Б.Барслхагва: Сайн уран бүтээл хийж олон улсад Монгол кино уран бүтээлчдийн чадварыг таниулах
2017/09/07
Батболдын Барслхагва: Сайн уран бүтээл хийж олон улсад Монгол кино уран бүтээлчдийн чадварыг таниулах гэж манай “Фантастик”продакшны залуус зорьж байна.
Урлагийн салбарт өөрийн нэрийг өндөрт өргөж яваа “Фантастик” продакшны жүжигчин Батболдын Барслхагва-тай хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэж байна. Өөрийн гэсэн үзэл бодолтой, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж яваа залуу уран бүтээлчийн тоглосон “Зүрхний хилэн” бүрэн хэмжээний уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.
Өдрийн мэнд хүргэе. Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Хоёулаа яриагаа шинэхэн уран бүтээлийнх нь талаар эхлүүлэе.
Уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Танай хамт олонд мөн ажлын өндөр амжилт хүсээд ярилцлагаа эхлэе. Манай “Фантастик” продакшны уран бүтээл “Зүрхний хилэн” бүрэн хэмжээний уран сайхны кино маань тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлийн зохиолыг манай “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар хоёр бичсэн. Анх киноны маань зохиолын санаа гарснаас хойш бүтэн 2 жилийн хугацаанд хийгдэж одоо л үзэгчиддээ хүрэхэд бэлэн болоод байна. Манай киноны ерөнхий найруулагчаар Б.Тамир ажилласан. Би найзынхаа хувьд хэлэхэд Тамираа маань бол өсөж дэвжиж яваа, ирээдүйд гайхалтай сайн найруулагч болох ирээдүйтэй найруулагч гэж би хувьдаа найзыгаа дүгнэж явдаг.
“Зүрхний хилэн” киноны сургаар хүмүүс энэ киног Ж.Пүрэв зохиолчийн “Зүрхний хилэн” романаас сэдэвлэн бүтээсэн байх гэсэн яриа гарсан байсан. Энэ талаар?
Энэ яриа бол худлаа юм аа. Ж.Пүрэв зохиолчийн “Зүрхний хилэн” роман бол нэгдүгээрт манай кинотой цаг үеийн хувьд өөр, хоёрдугаарт дүрүүдийн хувьд өөр, гуравдугаарт кинонд болж байгаа үйл явдал маань бас тэс өөр байгаа. Манай кино бол Монголчууд Манж улсын эрхшээлд орсноос хойш бараг 100 жилийн дараах үйл явдал гардаг. Тийм болохоор Ж.Пүрэв зохиолчийн “Зүрхний хилэн” романаас огт өөр, энэ зохиолоос огтхон ч санаа сэдэл аваагүй шүү гэдгийг хэлмээр байна. Нэр нь адилхан болохоор хүмүүс тэгэж ойлгосон байх.
Киноны үйл явдлаас уншигчдад маань сонирхуулаач? Нээлтийн өдрийг хүлээсэн маш олон хүмүүс байгаа шүү дээ.
Тэгэлгүй яахав. Манжийн Чин улс Европын хүчирхэг том улсуудтай 2, 3 ч удаагийн дайн хийсэн. Энийг хар тамхины дайн гэж нэрлэсэн байдаг. Хонгконг, Шанхай, Гуанжоу-гийнхаа газар нутгийн зарим хэсгүүдийг алдаад эхэлсний дараа Манжууд дайн хийх нөхцөл бүрдэж магадгүй гээд Монголоос агт татаж байгаа юм. Хамгийн сайн адуу хаана байна, Монголд байгаа учраас. Тэгээд Монголоос нийтдээ 5000 толгой адуу татсан байдаг. Яг тэр үеийг тойрсон үйл явдлууд манай кинон дээр гарна. Маш сонирхолтой кино болж чадсан. Үзэгчдийг догдлуулж, огшоож чадна гэдэгт итгэлтэй байна.
