Хийгээд, хямдруулаад, загнаад, дандаа зөв юм яриад байгаа Ерөнхий сайдыг та нар ер нь яах юм, яаж ч чадахгүй ш дээ. "Бурхан халдунд" ажил, амьдрал, албан тушаалаа даатгаж ирчихээд "Монголын бахархалт хайрхан"-аар зарлачихаад байхад та нар Ерөнхий сайдыг яах юм, яаж ч чадахгүй ш дээ.

Чуулганы хуралдаан дээр мэдээллийг нь сонсоод асуугаад асуугаад яах юм, тэртээ тэргүй бүх юм нь "ок" байгаа юм чинь. Нарийн ширийн ажлыг нь яриулах гээд яах юм та нар, тэртээ тэргүй хийх ч болно, дөрвөн жилийн хугацаанд ажилаа хийсэн шиг хийнэ, чартайтлаа ажиллана гээд байгаа юм чинь.

 

Ер нь та нар яагаад ерийн сайхан үгтэй, ерөнхий сайдыг минь "баалж" байдаг юм. Яахав хөөрхий маазарч л байг. Танхимын сайд нь гал тахиж, Чингис хаанаас мөнгө гуйж, Чингис хаан нь гал дундаас гарч ирж, доллар цацаад байхад юу нь болохгүй байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчдийг айлгаж явуулаад, монголын бизнесмэнүүдийг сөхрүүлээд энэ хүн чинь Чингисээс дутахгүй "баатар" юм биш үү. Би хувьдаа сүүлийн үед бишрээд байгаа. Чуулганы хуралдаан дээр урьд урьдын ерөнхий сайд нар УИХ-ын гишүүдээс айж, бэгэж, загнуулж байсан бол Н.Алтанхуяг ерөнхий сайд маань аймшиггүй зориг гаргаж, гишүүдийг толгой дараалан загнаж байгаа шүү дээ. Зарим нь сүүлдээ айхдаа асуултаа хүртэл аяархан асуух тухай яриад сууж байна.

 

Хэнд ч дийлдэшгүй, дэлхийд нэрээ цуурайтуулж ч мэдэх Ерөнхий сайд монголд л байна шүү дээ. Өөр ийм ерөнхий сайдыг та нар дэлхий ертөнцөөс хайгаад нэг үзээрэй. Олдохгүй. Ховор нандин ерөнхий сайдтай болсондоо Монголчууд бид бахархах хэрэгтэй. Бахархаж байтал бид удахгүй ядуугийн туйлаас гарч, ертөнцөд байхгүй баян улс ч болох юм билүү хэн мэдлээ. Уруу дорой бодолтой хүн өөдөлдөггүй, өөдрөг бодолтой бол хэнээс дутуугүй баян цатгалан болно гэдгийг ерөнхий сайд маань хэлдэг шүү дээ. Та бид чинь тансаг хэрэглээтэйгээ ч мэдэхгүй явсаныг ерөнхий сайд л мэдүүлээ биз дээ. Одоо удахгүй хөдөөгийн замууд засмал болж, хөдөөгийн иргэд минь амьдрал нь дээрдэнэ гэдгийг ерөнхий сайд дуулгасан. Тэгэхээр хөдөөгийн ард минь яадарч байна гэж бүү бод засмал зам тавигдлаа л бол амьдрал чинь сайжрана. 21 мянгатай мянгагүй амьдрана аа хүмүүс минь Эдийн засгийн хөгжлийн сайд чинь Чингис хаанаас мөнгө гуйгаад л аваад ирнэ. Та нар ч гэсэн түүн шиг галаас мөнгө гаргаад сурчихвал зовох юмгүй амьдарна.

 

Гудамж метрлэж, лааз өшиглөж яваа залуус байвал Ерөнхий сайд Н.Алтанхуягт ханд. Аягүй бол цаадах чинь Санжмятавдаа үүрэгдээд та бүхэнд ажил олоод өгч мэднэ. Үгүйдээ Ерөнхий сайд мэргэжил үл хамаараад тагнуулын ерөнхий газарт ажилд оруулаад өгч юуны магад. Ийм сайхан ерөнхий сайдтай байхад улс орон минь хөгжихөөс ч өөр яах билээ. Сайхан байна аа, сайхан байна. Утаанаас та нар санаа юу зовдогийн Ерөнхий сайдын хамаарах асуудалд ороод ирэнгүүт л "багассан". Өөрийнхөө амаар "Утаа багасч байгаа" гэдгийг хэлсэнийг эрх биш та нар сонсоо л байлгүй. Удахгүй тансаг ч болж мэдэх байх. Ингээд ер нь Н.Алтанхуяг Засгийн газрын толгойд байсан цагт Монгол улс болно доо болно.

 

Н.Чинзориг