Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч   Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн онд улсынхаа эдийн засгийг сэргээх амлалт өгсөн.

Нүүрсний ханш дэлхийн эдийн засаг дээр сэргэснээс хойш Монгол Улсын эдийн засаг харьцангуй сэргэж байгаа.  Хэдийгээр Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газар огцорсон ч тэрбээр томоохон төслүүдийг дахин сэргээхэд багагүй хүчин чармайлт гаргасан. Харин өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар огцорсны дараа Олон улсын валютын сан тус улсад хийх ээлжилт санхүүжилтээ хойшлууллаа. Монгол Улсад өнгөрсөн тавдугаар сараас Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.  Тус улсад хэрэгжих энэ хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах юм. Хэлэлцээрийг хэлэлцэн тохиролцсон Монгол Ардын намын тэргүүлж буй Засгийн газар огцорсон нь ийнхүү ОУВС ээлжит санхүүжилтээ хойшлуулахад хүргэсэн байж болзошгүй юм. ОУВС ээлжит санхүүжилтээ  Монгол Улсын дараагийн Засгийн газар байгуулагдсан цагт л олгох аж. Монголын шинэ Ерөнхий сайд энэ сарын сүүлч гэхэд томилогдох бөгөөд 2004 оноос хойш тус улсын нэг ч Ерөнхий сайд бүрэн эрхийн буюу дөрвөн жилийн хугацаагаа дуусгаж чадсангүй.

Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нейл Сакер “Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа бид эрх баригчидтай эдийн засгийн төлөв байдал, цаашид баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрхэн урагшлуулах талаар ярилцах болно” гэв. Эдийн засгийн шинжээчид Засгийн газраа хугацаанаас нь өмнө огцруулсан нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Тухайлбал шинжээч Хенри Нгуой “Шинээр байгуулагдсан Засгийн газар өмнөх Засгийн газрын бодлогыг баримтлах нь тодорхой. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах эрсдэлтэй” гэв.
 

Үндэсний шуудан сонин