Мөн манай кинонд Өвөрмонгол болон Хятад улсын жүжигчид тоглосон. Мөн Монголын маань алтан үеийн уран бүтээлчид маань ихэнх нь тоглосон. Гайхалтай уран бүтээлчид маань бидэнтэй гар нийлж ажиллаж бид нарт маш их зөвлөгөө өгч, урам өгч байсан. Бидний хувьд энэ бол анхны том алхам болж байгаа юм.
Мэдээж аливаад амархан зүйл гэж юу байхав гэхдээ хэцүүгээс шантарна гэж бас юу байхав. Залуу хүнийхээ эрч хүчээр шантралгүй дайраад л нэг мэдэхэд ард нь гарчихсан нээлтээ хийх гээд сууж байна даа. Энэ мэдрэмж үнэхээр сэтгэл дүүргэм сайхан байна.
“Зүрхний хилэн” кино бол түүхэн тэр утгаараа түүхэн цаг үеийн явдлуудыг тод харуулах нь мэдээж. Түүнээс гадна үзэгчдэд хүргэх давхар санаа байгаа байх. Энэ талаар ярилцая.
Уран бүтээлийн маань санаа гараад зохиол бичигдсэний дараа, ер нь энэ кино бол Монгол кино дээрээс нь энэ кинон дээр Манжууд , Хятадууд болон Монголчууд гарч байна. Энэ 3 улсын хүмүүс юу юугаараа өөр байдаг юм бэ, хэл соёл, амьдралын орчин, зан араншин гээд бүх юмаараа өөр өөр байна. Энэ бүх ялгаануудыг киногоороо мөн харуулахыг зорьсон.
Манайхны дунд нэг алдаатай бодол гэх юм уу, эндүүрэл гэх юм уу нэг зүйл байдаг. Тэр бол Манж, Хятад улс хоёрыг нэг улс гэж ойлгоод байдаг. Манжуудыг Хятадуудтай нийлүүлээд энэ муу сайн Хятадууд гэдэг. Манж, Хятад хоёрыг нэг улс гэж ойлговол Монголчууд Хятадын дарлалд байсан, Хятадад эзлэгдэж байсан болчих гээд байгаа юм. Тэгэж ойлгож болохгүй. Манай Монголчууд бол хэзээ ч Хятадын эрхшээлд орж байгаагүй үндэстэн шүү дээ. Ялгаж салгаж ойлгодог байх хэрэгтэй. Манж гэдэг чинь өөрөө тусдаа хэл соёлтой тусгаар улс байж. Энэ улс бол нэгэн цагт хүчирхэгжээд Монголыг , Хятадыг, мөн Казакстаны зарим газар нутгуудыг эрхшээж явсан хүчирхэг улсыг бий болгож байсан Хятадаас өөр үндэстэн юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Киногоороо ч нэг талаараа үүнийг ойлгуулж зарим хүмүүсийн эндүүрлийг арилгахыг хүссэн.
“Зүрхний хилэн” уран сайхны кинонд ямар дүрийг бүтээсэн бэ?
“Зүрхний хилэн” кинон дээр ажилласан дүр маань Монгол улсад Манж улсаас томилогдон ирж байгаа Манж амбан сайдын дүр байгаа. Фунь Жоу хэмээх амбан сайдын дүр бол маш залуухан 35 орчим насны сайдын дүр. Залуухан хэдий ч маш зарчимч өөрөө бас өмнө хар тамхины дайнд оролцож гавьяа байгуулаад дараа нь тэндээсээ Монголд болж байгаа асуудлыг шийдвэрлэхээр томилогдож ирсэн амбан сайд байгаа юм. Энэ хүн бол Чин улсынхаа төлөө, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй эх оронч үзэлтэй хүн.
Манж хүний дүрийг бүтээхэд хэр санагдсан бэ? Монгол хүн байж өөр үндэстэн болох Манж хүний дүрд орж ажиллахад жүжигчнийхээ хувьд их сонирхолтой байсан болов уу?
Манж хүмүүс гээд аваад үзэхээрээ тэр дотроо нийгмийн зиндаанууд бас орж байгаа юм. Тайж, ард, наймаачин, ноён гэх мэт. Тэр зиндаанаасаа хамаарч хүмүүсийнх нь зан ааш, амьдралын хэв маяг нь өөр өөр байх нь ойлгомжтой. Миний хувьд амбан сайдын дүрийг бүтээсэн учраас тухайн дүрээ хувь хүн талаас нь харуулахаас гадна зэрэг зиндааных нь хэв маягийг гаргаж бусдаас юугаараа өөр байгаа тэр ялгааг харуулах хэрэгтэй болсон.
