Их хурлын ээлжит бус чуулганаар “мэргэжлийн” гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон. 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч намын засаг ийнхүү жил гаруй хугацааны дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Засгийн газрыг огцруулах гурван үндэслэл байна гэж Т.Аюурсайхан тэргүүтэй гарын үсэг зурсан намынх нь 31 гишүүн үзсэн. Үүнд: боловсон хүчний бодлогын алдаа буюу мэргэжлийн Засгийн газар байгуулаагүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ба жаран тэрбум, концесс, хүүхдийн мөнгөний асуудал болоод эдийн засгийн дампуурал багтана. Төрийн албыг хууль бусаар худалдаж авах гэсэн жаран тэрбумын бичлэг үнэн гэдэг нь батлагдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намын ялагдал хүлээсэн гол шалтгаан энэ. Жаран тэрбумын ерэн минутын бичлэг ерэн жилийн түүхтэй ах намд арилшгүй хар толбо үлдээсэн.

Засгийн газрын кабинетын удирдлага сул, гишүүд нь мэргэжлийн бус гэсэн шүүмжлэл засаг байгуулагдахаас л гарсан. Гэвч ялсан намын дарга нь Их хурлаа удирдаад өөрийн хүнийг Засгийн газрын тэргүүнээр томилсон нь эхнээсээ том алдаа болсон. Өнөө “Мэргэжлийн засаг байгуулна” хэмээн сонгуульд ялсан нам амлалтаасаа 100 хувь буцаж, мэргэжлийн бус хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Ямар сайндаа “Мэргэжлийн засаг уу, Миеэ-гийн засаг уу. Монгол Улсын Засгийн газар уу, Морин спорт уяачдын холбооны Засгийн газар уу” гэх яриа нийгэмд хүчээ авч байхав.

Мөн засаг унах гол үндэслэлийн нэг нь төсвийн хууль, Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчсөн гэгдээд буй алдарт долоон концессын 807 тэрбумын асуудал. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаярын МАК компани 78 тэрбум 752 сая, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Алтай трест” 77 тэрбум 695 сая, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбатын “Засагт чандмань майнз” компани 162 тэрбум 869 сая төгрөгийн концессын гэрээ байгуулсан. Энэ нь мэдээж бусад гишүүдийн атаархлыг төрүүлэлгүй яав гэж. Тэд адилхан барьцаж эхэлнэ. Тиймдээ “Концессыг буруутгаад байгаа юм биш. Бүх гишүүд тойрогтоо цэцэрлэг сургууль барих хэмжээний мөнгийг сайд нар өөрсдөө концесс нэрээр авчихаад байгааг эсэргүүцээд байна” гэж гишүүд хэлж байв.

“Хүүхдийн мөнгийг ялгавартай өгч эхэлсэн. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын шийдвэргүйгээр бүх хүүхдэд мөнгө олгосон нь төсвийн хууль, ОУВС-гийн өмнө амласнаа зөрчсөн. “Эрдэнэс таван толгой” эдийн засгийн 5.3 хувийг хангаж байгаа гол обьектуудын нэг. Төсвийн тодотголд үүнийг суулгалгүйгээр эдийн засгийн өсөлт -0.2 хувьтай байна гэж үзэн долоон төрлийн татвар нэмсэн. Ингэснээр “Эрдэнэс таван толгой”-н 49 хувийг гадныханд зарах гэсэн оролдлого хийсэн. Дээрээс нь Ж.Эрдэнэбатын засгийн үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр удаа бууруулж, дампуурлын ирмэгт авч ирлээ. Энэ бол Засгийн газар чадваргүй, үйл ажиллагаа нь удаан байгааг илтгэж байна” гэх зэргээр огцруулах үндэслэлүүдийг гаргаж ирсэн. Энэ бүхэн зөвхөн өнгөн талдаа харагдаж байгаа зүйл. Үндсэндээ засаг огцрох гол үндэслэл биш.

