Намрын улстөрийн сцинарийг хэн сайн тохироо хийж чадна, тэр хүн л гол зохиолыг нь гаргаад байх шиг.  Ямар нэг наадам, цэнгээнд найрааг нүдний гэм мэт үзэж, шударгаар барилдахыг шаарддаг бол улс төрчдийн тохиролцоог бараг л  баярлах нь холгүй хүлээж авдаг болсон нь нэгийг нь бодогдуулам.

Уг чанартаа бүгд л шударга ёсыг эрхэмлэх байтал хүч бяраараа олныг баясгагч бөхчүүдээ хуйвалдааны жинхэнэ эздээс ч дорд үзэх нь өнөөгийн нийгмийн шинж мэт.

 

 

Налгар намрын “найраатай” энэ өдрүүдэд манай улс төр хүлээлтийн байдалтай байна. Өөрөөр хэлбэл улс төрчдийг хэрхэн өөр хоорондоо тохиролцож, албан тушаалын наймаагаа хэрхэн хийж, авдаг хэдийгээ хэрхэн үржүүлэхийг нь хуруу даран хүлээж, бас харж сууна. Ес дүгээр сар бол ажлын ид үе. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашлах цагийн эхлэл. Ирэх өвлийг хэрхэн давж, хаврын урьтай золгохыг шийддэг сар. Гэтэл улс төрчид төсвийн тодотгол, ирэх оны төсөв гэх мэт чухал асуудалдаа анхаарал хандуулахын оронд Засгийн газраа байгуулах, Ерөнхий сайдаа сонгох гэх албан тушаалтай зууралдсаар байгаа нь ирэх өвөл зутрахын цондон гэлтэй.

 

Дүр зургаас харахад Ерөнхий сайд хэн болохоос хамаарч, улс төрийн үйл явдал  өөр өөр өнгөөр өрнөх нь тодорхой болоод буй. Гэвч эрх баригч МАН-д ганц дутагдал бий. Өнгөрсөн жилүүдэд намын дарга нь Ерөнхий сайд болж, Засгийн газраа удирддаг бичигдээгүй хууль энд үйлчилдэг. Тээр жил С.Баяр намын даргынхаа суудлыг Сү.Батболдод өгөхөд тэрбээр автоматаар Ерөнхий сайд болж байсан. Тиймээс МАН-ын даргыг албан тушаалд хэн суухаас монголын ирээдүй хамаарна гэсэн үг. Тус намыхан энэ сарын 25-нд Бага хурлаа хийнэ. Хэд хэдэн чухал шийдвэр гаргахын өмнө МАН-ын даргад өрсөлдөж буй албан бус нэр дэвшигчдийг сонжиж үзлээ. МАН-ын даргад У.Хүрэлсүх итгэл төгс өрсөлдөнө хэмээн мэдэгдсэн бол Ж.Энхбаяр, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг цахимынхан нэр дэвшүүлж байна. Энэ хувилбар байж болох учир тэдний улс төрийн замналын талаар багахан ч болов эргэн сануулахын хичээв.

 

У.Хүрэлсүх

 