Мөн Манж хүний ухамсар, Манж хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, бусдад хандах нийтлэг хандлагууд орж байгаа юм. Жишээлбэл: Цай уух, хүнтэй харьцах харилцаа гээд бүх л юм нь Монгол хүнээс өөр шүү дээ. Гадаад хүн дээрээс нь өөр хэлээр ярьж байна, мөн түүхэн хүн гэдэг утгаараа дүрээ гаргахад их хэцүү байсан. Гэхдээ найруулагч болон кино багийнхан, найзуудынхаа ачаар аль болохоор л үнэн байх гэж хичээсэн дээ. Одоо киног маань хүмүүс үзээд хэр зэрэг жүжигчин бэ, хэр сайн дүрээ бүтээж чадсан бэ гэдэг дүнг тавих байх даа. Нэг талаараа догдолж нөгөө талаараа айдастай хүлээлттэй байна даа.
Жүжигчин хүн гэдэг бол өөр хүний биеийг буюу тэр хүний бодол санаа, хүсэл зорилго, уйтгар гуниг, аз жаргал, мөрөөдөл гээд бүх л мэдрэмжийг өөрийнхөө биед оруулдаг.
Огт танихгүй, мэдэхгүй хүнийхээ мэдрэмжийг өөрийнхөө биед оруулаад тэрийгээ үзэгчдэд ойлгуулах гэж байна гэдэг чинь нөгөө биедээ оруулсан хүнээ бусдад бүрэн утгаар нь илэрхийлж харуулж байна гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа бол маш хэцүү байсан. Жүжигчин хүмүүс мэднэ дээ, ер нь кинонд тоглоход амар хялбар байлаа гэж ярьдаггүй шүү дээ.
Кинон дээрээ нэг ч Монголоор ярьдаггүй дан Манж хэлээр ярьдаг гэсэн. Тэгэхээр Манж хэлийг маш сайн сурсан байх. Сурахад хэр хэцүү байсан бэ?
Одоо Манж хэлээр ярьдаг хүмүүс энэ дэлхий дээр маш ховор байдаг. Цаасан дээр түүх болж үлдсэн хэл гэж бараг хэлж болно. Тийм болохоор бид нар анх их төөрөлдсөн. Манж хэлийг яаж сурах юм бэ гээд аргаа нэг л олохгүй байсан. Манж хэлийг суралцахаас гадна Манж хэлээр киноныхоо бичвэрийг хөрвүүлэх гээд маш том ажил болсон. Манай продакшны жүжигчин н.Алтаншагай бид хоёр МУИС дээр очоод маш олон жил хэл судлалын чиглэлээрээ ажиллаж яваа хэл судлалын хүндэт профессор, доктор Магсаржавын Баярсайхын багш дээр очоод 2 сарын турш хичээлд нь суусан. Бараг л буцаад оюутан болсон шүү. /Инээв/
М.Баярсайхан багштай уулзахад бидэнд Манж хэл бол Монгол хэлтэй өгүүлбэр зүйн бүтэц нь яг ижилхэн гэдгийг хэлсэн. Түрэг, Казак, Монгол, Солонгос хэлүүд чинь өгүүлбэр зүйн бүтэц нь ижилхэн дараалалтай байдаг шүү дээ. Манж хэл ч гэсэн мөн яг адилхан юм билээ. Тэгээд бид нар өгүүлбэр зүйн бүтцээ ойлгоод, үгнүүдээ цээжлээд өөрийн болгосны дараа аялганы асуудал гарч ирсэн. Ямар үгийг хэрхэн яаж хэлэх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Тэгээд судлаад үзсэн чинь яг одоо энэ манж хэлээр ярьдаг Хятад улсад амьдардаг хэсэг бүлэг хүмүүс байдаг юм байна лээ. Эртний Чин улс мөхсөнөөс хойш дүрвэж яваад үлдсэн нилээн Хятад маягийн тэр хүмүүс нь Манж хэлнийхээ уугуул аялгыг хадгалж үлдсэн юм байна лээ. Тэгээд багш маань тэр хүмүүсийн бичлэгийг үзүүлээд аялгыг нь сонсгосон. Дэлхий дээр 10 орчим сая Манж гаралтай хүмүүс байгаа юм байна. Тэр хүмүүс нь нийлээд хэл соёлоо сэргээх тал дээр ажиллая гээд бөөндөө санаа солилцож чуулга уулзалт зохион байгуулдаг. Тэр уулзалтын үеийн бичлэгүүдийг болон Манж аялгаар ярьдаг хүмүүсийн бичлэгүүдийг үзэж их хичээж байж сурсан шүү.
