.Амаржаргал: Ичих булчирхайтай хэн ч гэсэн ийм үйлдэл хийх байсан
2013/12/10
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд байнгын хорооны гишүүд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас асуулт асууж, хариулт авсан. Түүнийг хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
-Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээсээ татгалзах болсон шалтгаанаа, хөндөн тавьж буй асуудлуудаа хэлэхгүй юу. Яагаад УИХ-ын гишүүнээсээ татгалзах болсон юм бэ.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
-УИХ-ын холбогдох хуулийн заалтад “Хүндэтгэн үзэх бусад шалтгаан” гэж байгаа. Манайхан энэ хуулийн заалтыг өвчин эмгэгтэй холбогдуулан ойлгож ирсэн. Миний хувьд тийм зүйл байхгүй, өөрөөр хэлбэл ямар нэгэн өвчин эмгэг байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Р.Амаржаргал гэдэг хүн бол улс төрийн хариуцлагын тухай асуудлыг хөндөн тавьсан. Энэ хүрээнд асуудлыг хэлэлцэхийг хүсч байгаа юм. Би хүндэтгэх шалтгаанаа тайлбарлая. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж буй нь содон байж болох юм. Гэхдээ тунгаан бодох юм бол нэг их гайхаад байх зүйл байхгүй. Ичих булчирхайтай хэн ч нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг хараад над шиг өргөдлөө бичих л байсан байх. Товчхондоо өнөөгийн парламентын үйл ажиллагаа ийм алхам хийхэд хүргэсэн. Өнөөдөр төр засагт ёс суртахуун, ёс зүй дутагдаж байна. Үүний тулд би улс төрийн хариуцлага хүлээж байна. Олонхоор хүч түрэмгийлж, өнөөдрийн ардчиллыг сулруулж байна. Бүлэглэлүүд бие биеэ барьцаалж, төрийн албыг дампууруулж байна. УИХ-ын дарга нь Ерөнхий сайд шиг аашилж байна. Гадны хөрөнгө оруулалт, Оюутолгойн хоёр дахь хөрөнгө оруулалт, Таван толгой, банкны салбар гээд асуудал их байна. Энэ бүх асуудлыг бий олгосон хүмүүс УИХ-д сууж байгаа. Иймээс энэ хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Тун удахгүй том компаниуд нэг нэгнийгээ татаад унах вий гэсэн айдас надад байна. Ийм нөхцөл үүсээд байхад хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Энэ бүхний төлөө Засгийн газрын сайд нар өчиггүй явах ёстой. Өчиггүйгээр ч явуулах ёстой. Нөгөөтэйгүүр аль нэг намын мандатаар, эсвэл аль нэг улстөрчийн нөмөр нөөлгөөр төрийн албанд шургалсан хүмүүс “Гарын үсгээ яаж мөнгө болгох вэ. Одоо бидний идэх цаг ирлээ” гэхэд нөгөөдүүл нь “Тийм ээ” гээд дуугүй суух болсон байна. Энэ нөхцөл байдал өнөөдөр үүсчихсэн юм биш. Олон жил хуримтлагдан ужгирсан, одоо шийдэх гээд чадахгүй байгаа асуудлууд байгаа юм. Тийм ч учраас 12 жилийн дараа Ардчилсан намд ард иргэд итгэл хүлээлгэсэн. Гэтэл тэдний итгэл найдварыг Ардчилсан нам биелүүлж ажиллаж чадахгүй байна. Зарим тохиолдолд бүр дордуулж байна. Үүний төлөө Ардчилсан намаас хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Энэ ч үүднээс УИХ, Засгийн газрын өмнөөс миний бие гишүүнээс татгалзаж байгаа юм. Миний шийдвэр буруу гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Манай гишүүд таны дурьдсан шалтгаануудыг сонсоод гишүүний бүрэн эрхээс татгалах болсныг чинь ойлголоо гэж байна. Харин би таны хэлсэн үндэслэлүүдийг сонсоод “Яагаад ийм шийдвэр гаргасан юм бол” гэж бүр эргэлзэж байна. Та “Хариуцлага хүлээхгүй байгаа хүмүүсийн өмнүүр орж хариуцлага хүлээлээ” гэж хэлж байна. Таны энэ үйлдэл хариуцлагагүй хүмүүсийг хацайлж байгаа үйлдэл биш үү. Мөн та хариуцлагаас зугтаж байгаа хэлбэр биш үү. Та “Ичих булчирхайтай л бол өргөдлөө өгөх ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр үлдэж буй 75 хүнийг ичих булчирхайгүй гэж хэлж байгаа юм уу.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
-Саяхан захын барилгын дээвэр нурсан гэх шалтгаанаар Эстони улсын Ерөнхий сайд огцорч байна билээ. Тэр хүн ийнхүү огцорсноор хариуцлагаас зугтаж, бусдыг хацайлж байгаа хэрэг биш байх. Харин ардчилал өндөр хөгжсөн орны улс төрийн том соёл байх. Миний хэлээд байгааг ганцхан үгээр томъёолж болно. Улс төрд хариуцлага байх ёстой. Өнөөдөр Монголд ийм зүйл байхгүй байна. Бүр сураггүй байна. Р.Амаржаргал энэ талаар яриад эхлэхээр “Хариуцлага” гэдэг үг энд тэнд сонсогдож эхэллээ. Ингэж болохгүй. Р.Амаржаргал нэг өргөдөл өглөө гээд өргөдлийн хэмжээнд яриад байна. Асуудал нь өргөдөлдөө биш. Харин өргөдөл өгснөөр ямар асуудлыг хөндөн гаргаж ирэв. Тэр асуудлууд дээр хэн анхаарлаа хандуулж байна гэдэг нь чухал. Би хамгийн энгийн жишээ дурьдая. УИХ-ын гишүүн өргөдөл гаргалаа гэхэд яах ёстой юм, хэрхэн, хэзээ хэлэлцэх ёстой юм гэдэг нь сая харагдсан уу, харагдсан. Тэгэхээр УИХ-ын тухай хууль өөрөө ямар хэмжээнд байгаа нь харагдаж байна.
