Ерөнхийлөгч сайд нарыг нээлттэй УИХ-ын гишүүдийг хаалттай загнахын учир
2013/12/09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын гишүүдийг "болзоо"-нд урилаа. УИХ-ын гишүүд цагаасаа хожимдолгүй ирцгээв. Ер үзэгдэж, харагддаггүй гэж хэл аманд өртөж явдаг зарим гишүүд хүртэл иржээ.
Уулзалтын зорилго нь "Том төрөөс ухаалаг төр лүү" уулзалт, зөвлөлгөөнөөс гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцана гэж байгаа.
Ярьж тохирсон зүйлээ яг таг биелүүлж ажил хэрэг болгоно гэсэн үг л дээ. Ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ нөхдүүд юу хийх бол гэж ард түмэн харж байсан. Харин одоо бид юу хийх вэ гэдгээ тодорхойлж чадсан учраас хийх ажил, гаргах шийдвэр рүүгээ шууд оръё гэж бодож байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүдтэй ний нуугүй ярилцья гэсэн бодлоор өнөөдрийн уулзалтыг санаачилсан" гэдгээ мэдэгдээд сэтгүүлчдэдээ баярлалаа гэлээ. Энэ нь "Уулзалт хаалттай болно шүү" гэдгийг илтгэж буй хэрэг Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Том төрөөс ухаалаг төр лүү". уулзалт, зөвлөлгөөнөөс гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үйл явцын талаар нээлттэй ярилцана гэсэн хэрнээ уулзалтыг ийнхүү хаалттай явуулав.
Сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагаа унтаа байдалд шилжсэн. Монгол Улсын төлөө гэж тангараг өргөсөн УИХ-ын эрхэм гишүүдийн ажил таслалт хэрээс хэтэрч, УИХ-ын чуулган, байнгын хорооны ирц хүрэхгүй хойшлох нь энгийн үзэгдэл болоод байгаа. Тэгэхээр ажлаа хийхгүй байгаа гишүүд Ерөнхийлөгчөөс эрүүний шөл хүртэх өндөр магадлалтай.
Одоогоос яг нэг жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэчлэлийн Засгийн газрын анхны нээлттэй хуралдаанд оролцож, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл сонссон. Хаалга цонхоо нээж байгаад хуралдсан энэхүү хурал ангийн багшдаа загнуулж буй сурагчид мэт царайлсан сайд нарын сандарсан, санаа алдсан, хүүхэд шиг ээрч муурсан, хумсаараа оролдсон дүр зурагтай болж билээ.
Тэрбээр хотын мэрт хандан "Бат-Үүл дарга аа, юун буруу рультэй машин яриад явчихав аа. Нэг удаа санал асуулга явуулахад иргэдийн 75 хувь нь татгалзаж байна гэсэн санал өгсөн гээ биз дээ. Одоо хоёр дахь удаа санал асуулга явуулж яах гээд байгаа юм бэ. Энэ хотод өөр хийх ажил алга уу Энэ асуудлаа одоо боль.
Хүний эрхийг хязгаарлах эрх ямар ч дарга нарт байхгүй шүү" хэмээн загнаж байв. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт "Юун вэб сайт вэ, юун их завтай юм бэ. Бүхэл бүтэн улсын өмнөөс ажил хийж байж ганц нэг хүн, хэсэг хүний шүүмжлэлтэй зууралдах хэрэггүй. Элдэв хэл амыг тоохгүй байсан нь дээр.
Гол асуудал руугаа ор. Сайтуудын холбоо хийх ажлыг Засгийн газрын сайд хийх хэрэггүй" гэсэн. Харин төмөр замын асуудлаар "А.Гансүх сайд аа, наашаа хар даа. Шинэ төмөр замыг 2013 онд хүлээж авна гэсэн байгаа шүү. ҮАБЗ-ийн зөвлөмжид ингэж бий. 2013 он гэхэд эхний төмөр зам баригдаад дууссан байх ёстой.
Хаана байна тэр. Болж бүтэхгүй зүйл юу байна вэ. Юу нь ч мэдэгдэхгүй дуугүй байхаар болохгүй зүйлээ УИХ-д оруулж ирээч. Тэгвэл бүгдээрээ ярилцаж болно биз дээ" хэмээн зандарсан. Мөн "Х.Баттулга аа, чи хаагуур юу хийгээд явна вэ" гэх мэтчлэн Н.Алтанхуягийн танхимын гишүүдийг нэр бүрээр нь цохож, нүүрийг нь улалзуулж байлаа.
Бас л саяхан даа, С.Баярцогт гишүүний нууц данс нь илрээд будилаан тарьж байх үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг твиттерээр зад загнаж "Одоо ажлаа хий. Цаг наргүй жиргэх юм. Улс орон хэцүүдлээ. Хэчнээн хэлүүлдэг юм бэ. С.Баярцогтыг чөлөөлөх юу болсон бэ. Өөрт чинь бас энд, тэндхийн арал дээр нууц данс байгаа юм биш биз.
Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй юмнууд л явах юм" хэмээн уурласан билээ. Энэ бүхэн олон нийтийн өмнө нээлттэй болж өнгөрсөн явдал.
Харин одоо УИХ-д загнах хүн захаасаа авахуулаад зөндөө байна. УИХ-ын чуулган хуралдаж байхад "Сandy Crash" тоглож суусан З.Баянсэлэнгэ гишүүнд хариуцлага тооцъё.
Чуулган,байнгын хорооны ирц бүрдүүлэх үүрэгтэй олонхид хариуцлага тооцъё. Ажлаа хийж чадахгүй, төсвийн орлогыг хэдэн тэрбумаар дутаасан Засгийн газар, бондын мөнгийг юунд хэрхэн зарцуулж буйгаа тайлагнахгүй нууж байгаа Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдад хариуцлага тооцъё.
Та "Ард түмний санал бол хаан сонголт" гэж хэлдэг Ард түмний сонголтыг уландаа гишгэж УИХ-ын гишүүн болох гэж улайрсан Г.Батхүү, Д.Зоригт нартай хариуцлага тооцьё. Энэ бүхнийг өнөөдөр ард түмэн танаас хүсч байна. Мөн та АН хамтарсан Засгийн газраас гарч, улмаар Ардын нам засаг бүрдүүлэх үед сайд нарыг суулгаж байгаад загнаж байсан.
Чухам л тусгаар улсын Ерөнхийлөгчийн зангаргыг нэг сайн харууллаа хэмээн хэвлэлүүд шуугисан. Ийнхүү бүрэн эрхт улсын Ерөнхийлөгч шиг загнаж байсан нөхөр Ардчилсан нам Засгийн газраа байгуулж, Засгийн газрынхаа бүтцийг тэр чигт нь УИХ-аас бүрдүүлж, УИХ нь Засгийн газраа хянах ямар ч боломжгүй болж байхад дуугүй байгаад хүн бүхэн гайхаж байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраа хянах үүрэгтэй УИХ-ын эрх зүйн чадамж алдагдаж байна гэсэн үг Нөгөө талаар Засгийн газрыг харахад Монголдоо л нэртэй бизнесмэнүүдээр дүүрсэн. Дээд тал нь 10 гаруй, доод тал нь 3-4 компанитай нөхөд Засгийн газрыг бүрдүүлж байгаа. Харин сайд нарыг улайтал нь загнасан Ц.Элбэгдорж өчигдөр эрхэм гишүүдийг байранд тавьж чадсан болов уу.
Д.Мягмарсүрэн