Яг Манж улс судлалын тухайд дэлхийд Монголын түүхчид их өндөрт бичигддэг юм байна лээ. Яагаад вэ гэхээр Монголын түүх бол Манж улсын түүхтэй салшгүй уялдаа холбоотой. 200 жил эрхшээлд нь байсан, өв соёл бүх юмыг нь дэргэдээс харж байсан учраас тэр шүү дээ. М.Баярсайхан багш маань Японд хүндэт профессороор урилгаар багшилж байгаа. Багшдаа баярлаж талархсанаа илэрхийлмээр байна.
Мөн нэг зүйлийг дурдахгүй байхын аргагүй. Манай кинонд маш олон хүмүүс сэтгэл зүрхээ зориулан ажилласан. М.Баярсайхан багшаас маань гадна МУИС-ын түүхийн тэнхимийн багш, профессор эрдэмтэн Ц.Цэрэндорж ах байна. Маш их мэдлэгтэй, өндөр боловсролтой хүмүүс бидэнд зааж сургасан болохоор сайн сурч чадсан гэж хувьдаа бодож байгаа.
Өөрөөсөө тэс өөр харь орны Манж хүний дүрийг бүтээсэн болохоор шантрах үе байсан болов уу?
Хамгийн анх кино зохиолоо аваад Манж хэл дээр уншаад юу вэ л гэж бодсон. “Үмэ гаха гэсэ киари”-“Битгий хэрээ шиг гуагач” гэсэн утгатай үг. Одоо овоо аятайхан хэлээд байна шүү. /Инээв/ Бүрэн хэмжээний уран сайхны киноны эсрэг талын гол дүр учраас маш их бичвэр байх нь ойлгомжтой. Манж хэл дээр орчуулаад ирсэн бичвэрүүд 30 гаран нүүр байсан зөвхөн миний бичвэр шүү дээ. Тэгээд тэр болгоныг цээжлэхгүй өөртөө суулгана, бүх үг өгүүлбэрийг өөрийн болгоно, тэр хэлээрээ ярина, дээрээс нь дүрийн тоглолтоо оруулна гээд маш их хэцүү байсан. Зарим үед хэлэх үгээ алдаад толгойд орж ирэхгүй байх үед бүх юмыг хаяад зүгээр зугтаачихмаар санагдсан тийм үе ч байсан.
Тэр үедээ тэгээд л өөртэйгөө жич ярина даа. Би чинь ер нь хэн билээ, яагаад СУИС-ийг 4 жил сурч төгсөөд бакалаврын зэрэгтэй мэргэжлийн жүжигчин гэдэг нэрийг зүүж яваа билээ. Шантарч болохгүй илүү их хичээх хэрэгтэй гээд өөртөө хэлдэг байлаа.
Ер нь бол урлаг хүн бүхэнд нээлттэй л дээ. Хэн ч кинонд тоглож өөрийгөө нээж, хөгжүүлж болно. Тэр бусдаас би юугаараа ялгарах ёстой юм бэ гэж дотроо их боддог л доо. Бусдыг муулж байгаа зүйл огт биш шүү, би өөрийгөө л би ярьж байгаа юм.