МАН бол Ардчилсан нам шиг фракцилаад байдаггүй нам хэмээн сайрхдаг ч үнэн хэрэгтээ хэдэн хэсэг болчихсон. Тэдний дунд хүчтэй хоёр бүлэглэл байдгийн нэг нь энэ хүний эсрэг нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс гэхэд хилсдэхгүй. Уг нь У.Хүрэлсүх намынхандаа болоод ард иргэдийн дунд нэр хүндтэй. Улс төрийн соёл гэдгийг өөрийн биеэр харуулсан эрхэм гэж түүнийг үнэлдэг. Үнэндээ түүнээс өөр ямар ч хүн намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа үүрч, төрийн өндөр албан тушаалаас  татгалзсан хүн байхгүй. Бусад хүмүүсийн нүдээ өгөхөөс ч буцахгүйгээр тэмцэж авдаг албан тушаалыг зүгээр л өргөдөл бичээд хүлээлгээд өгчихдөг аавын хүү өнөө цагт өдрийн од мэт ховор билээ. Сайны хажуугаар саар гэгчээр энэ үйлдэл нь бусад хариуцлага үүрээгүй нөхдөө харлуулсан зүйл бий. Энэ нь нам дотроо түүний эсрэг хуй салхи босох үндэслэл болсон нь ч үнэн. У.Хүрэлсүх бол ийм, тийм хэмээн хар өнгөөр будах, дайрах бүхэл бүтэн салааг бий болгосон. Гэхдээ түүнээс өнөөгийн улс төрд хамгийн их үгүйлэгдээд байгаа, ард түмний хамгийн их хүсэмжлээд байгаа улс төрийн соёл, хариуцлага бага ч болов үнэртдэг нь яах аргагүй үнэн билээ. Нөгөөх булавч бултайна, дарав дарайна гэдэг шиг. Түүнээс намыхаа төлөө юу хийсэн бэ асуух хүн байдаг. “Эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй” гэх философитой тэрбээр намынхаа үнэт зүйл, үзэл санааг хамгаалж 20 гаруй удаагийн жагсаал цуглааныг нөхдийнхөө хамт зохион байгуулж, Ардын намын улаан хамгаалагч гэсэн нэр хоч хүртэл зүүж явсан. Намынхаа шатсан тугийг парламентын танхимд барьж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж, шатсан намынхаа байрыг журмын нөхдийн хамт шинээр барих ажлыг удирдаж байсан гээд тоочих зүйл нэлээд билээ.

 

Н.Энхболд

 

УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд гэм зэмгүй, хийгүй улстөрчийн буурь заадаг нэгэн. Тиймдээ ч МАН-ын дараагийн лидерт зүй ёсоор тооцогддог.  Тэрбээр Төв аймгийнх. Сонгууль болохоор л М.Энхболдтойгоор хөтлөлцөөд нутгийн зүг хөлгийн жолоо залдаг нь тэд ганзага нийлдэгийнх бизээ. Гэхдээ тэрбээр цаг үеэ олоогүй нөхцөл байдалд намын даргын төлөө өрсөлдөхөөр гарч ирж байна уу гэж хардаж болохоор. Огцорсон Засгийн газрыг хэдийгээр Ж.Эрдэнэбат авторлодог байсан ч үнэндээ М.Энхболдынх гэдэг. Засгийг огцруулах ээлжит бус чуулганы үеэр энэ талаар УИХ-ын цөөнгүй гишүүд хэлээд авна билээ. Тиймдээ ч хэрэвзээ Н.Энхболд намын даргаар сонгогдож улмаар Ерөнхий сайд болбол М.Энхболдыг Н.Энхболдоор сольсон төдий болно эмээх хүмүүс байна.

 

Н.Энхболд ги­шүүний хувьд Монголын туршлагатай улстөрч гэвэл үнэн. Энэ буурь сууриа хэзээ ч алдахыг хүсдэггүй. Насаараа УИХ-ын гишүүн хийсэн түүний халаасанд  намын дарга цаашлаад  Ерөнхий сайдын албан тушаал өлхөн багтана. Бас түүнийг дэмжих хүч Ардын нам дотор бий. Тэр  хүчнийх нь гол тулгуур  Ерөнхий сайд асан С.Баяр гэх.  Тэд ажил амины аль ч үедээ цуг байж чаддаг найзууд гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй.  Тэгвэл улс төрд өрнөж буй энэхүү шинэ Ерөнхий сайдын таамаг, Ерөнхий сайд болохыг хүсэгч тэгвэл үнэхээр та бидний үнэлж, хүндэлж дадсан шиг шударга, зөв хүн мөн үү. Энэ асуултад бодит хариулт болох Монгол Улсын 33 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ой модыг юу ч үгүй шатааж, гахайн агнахдаа “мялаалга” болгосон тухай мэдээлэл байна. Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр сумын Хар гавал гэдэг газар өнгөрсөн оны есдүгээр сард гурван нөхдийн хамт гал тавьсан байдаг. Тэрбээр энэ үедээ гахайн авд гарахын зэрэгцээ сархад зооглож,  улмаар тавьсан сум нь гал асаасанд “Удахгүй унтарна” гэж хэлчихээд явчихсан гэдэг.  Н.Энхболдын өрдсөн түймэр  Хар гавал хэмээх газраас хальж, Нууртын эх рүү үргэлжилж, улмаар 9000 мянга гаруй га газрыг хамарсан байна. Улмаар баруун тийш Гунын  нуруу, хойшоогоо Шатар өлгий, зүүн тийш Сөгнөгөрт хүрсэн.  Энэ үйлдлээ  Н.Энхболд УИХ-ын дэд даргынхаа хувьд  нууцлан далдалж, 33 тэрбум төгрөгийн хохирлоо 53 сая төгрөг хүртэл бууруулж, бүхэл бүтэн 9000 га ойг дахин сэргэхээргүй “булшилж” орхисон гэдэг.