УИХ-ын гишүүн Л.Цог:
-Өмнө өргөдлөө өгч байсан хүн олон байсан. Тэр дундаас Р.Амаржаргал гишүүн шиг нийгмийн асуудлыг бүхэлд нь хөндөж, хүний өмнөөс хариуцлага хүлээе гэж хэлж байсан хүн байхгүй. Гэхдээ нэг асуулт асууя. Хүн өргөдлөө өгөөд гараад явах амархан. Орон зайг өөр хүн бөглөдөг учраас таниас долоон дор хүн бөглөчихвий гэдэгт санаа зовж байна. За яах вэ. Таны өргөдлийг хүлээгээд авлаа гэж бодъё. Та УИХ-ын гишүүн биш боллоо. Таны тэмцлийн хэлбэр ямар байх вэ.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
-Би аргаа барах юм бол Ерөнхий боловсролын сургуулийн Нийгэм судлалын багш хийгээд байна шүү. Нөгөөтэйгүүр таны хэлсэн зүйлийг би тал бүрээс нь нягталж бодож үзсэн. Өнөөдөр улс төр цэгцэндээ орж цааш явах ганц гарц бол хариуцлага, сахилга бат юм. Үүнд л анхаарч ажиллах хэрэгтэй.
Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал Ж.Батзандан гишүүн Р.Амаржаргал гишүүний шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр “Энэ асуудал Р.Амаржаргалын асуудал гэхээсээ илүүтэйгээр улс төрд ухамсарын шанаа өгсөн шийдвэр байлаа гэж бодож байна” гэсэн юм. Харин Су.Батболд гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээс татгалзах болсон үндэслэл шалтгааныг Ардчилсан намынхан тунгааж ойлгоосой гэдгийг хэлсэн бол С.Баярцогт гишүүн “Р.Амаржаргал гишүүн 1998 онд Ерөнхий сайдад нэр дэвшихдээ өөрийнхөө төлөө саналаа өгөөгүй. Тухайн үед санал хураалт 50, 50 хувь болж байсан. Өөрөөр хэлбэл Р.Амаржаргал анх удаа Ерөнхий сайдад нэр дэвшээд, өөрийнхөө төлөө санал өгөөгүй учраас сонгогдоогүй. Тэр үед ёс суртахууны хувьд маш сайн үлгэр дууриалал болж байна даа гэж бодож байсан. Гэхдээ нэг зүйлд харамсдаг. Тэр үед Р.Амаржаргал гишүүн өөрийнхөө төлөө санал өгсөн бол 1996-2000 оны хооронд үүрэг гүйцэтгэгч Засгийн газар биш жинхэнэ Засгийн газар байх байсан. Магадгүй С.Зориг гишүүн амиа алдахгүй байсан байх. Тэгэхээр хувь хүний гаргаж буй шийдвэрийг УИХ бодож үзэхдээ улс орныхоо ирээдүй, чиг хандлагыг бодох ёстой” хэмээн ярьсан юм.
Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх дээр санал хурааж, байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжээгүй. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-ын чуулганаар нэг тийш нь болгох юм.
Ж.Баттуул
Зочин · 2013/12/12
amarjargal garwal garna l bizdee. Busad n ontsgoiruulahaas n aigaad l. Nuguuduh n huuruud l. Yas yuman deeree ene chn ***traar bol uguush ugch bgaatai l adil zuil
Зочин · 2013/12/11
Надаас болж МОНГОЛ ТӨР-ийн хүч сулрахвий гэж бодох хэрэгтэй шүү Амаржаргалаа?
Зочин · 2013/12/11
daraagiin yrunhiilugch d sain beldej bna