Би бусдаас илүү мэргэжлийн байх ёстой, мэргэжлийн уран чадвартай байх ёстой, мэргэжлийн үнэлэмжтэй байх ёстой гэж бодож уран бүтээл бүр дээрээ сэтгэл зүрхээ зориулж өөрийгөө дайчилж хичээж ажилладаг.
Дүр сонголтын тал дээр найруулагч нь шууд сонгож өгсөн үү? Аль эсвэл өөрөө энэ дүрд тоглоё гээд тоглосон уу?
Кино, уран бүтээл болгон дээр янз янз л даа. Жүжигчин хүн өөрөө зохиолоо уншаад би энэ дүрд тоглоё гээд найруулагчдаа хэлдэг тохиолдол ч байдаг. Найруулагч шууд өөрөө хараад энэ дүр дээр тэр, тэр гээд сонгодог тохиолдол ч байдаг. Гэхдээ ихэвчлэн найруулагч сонгодог. “Зүрхний хилэн” киноны хувьд найруулагч маань өөрөө шууд дүрүүдийн сонголтуудаа хийсэн. Эрболдын дүрд М.Баярбат, Фунь жоу-гийн дүр дээр Б.Барслхагва гэх мэтээр дүрүүдээ хуваарилсан.
Ойрын хугацаанд ямар уран бүтээл дээр ажиллах вэ?
Он гаргаад “Маш нууц 2” кино маань нээлтээ хийнэ. Тэрний ажлууд руу бид нар бөөндөө орно доо. “Фантастик” продакшн болон “JIIJ” продакшны хамтарсан уран бүтээл “Маш нууц” уран сайхны кино бол өөрөө цэрэг армийн төсөл. Энэ бол маш нууц гэдэг малгайны доор явж байгаа олон төслүүд гэж ойлгож болно. Монголын армитай холбоотой болж байсан нууцлаг, хүмүүсийн дунд маргаантай байдаг үйл явдлуудыг эл болгох зорилготой ийм төсөл юм.
Тэрнээс гадна манай “Фантастик” продакшны төлөвлөсөн маш олон ажлууд байгаа. Дахиад нэг түүхэн кинон дээр бас ажиллана.
Мөн бидний нэг том зорилго бол гадны зах зээлд Монгол киногоо гаргах тал дээр ажиллаж байгаа. “Зүрхний хилэн” киногоо ч гэсэн гадаадын орнуудад гаргах тал дээр анхаарч ажиллаж байгаа.
Сайн уран бүтээл хийж олон улсад Монгол уран бүтээлчид яаж кино хийдэг, жүжигчид, найруулагч гээд кино баг хамт олон хэрхэн ажиллаж чаддагийг манай продакшны залуус дэлхийд таниулж харуулахыг зорьж байна.
Кино зураг авалтанд олон сараар явж ер нь маш завгүй байдаг байх. Энэ их ажлын хажуугаар өөртөө цаг гарвал юу хийх дуртай вэ?
Тэр тийм шүү. Зураг авалттай үед маш завгүй байдаг. “Зүрхний хилэн” кино маань намар, өвөл, хавар, зун гээд 4 улирал дамнаад зураг авч байхад амрах хугацаа маш бага байсан. Өөртөө цаг гарвал чөлөөт цагаараа хөл бөмбаг үзнэ, хааяа найзуудтайгаа нийлж хөл бөмбөг тоглодог. Бас кино үзэх маш их дуртай. Эхнэртэйгээ хамт кино театруудаар өдөрт 2, 3 кино үзээд л явдаг. Сүүлдээ эхнэр маань залхаад “За одоо больё оо” гэдэг шүү. /Инээв/
Олон сар кино зураг авалттай гээд явахаар гэргий нь хэр хүлээж авдаг вэ? Ар гэрийн ажлаа ганцаараа зохицуулахаас эхлээд эхнэрт нь их үүрэг ирдэг байх?
