Долоо хоног бүрийн пүрэв гаригт зарлагддаг "Ерөнхий сайдын 30 минут уулзалт" Төрийн ордонд болсон билээ. Уг уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гадна Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг өгсөн юм.

Өвлийн улиралд ханиад томууны дэгдэлт ихэсдэг үе билээ. Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол өндөр хувьтай байгаа. Цагаан сар болоход хөдөөгийн сурагчид гэрээсээ хол байдаг тул тэр үед амралтыг нь зохицуулах, мал төллөх үед малчид дунд сургуулийн хүүхдээ туслалцуулах гээд амьдралын шаардлага гардаг тул энэ бүхэнтэй уялдуулж сурагчдын амралтыг дөрвөн шатлалттай болгосон тухай сайд Л.Гантөмөр онцолж байлаа.

Харин Ерөнхий сайдын зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирэх гурван жилд бодитой ажлуудыг хийхээ амлалаа. Гэхдээ энэ нь утааг бүрмөсөн алга болгоно гэсэн амлалт биш ямар ч байсан бодитой бууруулна гэж ойлгох нь зөв хэмээн тодотгож хэлэв. Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улс нийслэлийн утааг бууруулахын тулд 250 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан бол ирэх жилд 20 тэрбум төгрөг зарцуулах дүн мэдээ байгаа аж. Энэхүү 20 тэрбум төгрөгөөр утаатай тэмцэх ажил хийхэд хаанаа ч хүрэлцэхгүй. Гэсэн ч төр засаг нь юу хийх, хувийн хэвшлийнхэн нь юуг хийх, иргэн нь ямар үүрэг хүлээж ажиллах гээд энэ бүх зарчмаа тодорхой болгосноор "Утаатай тэмцэх" ажилд ханцуй шамлан орно гэж Ерөнхий сайд хэлсэн юм. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад Н.Алтанхуяг сайд дараах хариулт өгснийг түүвэрлэн хүргэж байна.
 
-УИХ дахь цөөнхийн бүлгээс Засгийн газрын нэр бүхий хоёр сайдыг огцруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлснийг УИХ-аар хэлэлцэх болж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын гишүүдтэйгээ энэ асуудлыг ярьсан, одоохондоо огцруулах үндэслэл нь байхгүй юм билээ. УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд "Огцруулах үндэслэл биш" гэж үзсэн байна лээ. УИХ-аар асуудлыг хэлэлцээд шийдэж таарна.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар ямар хүндрэл бэрхшээлтэй тулж байгаа вэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "Ерөнхий сайдаас бусад сайд нь УИХ-ын гишүүн байхыг хориглох тухай" заалттай төслийг УИХ-аар хэлэлцээд эхэлчихсэн?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч болно, болохгүй гээд 1990 оноос хойш ярьж байгаа маргаантай асуудал. 1990-1996 оны үед УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээ хавсраад явж л байсан. Дараа нь Ардчилсан нам сонгуульд ялаад Засгийн эрх барьтал "Давхар хавсрах нь болдоггүй юм" гэж нэг нөхөр үзээд Үндсэн хуулийн цэцэд хандаад салгаж байсан тохиолдол бий. Ингээд 1996-1998 онд УИХ, Засгийн газрын гишүүнийг 100 хувь салгаж үзсэн. Ерөнхий сайд ч нь ч тэр парламентаас гадна томилогдож байсан. Бас л маргаан гарсан, "Ард түмний дэмжлэгийг аваагүй хүн яахаараа сайд хийдэг юм бэ" гээд асуугаад эхэлж байгаа байхгүй юу. Бусад оронд яаж шийддэг вэ гэхээр ард түмний дэмжлэг аваад парламентын гишүүн болсон нь сайд болж болдог. Сонгуулийн тогтолцоо нь их зөв учраас жагсаалтаасаа сонгочихдог. Манайд бол Үндсэн хуулиар олгосон УИХ-ын эрх мэдэл, Засгийн газрын эрх мэдлийн үүрэг харилцааг авч үзэж байж шийдэх ёстой. Эмээж байгаа зүйл бол Засгийн газрыг тогтворгүй болгочих юм руу явчихгүй байгаасай гэж боддог. 

-Урд хөрш рүү нүүрсээ экспортолдог "Энержи ресурс" зэрэг компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Үүнээс болоод хөрөнгийн зах зээл дээр үндэсний компаниудын хувьцааны ханш унах зэргээр сөрөг үр дагаврууд гараад эхэллээ. Яах ёстой вэ?

