Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өнөөдөр (2017.09.29) мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хийсэн мэдээлэлдээ, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар хийж, үндсэндээ дуусгавар болж байна. Гэхдээ улс төрийн намууд, эрдэм шинжилгээний болон олон нийтийн байгууллага дээр төслийн хэлэлцүүлгийг хийсээр байгаа. УИХ-ын Тамгын газар орон даяар зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ирүүлсэн иргэдийн саналыг нэгтгэж байна. Одоогоор 300 мянга гаруй санал ирээд байгаа. Үүнтэй зэрэгцүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэллээ. Уг төслийг  2017 оны 12 дугаар сарын 15 гэхэд бэлэн болгож, УИХ-д өргөн барина. 2009 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал баримталж, энэ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулна. Төслийг УИХ-аар хэлэлцээд дэмжсэн нөхцөлд ард түмний санал асуулгаар иж бүрэн шийднэ гэв.

 

            Дараа нь УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үр дүн, саналыг хэрхэн нэгтгэж байгаа талаар танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Уг хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж, нийт 300 мянга гаруй саналыг хүлээж авсан. Тамгын газрын ажилтнууд камераар тоноглогдсон танхимд нийт 70, нийслэл дээр 40 буюу нийт 110 компьютерт иргэн бүрийн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулж байна.  Одоогоор 200 гаруй мянган иргэдийн саналыг цахим мэдээллийн санд оруулсан. Өөрөөр хэлбэл, 16 аймаг, нийслэлийн долоон дүүргийн иргэдээс ирсэн саналын хуудсыг цахим мэдээллийн санд оруулаад байна. Үүний зэрэгцээ эдгээр санал бүрийг архивын нэгж үүсгэн, хадгалах юм гэв.

 

        Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг амаргүй ажил. Үндсэн хуульд тулгалтын замаар дордуулсан долоон өөрчлөлт хийсэн шиг хандаж болохгүй. Энэ амаргүй ажилд АН, МАН зөвшилцөж ажиллах шаардлагатай байгаа. Энэ ажил ч хийгдэж байна гэдгийг дурдаж байлаа. Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал өнгөрсөн нэг жилээс эхэлсэн ажил биш. 4-5 жилийн өмнөөс парламентын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаар ярилцаж байсан. Үндсэн хуулийн хэрэгжилтэд олон улсын туршлага, онолын жишигтэй харьцуулсан дүн шинжилгээг Засгийн газар хийлгэсэн байдаг. Энэ хүрээнд төслийн ажил явж байна. Хэлэлцүүлэг амжилттай боллоо. Саналаа өгч, идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлье гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.