Яаж ч бодсон хэцүү л байдаг байх. Гэхдээ намайг миний гэргий маш сайн ойлгож дэмждэг. “Зүрхний хилэн” кинон дээр л гэхэд 6 сар зураг авалттай гээд л гэртээ олон сар байхгүй байж байгаад л ирнэ. Ирээд удахгүй дахиад л зураг авалт гээд яваад өгнө. Ер нь хэцүү л дээ. Би эмэгтэй хүний ханиа ойлгох, дэмжих тэр ухаан амьдралыг залж явдаг гэж боддог. Нөхөр яаж явахыг эхнэр л мэддэг байх даа. /Инээв/
Хувь хүнийхээ хувьд бүтээсэн дүрүүдээсээ гадна тийм дүрд тоглох юмсан гэж хүсэж явдаг дүр байдаг уу?
Миний нэг мөрөөдөл бол 13-р зуунд Монгол улс маш хүчирхэг байсан үеийн кинонд нэг баатар эрийн дүрд тоглох юмсан гэж их боддог. Хэн байх нь бол чухал биш л дээ. Яагаад гэвэл тэр үед Монгол улс дэлхийг гайхалтай байлдан дагуулдаг байж, хүмүүс нь их үнэнч байж, тэр үеийн эрчүүд, эр цэргүүд болон баатруудын оюун санаа бодол нь их хүчирхэг, эрэлхэг байсан. Яг тийм нөхцөлд тэр үеийг харуулсан киноны гоё дүрд тоглох юмсан гэж боддог доо. Энэ талаараа хийх ажлуудыг ирээдүйд төлөвлөсөн байгаа.
Жүжигчин мэргэжилтэй хүн амьдрал дээрээ бусдад мэргэжлийнхээ онцлогийг гаргаж бусадтай жүжиглэж харьцаж чаддаггүй гэдэг энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Би гэдэг чинь хувь хүн шүү дээ. Жүжигчин гэдэг бол миний мэргэжил. Тийм учраас юу гэж мэргэжлээрээ ажиллаж байгаагаас бусад үед гудамжинд гараад хүн хүнтэй өөрөөрөө биш жүжиглэж харьцана гэж байхгүй. Барсаа гэж ямар хүн бэ гэдгийг миний гэр бүл, найзууд, миний эргэн тойрны хүмүүс бүгд л мэднэ шүү дээ. Эсрэгээрээ тэр хүмүүс намайг ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй байх чинь харин жүжиглэх юм болов уу даа.
Жүжигчний мэргэжил гэдэг чинь бусдын туулж өнгөрүүлсэн амьдрал, түүхийг эсвэл хүний оюун санаанаас гарсан дүрийг , найруулагчийн хэлэх гэсэн санааг, зохиолчийн эмзэглэж яваа сэдвийг дамжуулдаг хамгийн гол гүүр нь байдаг. Энэ бол хүнийг хуурч байгаа, мэхэлж байгаа, жүжиглэж байгаа зүйл огт биш юм аа. Бид нарыг сургуульд сурч байхад манай багш нар битгий жүжиглэ, жүжиглэж болохгүй, үнэн л байх ёстой, энэ дүрд чи амьдрах ёстой л гэж заадаг байсан.
Би жүжигчин гэдэг нэршлийг буруу нэршил юм болов уу гэж боддог юм. Нэг талаараа хүмүүс чинь муу юман дээр их ашигладаг шүү дээ. “Энэ муу их жүжигчин, наа чинь жүжиглээд байгаа юм биш үү” гээд л зарим хүмүүс бусдыг муугаар хэлэх тохиолдол байдаг.
Гэхдээ ингээд нэгэнтээ тогтсон нэршлийг би өөрчилнө гэж юу байхав. Хэрвээ миний бодлоор болдог бол тоглогч ч гэдэг юм уу эсвэл арай өөр нэрээр нэрлэсэн бол зөв байх байсан болов уу гэж би хувьдаа боддог.
Уран бүтээлч хүмүүсийн хувьд нэг тулгардаг том асуудал бол оюуны өмчийн хулгай байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? Миний хувьд хүмүүс муу бичлэгтэй киног үзсэнээс илүү уран бүтээлчдээ хүндлээд кино театрт очоод үзсэн нь өөрт нь илүү сэтгэл ханамжтай байх юм шиг санагддаг юм.
