм. Харин эрхэм Ерөнхийлөгч тэднийг юу гэж загнах бол.
У.САРАНГЭРЭЛ
Зочин · 2013/12/09
одоо ажилаа хийж чадахгүй засагтай хатуу тооцоо хийх цаг болжээ гансүх зам тээврийн төрийн нарийн хөдөө аж ахуй яамны дэд сайд үнэндээ хангалтгүй ажиллаж байна ноен ерөнхийлөгчөө
Зочин · 2013/12/09
parlamentiin zasaglaltai gazar erunhiilugch ih hurlaa zagnaval uuruu huugdnushuudee
Зочин · 2013/12/09
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-260000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Tansag saihan beleg shuu.Tanhimiin Mini Golf club.Utas:95000020