“Монголын хууль гурав хоног хүчинтэй” гэдэг үг хий хоосон бус, хууль санаачлагчдыг өөлөхийн тулд хэлсэн үг биш гэдгийг хүчин төгөлдөр ч “хэрэгждэггүй” хуулиуд гэрчилнэ. Үүний нэг жишээ нь Тамхины хяналтын тухай хууль яах аргагүй мөн. Батлагдсанаасаа хойш нийгмийг нэг хэсэг шуугиулсан Тамхины хяналтын хууль гууль болж эхэллээ. Учир нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хүн ч алга.

Уг нь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид хэрэгжилтэд хяналт тавих ёстой ч тэд хаана, хэн тамхи татаж байгаа бол гээд хайгаад явах боломжгүй. Байцаагч нараа өдөр өдрөөр хуваарилаад явуулахад ч хүн хүч хүрэлцэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хууль гарснаас хойш өнөөг хүртэл тамхи татаж байгаад торгуулсан хүн гарын таван хуруунд багтвал их юм. Энэ нь дээрх хуулийн хэрэгжилт ямар буйг бэлхнээ илтгэнэ.


Тамхины хяналтын тухай хуулийн 9.3-т “Аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна”. 9.4-т “Энэ хуулийн 9.3-т заасан анхааруулах тэмдэг нь зөрчил илэрсэн тохиолдолд олон нийтийн мэдээлэл, гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх байгууллагын хаяг, утасны дугаар, албан тушаалтны нэрийг агуулсан байх бөгөөд анхааруулах тэмдгийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэжээ. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй байгаа жишээтэй таарав. Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талын хаалганы гадна 50 метрийн дотор тамхи татахыг хориглоно гэсэн тэмдэг байгаа ч хаалганы урд талын шатан дээр зогсоод хээв нэг утаа баагиулж буй хүн олон байв. Үүнд хэн, хэзээ хяналт тавих нь тодорхойгүй. Энэ мэт зүйлээс харахад уг хууль хэрэгжихгүй байгаа гэсэн ойлголт энгийн бидний дунд бий болчихож. Харин албаны хүмүүс хуулийн хэрэгжилт маш сайн байгаа гэж буй. Дээрх заалтуудыг эс тооцвол шүү дээ.  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгадаг гэнэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ц.Цэрмаа “Баянзүрх дүүрэгт хүнсний эрүүл ахуй хангамжийн чиглэлээр улсын найман байцаагч ажилладаг. 278 мянган хүн, 4000 гаруй аж ахуйн нэгжтэй томоохон дүүрэгт хэн, хаана тамхи татаж байгааг хянахад байцаагч яагаад ч хүрэлцэхгүй.
Бид олон нийтийн газар, автобусны буудал, үзвэрийн газарт тамхи татаж байна гэсэн иргэдийн мэдээлэл ирвэл тэр дагуу шалгана. Гэхдээ хяналт тавьж, шаардлага хүргүүлж, хариуцлага тооцоход хэцүү. Дуудлага өгөх үед татаж байлаа ч хүрээд очиход татаж дуусаад нөгөө хүн нь явчихсан байдаг. Манайд иргэдийн гомдол мэдээлэл авдаг тусгай дугаарын утаснууд бий. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тэнд, энд тамхи татаж байна гэсэн гомдол огт ирээгүй. Нэг үеэ бодвол Тамхины хяналтын тухай хууль дээр дурьдсанаас бусад тохиолдолд харьцангуй сайн хэрэгжиж байгаа. Хуульд торгуулийн хэмжээ болон хариуцлагын тогтолцоог өндөрсгөж өгсөнөөс хүн бүр хариуцлагаа ухамсарладаг болсон. Бид Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулсан. Тэд ч идэвхтэй оролцлоо. Хуульд ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй байхаар тусгасантай холбогдуулан дүүргийн Засаг даргын захирамжаар 40 гаруй аж ахуйн нэгжийн тамхи худалдаалах шийдвэрийг хүчингүй болгосон. Бид энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс удирдамжтай шалгалт явуулсан. Тамхи ширхэглэн худалдаалах, тусгай зөвшөөрөлгүй хэрнээ тамхи худалдаалж байсан аж ахуйн нэгж мэр сэр байсан. Эдгээрт өнгөрсөн хугацаанд өнөөг хүртэл 700 гаруй мянган төгрөгийн торгууль ноогдууллаа” гэв. Уг хуулийг бүхэлд нь муу гэж үзэж болохгүй юм. Олон нийтийн цэнгээний газар, ресторанууд тамхигүй орчин бүрдүүлж, ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй байгаа нь сайшаалтай. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд  тамхидалт эрс буурсан гэх судалгаа гарчээ.
Хуульд тамхи татаж болохгүй гэсэн хэр нь чухам хаана татаж болох вэ гэсэн заалт байхгүй. Тамхины хяналтын тухай хуулийг дагаж мөрдөх журмыг өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газраас баталсан ч хаана татаж болох нь мөн л тусгагдаагүй аж. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүдээс гомдол санал ихээхэн ирж байгаа гэнэ. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн ариун цэврийн өрөө рүү ороод тамхи татаж байхад хяналт шалгалт таарвал яах юм. Тэгвэл тэдний өмнөөс бид хариуцлага хүлээж чадахгүй гэх гомдлыг тавьж буй гэсэн. Гаднын орнуудад Тамхины тухай хуулиндаа тамхи татаж болох болохгүй газрыг нэг бүрчлэн зааж өгч, хэрэв хориглосон газарт тамхи баагиулбал торгодог юм байна. Торгууль нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бус тусгай данс руу шилждэг аж. Уг мөнгөөр олон нийтийн газрын тохижилт үйлчилгээнд анхаарахаас гадна бусад зүйлд зарцуулдаг гэсэн. Гэтэл манайд тамхи ширхэглэн болон тусгай зөвшөөрөлгүй хэр нь тамхи худалдаалж байгаад баригдсан бол торгох бөгөөд мөнгөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын торгуулийн данс руу хийх ёстой гэнэ. Уг мөнгийг юунд зарцуулдаг талаар тодорхой мэдээлэл байхгүй ч албаныхан нэг юм олоод тайлбарлах нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр тамхи татаж болох газрыг зааж өгөөгүй нь уг хуульд дахин салхи оруулах шаардлагатайг харуулж байна. Болохгүй гэж хориглож өгсөн шигээ болдог газрыг нь зааж өгөх, мөн хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгт нь газрыг нь нэрлээд орхих бус хэрэгжүүлэх бүтэц байгуулах шаардлага байна. Тэгсэн цагт энэ хууль хууль шиг хэрэгжих биз ээ.  

Үндэсний шуудан сонин