Би яг өөрийн бодлоо хэлэе. Юуны өмнө оюуны өмч гэж юу вэ гэдгийг хүн бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол цэвэр хүмүүсийн ухамсрын асуудал гэж би боддог юм. Цахим орчинд тавигдсан муу бичлэгтэй хулгайн киног хэн ч үзэж болно. Үзэж байгаа хүн бол дотроо юу ч бодохгүй хулгайн кино үзэж байна ч гэж бодохгүй. Тэгэхээр хүмүүс энэ бол хулгай юм аа гэдгийг ойлгож үзэхгүй байх хэрэгтэй. Нөгөө талаасаа өөрийгөө үгүйсгэж байгаа хэлбэр юм шүү дээ.
Кино театрт эсвэл дараа нь IPTV-д орсных нь дараа үзэх гэсэн киногоо үзчих бүрэн боломжтой. Мөнгөний боломжгүй кино театрт кино үзэж чаддаггүй хүмүүс байгаа нь үнэн. Гэхдээ IPTV-д орсных нь дараа олуулаа нийлж байгаад худалдаж аваад үзчихэд нэг их асуудал гарахгүй байх.
Жишээ нь гэхэд манай “Маш нууц” кино IPTV-д ороод нэг хоногийн дараа би хөдөө явсан юм. Би “18 нас би чамд хайртай” киногоо аваад хөдөө орон нутгуудаар гаргаад явж байгаад Ховд аймагт онгоцноос буугаад Ховд аймгаасаа Говь-алтай руу автобусанд суугаад явж байхад автобусан дотор манай кино гарч байсан. Уран бүтээлч хүний хувьд их эмзэглэмээр санагдаж байсан.
Тэгээд одоо захуудаар явбал Монголын шинэ, хуучин бараг бүх киног CD болгоод нүүрийг нь гоё хэвлээд хайрцаглаад өрөөд тавьчихсан байдаг. Үнэ нь 1500-2000 төгрөгөөр зарж байх жишээтэй.
Миний бодлоор ингэж оюуны хулгай хийдэг хэдхэн хүн байгаа. Энэ хүмүүс бол маш баян хүмүүс байгаа. Хулгайгаар баяжиж мөнгө олж байгаа хүмүүс байхгүй юу. Одоо манай “Дижитал контент”, “Монгол контент”-ын залуус албан ёсоор энэ хулгайг зогсоох тал дээр хөөцөлдөөд яваад байгаа юм билээ.
Хулгайгаар бусдын уран бүтээлийг хуулбарлаж олонд тараадаг нэг л газар бий. Тэр бол Нарантуул зах. Асууж сураглаад хүмүүсээс энэ CD-гээ хаанааас авсан бэ гэхээр Бөмбөгөр худалдааны төв гэнэ. Бөмбөгөр дээр очоод асуухаар Нарантуул зах л гэж хариулдаг. Нарантуулд л тэр хулгайг хийж олон нийтэд хууль бусаар тараадаг хүмүүс байдаг гэж би бодож байна.
Мөн дээрээс нь манай оюуны өмчийн газар үүний эсрэг сайн анхаарч ажилладаггүй юм шиг санагддаг. Уг нь бол энэ оюуны хулгайг зогсоох бүрэн боломжтой шүү дээ. Энэ тал дээр манай бүх салбарын уран бүтээлчид дуучид, жүжигчид, зохиолчид, телевизийн салбарынхан болон сэтгүүлчид гээд бүгд анхаарах цаг ирсэн. Тэгэхгүй бол таны оюунаас гарсан бүтээлийг нэг хүн хулгайлаад өөрөөс нь илүү баян цатгалан амьдраад байна шүү дээ. Одоо тэр зүйлийг зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авч, хулгай хийгээд байгаа тэр хүмүүсийг олж илрүүлээсэй, энэ асуудлыг зогсоогоосой гэж хүсдэг.
Баярлалаа “Фантастик” продакшны хамт олонд болон өөрт тань урлагийн өөд үргэлж тэмүүлж явахыг хүсэе. Ярилцсанд баярлалаа.
Та бүхэнд ч гэсэн цаашдын ажилд нь амжилт хүсэе.
Сэтгүүлч: Э.Анударь
Эх сурвалж: www.SETGUULCH.mn