-Нүүрсний бизнес эрхлэгчид бүгдээрээ ийм байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ нь уначихсан.

-Саяхан УИХ-аар хууль баталснаар агаарын бохирдлыг бууруулах ажил Ерөнхий сайдын мэдэлд шилжиж ирсэн. Ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор уржигдар орой хуралдсан. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний мөнгийг зарцуулав гэдгээс эхлээд холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонссон. Маш түүхий байна, юу хийхээ мэдэгүй байна, хэнтэй яаж ажиллахаа мэдэхгүй байна. Ийм үед яаж утаатай тэмцэх вэ дээ. Мэдээллээр бол Улаанбаатар хотын утааны 60 хувь нь гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна, багцаалж хэлж буй тоо хэмжээ шүү. Харин 20 орчим хувь нь авто машины утаа, 10 орчим хувь нь нам даралтын зуух, дөрвөн хувь нь шороо тоостой холбоотой, үлдсэн зургаан хувь нь дөрвөн том цахилгаан станцын яндангаас агаарт цацаж байгаа утаанаас ялгарч байна. Тийм учраас ойрын хугацаанд ард иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ, өчигдөр иргэд маань маш олон саналыг ирүүлсэн байна лээ. Багийнхан маань тэр бүгдтэй танилцаж үр дүнд хүрэх аргуудыг нягтална. Тэгээд Засгийн газар ийм юм хийнэ, хувийн хэвшил ийм юм хийнэ, иргэн хүн ийм юм хийнэ гэдгээ тодорхой болгоно. Ирэх 20 хоногийн хугацаанд энэ бүхэн тодорхой болчихно.

-Агаарын бохирдлыг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлж байгаа зүйл нь гэр хорооллын яндангаас ялгарч байгаа утаа байна. Багануурын нүүрсийг Засгийн газраас хямдралтай үнээр иргэдэд тараадгийг зогсоож болдоггүй юм уу. Нүүрсийг орлохуйц бүтээгдэхүүн байж болдоггү юм уу гэсэн асуудлыг Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд хөндөж байсан. Энэ тухайд?

-Өөр юу түлэх юм, боломжтой байсан бол орлуулж таараа. Амьдрал мэдэхгүй байна. Нэг хэсэгтээ нүүрс байсаар байх болно. Утаа гаргадаггүй болох технологийг яаралтай нэвтрүүлэх ёстой. Хоёр жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо 17 тэрбум төгрөг ч байдаггүй, утаагүй түлш ч алга. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл ирэх онд хэдэн төгрөг байна вэ гэтэл 20 гаруй тэрбум төгрөг гэсэн. Ийм л дүр зураг байна. Болохгүйгээс аваад болохыг нь хүртэл зүтгэнэ. Эхлээд юу хийхээ гаргаадхая.

-Одоогийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Улаанбаатар хотын утаа хэдэн жилийн дараагаас багасах юм бол. Тэр болтол урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас ямар арга хэмжээг авах вэ?

-Фейсбүүктээ өчигдөр "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хуралдлаа" гэсэн чинь жиргээчид "Юун хожуу сэрдэг нөхөр вэ.  Юугаа хийж байсан юм бэ" гэж байна лээ. Нэг юмыг ойлголцъё, Ерөнхий сайдын хувьд гурван жилийн дараа утааг бүрмөсөн байхгүй болгоно гэж амлахгүй, бууруулна.

Зөвхөн өнөөдрийн төвшинд аваад үзэхэд Улаанбаатар хотод нийтийн тээвэрт 800 автобус явдаг юм байна. Үүнээс 200 нь газаар явах ёстой, гэвч тэгж явахгүй байна. Яасан, юу болов гэтэл компани нь ажлаа хийгээгүй байх жишээтэй. Тийм болохоор эхлээд аль арга нь хамгийн үр дүнтэй тусах нь вэ гэдгээ гаргаад авна.

-Хятадын "Чалько" компанитай байгуулсан гэрээ юу болсон бэ. Нүүрсийн үнэ бууснаас татварын орлогод нөлөөлөөд байгаа тал бий?