 

Ө.Энхтүвшин

 

Түүний хувьд энэ албан тушаал шинэ биш.  Өмнө нь намын даргын албыг хашиж явсан тэрбээр Ерөнхийлөгчийн сунгаанд намаасаа гараагүйг бодоход энэ удаа ч гэсэн найдлага хэр байгаа бол. Тэрбээр улс төрд туршлагатай нэгэн. МАН-ын лидер улс төрчдийн нэг яах аргагүй мөн. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа тэрбээр 1999-2000 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн, 2006 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд,  2007-2008 УИХ-ын гишүүн, 2012 онд намын даргын албан тушаалыг хашиж байжээ. Энэ хугацаанд түүний талаар сайн, муу мэдээлэл хэвлэлээр гарч байсан удаатай.  

 

 

Ж.Энхбаяр

 

Ө.Энхтүвшин ийнхүү МАН+МАХН гэх хувилбарыг намдаа хэрэгжүүлэхийг оролдсон ч Ж.Энхбаяр үүний эсрэг байсан юм. Тэрбээр МАН МАХН эвсэх, эсвэл нэгдэх нь гутамшиг хэмээн хэлсэн удаатай. Энэ нь дээрх хоёр хүний үзэл баримтлал тэс өөр гэдгийг илтгэх бизээ. Ж.Энхбаяр бол хэлэх гэсэн санаагаа хэнээс ч эмээлгүй хэлчихдэг гишүүдийн нэг. Тиймдээ ч мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулсан хүмүүсийн тоонд тэрбээр бий. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нартай хамт “60 тэрбумаас намаа цэвэрлэе” нэртэй хөдөлгөөн байгуулж, дотоод тэмцэлээ хурдан цэгцэлж, улс орны асуудалд анхаарлаа хандуулахыг шаардсаар ирсэн. Энэ үйлдэл нь түүнийг дараагийн МАН-ын даргад өрсөлдөх гэсэн санаархал хэмээн олон харддаг нь нууц биш. Гэхдээ Ж.Энхбаярын хувьд энэ албан тушаалд анх удаагаа нэр дэвшиж байгаа хэрэг биш юм. 2013 онд түүнийг МАН-ын дарга болно хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байсан ч "Монгол төрийн бодлогыг үндсэндээ сүүлийн 100 орчим жил тодорхойлж, авч явж буй намын хувьд их хурал бүр нь түүхэн болдог. Нэг ёсондоо намын их хурлаас гарсан шийдвэр бүхэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг. Хариуцлагатайгаар хэлэхэд би намын даргад нэр дэвшихгүй. Энэ бол яг өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж гаргасан миний шийдвэр юм" хэмээн татгалзсан удаатай. Харин энэ удаа ямар шийдвэр гаргах бол гэх хүлээлт байна. Ж.Энхбаяр бол МАН-ын гишүүд дундаа нэр хүндтэй.  Асуудалд бодитоор ханддаг гэж үнэлдэг билээ. 

 

24tsag.mn