Харин Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар чуулганы хуралдаан дээр Засгийн газрыг яагаад огцруулж байгаа вэ гэдгийг маш тод ойлгогдохоор хэлсэн. Ц.Нямдорж “Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч байх үедээ улс төрийн намуудыг самарсан. МАХН-ыг зориуд дээд шүүхээр бүртгүүлж самарсан. Дараа нь Ардчилсан намыг дотор нь самарч Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан. Тэр явсаар байгаад өнөөдрийн байдалд хүргэж байгаа шүү. Энэ хүн Монголын хууль хяналтын байгууллагад захиалгат хүн томилсноос хууль хяналтын байгууллагууд улс төрийн цагдаа болсон. Шоронд хүн хоригдож байгаад үхэж байлаа. Улс төрийн цагдаа нар хэзээ ажлаа зогсоохыг мэдэхгүй байна. Мөн Худалдаа хөгжлийн банк гэдэг улс төр бизнесийн бүлэг байгуулж, түүний хумс манай намд орж ирсэн. Энэ хуйвалдааныг нь манай намынхан зогсоохын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй. Тийм болохоор Засгийн газар огцрох ёстой гэж би гарын үсгээ зурсан” гэв. Л.Оюун-Эрдэнэ “Монгол төрийн бодлого төрийн ордонд биш хэсэг компанийн оффист болдог нь “Эрдэнэт” дээр харагдсан учраас гарын үсгээ зурсан” гэж мэдэгдсэн. Энэ хоёрын хэлснээр эрх баригч нам иргэн Элбэгдоржоос айгаад Засгийн газраа огцруулж байгаа нь тодорхой уншигдаж байна. Нямдоржийн үгнээс бүр ч тодорхой ойлгогдож байна.

Энэ намынхан “МАНАН” бүлэглэл гэж ярьцгаадаг. “МАНАН” бүлэглэл гэж ер нь юу юм, хэн хэн багтдаг юм гэдгийг хэлчих зоригтой хүн байдаггүй. Тэгвэл МАН-ын Т.Бадамжунай, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банк, “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмэт” нэгдэл, “Эм Си Эс” групп ордог. Үндсэндээ уул уурхайн энэ бүлэглэлийг “МАНАН” гээд байгаа. Тэгэхээр уг бүлэглэлийн намдаа орж ирсэн “хумс”-ыг жаран тэрбумын бичлэгт яригдсанчлан “аалз шиг үе мөчөөр нь тасдана” гэгчээр тасдах санаатай “мэргэжлийн” гэх Засгийн газрыг огцруулж байна.

Үүний нарийн учрыг намын жирийн гишүүд байтугай Их хурлын зарим гишүүд нь ойлгохгүй байна. Хэн хэнийг “МАНАН” гэдгийг, хэнээс салах гээд байгаагаа наадуул чинь айгаад үнэндээ хэлж чаддаггүй байхгүй юу. Энэхүү “МАНАН”-г Ерөнхийлөгч “Уул уурхайн бүлэглэл ердөө 30 гэр бүл Монголын баялгийг цөлмөж байна” гэж хэлдэг. Харин иргэний хөдөлгөөнийхөн болоод энэ намынхан МАНАН гэдэг. Сүүлийн үед “ХАР ХҮЧ”-ийг сарниана гэж ярьцгаадаг болсон байна лээ. МАНАН нь ХАР ХҮЧ нэртэй болсон юм уу даа. МАНАН гэдгийг Ардын намын бодлого баригчид л мэдэж байгаа. Хөөрхийлөлтэй нь Их хурлын зарим гишүүд нь улс төрийн ийм нарийн асуудлыг байтугай энгийн зүйлийг ч мэдрэхгүй байгаа харагдах юм.

Уул уурхайн хар хүчний бүлэглэл(сүүлийн үеийн нэршил)-ийн толгойлогчийг Миеэгомбын Энхболдыг гэж үздэг юм шиг байна. Ер нь тэгж харагдаад байгаа. Түүний нөлөөллийг байхгүй болгохын тулд намаасаа дэвшүүлэн зайлуулна гэдгийг журмын нөхөд нь дор бүрнээ бодоцгоосон. Дэвшүүлээд зайлуулна, эсвэл дэвшүүлээд унагаад зайлуулна гэж аль аль хувилбараар нь л бодсон байх. Харин “Хар хүч”-ний толгойлогч өөр зүйл бодсон байж таараа. Хүн ер нь албан тушаал, эрх мэдэлд ханана гэж байх биш. Тэр хүн ч гэсэн Ерөнхийлөгч болоод бүгдийг нь эрхшээнэ гэж бодсон байх. Хэрвээ Энхболд Ерөнхийлөгч болсон бол Монголын төрийг тэр чигт нь атгах байжээ. Учир нь өөрийн Ерөнхий сайдтай, өөрийн намын даргатай, өөрийн Их хурлын даргатай байх байж. Гэвч Ерөнхийлөгч болж чадалгүй, бүгдийг эрхшээж атгандаа оруулах хүслээ биелүүлж чадалгүй газардсан. Яг энэ үеийг нь далимдуулаад, унасан дээр нь дөрөөлөөд “Хар хүчний бүлэглэл”-ээс салахаар Засгийн газрыг огцруулж байна. Цаг хугацааны тохироо гээч нь ингэж бүрдэв бололтой.