-Тийм ээ, нүүрсний үнэ доошоо оронгуут 70 ам.доллараасаа доош орсон тохиолдол бий. Мөн Тавантолгойн нүүрсийг хоёр сар гаргаагүй, түүнээс болж татварын орлого тасарсан. Харин "Чалькотой" асуудал дууссан гэж ойлгох хэрэгтэй. Энэ жилийн тухайд 30 сая тонн нүүрс олборлоод экспортолно гэсэн. Маш бага үнээр зарж байгаа учраас алдагдалд орсон. Алдагдалтай үнээр наймаа хийгээд байх нь хүнд байсан учраас өнгөрсөн өвөл хоёр сар нүүрсээ гаргалгүй зогсоосон тал бий. Үүнээс болж татварын орлого нэлээн тасарсан гээд бэрхшээл учирсан. Тийм учраас буцаагаад нүүрсээ гаргасан л даа.

-Тэгэхээр "Чалько"-той байгуулсан нүүрсний үнэ тогтвортой 70 ам.доллар байх тухай гэрээг цуцалсан нь буруу шийдвэр байсан гэсэн үг үү?

-"Чалько"-той асуудал дууссан. Гэрээнээсээ буцах юм бол өшөө олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээх болно. Нүүрсээ гаргасаар байгаад өрөө хаана.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид өнөөдөр манай улсад уулзалт хийж байна. Энэ уулзалтаар манай нутгаар дайран өнгөрч байгаа Ази Европыг холбосон төмөр замыг цаашид хэрхэн шинэчлэх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа.

Чингис бондын мөнгийг зөвхөн автозам, гудамж, уулзварын шинэчлэлт, бүтээн байгуулалтад зарцуулаагүй, хувийн хэвшлийг дэмжихэд зарцуулж байгаа. Чингис бондийн санхүүжилтээс банкаар дамжуулан зээл авсан оёдлын үйлдвэр дэлхийн брэндүүдтэй өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай танилцлаа.

Улаанбаатар хотод анх удаагаа согтууруулах ундаагүй “Залуус 21” клуб байгуулагдлаа. "Эрүүл идэвхтэй амьдрал" клуб санаачлан Эрүүл мэндийн яамнаас дэмжиж байгуулсан энэ клубын нээлт болсон.

Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд АНУ-ын Чикаго хотоос “Hylpen energy” компанийн ерөнхийлөгч Д.Хишигдэлгэр, захирал Н.Баяргүн нар холбогдож, хамгийн сүүлийн үеийн хямд төсөр өртөгтэй эрчим хүч хэрэглэх эх үүсвэрийн шинэ технологи нэвтрүүлж, агаарын бохирдлыг 90 хувь хүртэл бууруулах боломж байгаа талаар санал хэлсэн. Эдгээр залуустай цахим уулзалт хийж, Эрчим хүчний яамныхантай холбож өгсөн хэмээн хэлж уулзалт эхэлсэн юм.

МУИС-ийн шинэчлэлтэй холбоотой асуултад Л.Гантөмөр сайд

- Дээд боловсролын чанарыг сайжруулах хамгийн гол зүйл бол судалгааны ажил. Манай сургуулиуд бол зөвхөн сургалтад анхаарч ирсэн. МУИС 15 салбар их сургуулиас бүрддэг. Их, дээд сургуулиуд ийм жижиг бүтцээсээ татгалзаж судалгаа хийдэг том бүтэц рүү шилжих учиртай. Эхний шинэчлэл МУИС-д хийгдэж байгаа. ТУЗ-ийн шийдвэрээр 5 бүрэлдэхүүн сургуультай байна гэсэн шийдвэр гарсан. Эсэргүүцэл байгаа. 15 захирал, 15 орлогч захирал, 80 тэнхмийн эрхлэгч байна. 270 орчим профессорын 50 хувь нь дарга байгаа. Тэд судалгаанд  анхаарахгүй байна. Энэ эсэргүүцлийг заавал давна. Эрдмийн ажил хийдэг, олон улсын хэвлэлд бүтээлээ хэвлүүлдэг багш нар бол энэ шинэчлэлд таатай хандаж байгаа. Энэ хандлага Монгол Улсын дээд боловсролын системийг аварна гэдэгт итгэлтэй байгаа гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдэгдэв.

Мөн "Самурай" бондын талаар Ерөнхий сайдаас асуухад "Японы зах зээлд босгох бондын хугацаа 10 жил байхаар ярилцаж байна. Бондын хүү, хэмжээг эцэслээгүй байна" гэлээ.

Х.Даваа