Намын жирийн гишүүд, Их хурлын жул гишүүд “Хоёрхон сарын дараа намын их хурал болно. Намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалаа хашаад явах боломжтой. Тэгэхээр хоёрхон сарын настай Засгийн газар байгуулах юм уу” гэж гайхашралаа бараад байгаа нь ийм учиртай. Тэд үнэндээ ойлгохгүй байна. Энэ бол их энгийн ойлголт юм. Ухаандаа намын даргын суудлыг мөрөөдөж байгаа Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын хувиар намынхаа их хуралд оролцоход ямар хүчтэй харагдах билээ. Түүнийг эгэл жирийн гишүүд нь Монголын төр л гэж хүлээж авах нь тодорхой . Тэгээд шууд намын дарга болно. Олны саналыг ядах юмгүй авна. Харин Ерөнхий сайдын сэнтийгээс хусч хаяад, жолоо цулбуурыг нь эвхээд намын даргад өрсөлдүүлэхэд тэр хамгийн зөөлөн боорцог. Албан тушаалаа дагаад нэр хүнд нь унасан байна. Үндсэндээ эрх баригч намын даргын суудалд суух бололцоогүй болно гэсэн үг. Ганцхан жил ажиллаад огцорч байгаа Ерөнхий сайдыг намынхаа даргаар томилж байдаг “эргүү толгойнууд” гэж хаа байхав. Ийм тактикаар наад хэд чинь намын их хурлынхаа өмнө яаруу сандруу Засгийн газраа огцруулж, “Миеэ”-гийн хүн гэгддэг Эрдэнэбатаас салж байгаа юм.

Яг нарийндаа, “Хар хүч”-ний буюу “МАНАН”-гийн бүлэглэлээс салж байгаа хэрэг. Ерөнхийд нь аваад үзвэл иргэн Ц.Элбэгдоржоос айж Засгийн газраа огцруулж байгаа нь хачирхалтай. Тэр хүн үнэхээр эрх баригч намынхан айн чичрээд засгаа хүртэл унагаад байхаар эрх мэдэл, албан тушаалтай хүн мөн билүү. Зүгээр л энгийн иргэн шүү дээ. Монголчуудын хэлдгээр энэ нь “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр юм болж өнгөрлөө. Ц.Нямдоржийн дээр хэлсэн үгэн дотор “Монголын хууль хяналтын байгууллагад захиалгат хүн томилсон” гэж бий. “Захиалгат хүн, улс төрийн цагдаа” гэж АТГ-ын Энхжаргал, Тагнуулын Хурц нарыг хэлээ биз гэж тааж байна. Тэгвэл тэр хоёрыг нь огцруулаад болчих байсан юм биш үү.

Эцэст нь хэлэхэд, ах намын нөхөд өөрсдийн байгуулсан Засгийн газартайгаа хариуцлага тооцон огцруулж байгаа нь хувьсгалт дэвшил юм. Засаг унах нь гадны хөрөнгө оруулалтаас аваад эдийн засагт сөргөөр нөлөөлдөг муу талтай ч ажил хийдэггүй, ард түмнийхээ амьдралыг өөд татахыг боддоггүй засгаа ардын нам унагаж чаддаг юм гэх горьдлогыг олон нийтэд төрүүллээ. Харин одоогийн байгуулагдах шинэ засгийн Ерөнхий сайдаа “Хар хүч”-ний бүлэглэлийн гишүүн биш хүнээр тавихаа эрх биш мэдэж байгаа байлгүй, энэ намынхан.

НОРОВЫН ГАНТУЛГА