Эв нэгдлийг эрхэм болгодог гэх МАН-ынхан хагаралдаж, шилээ харалцаад удаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн цагаасаа эвдэрэлцэж эхэлсэн тус намынханы дотоод тэмцэл хурцдаж, улмаар “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газраа огцруулах асуудлаас үүдэж, тэдний хагарал олон нийтэд ил болсон билээ.

Харин МАН-ынхан үүнийгээ цаг үеийн шаардлагаас болж үүссэн дотоод зөрчил, цаашид нам эв нэгдэлтэй байж гар барилцана гэдгийг тухайн үед хэлж, тайлбарлаж байсан. Гэвч намын хагарал нь наагдах бус улам задарч буйг өчигдөр болсон үйл явдал гэрчлэв.

 

 

Тодруулбал Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн тэн хагас нь оролцоогүй юм. Өөрөөр хэлбэл “Мэргэжлийн” Засгийн газрын огцруулахын эсрэг байсан УИХ-ын 30 гишүүн энэ удаагийн чуулганыг эсэргүүцсэн нь МАН-ын бүлгийн хагарал задрал болсны илрэл гэлтэй.

 

МАН-ынхан нэгдэж чадаагүйг гишүүд нуусангүй 

 

Тэгвэл үүсэн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "МАН ард түмний өмнө хариуцлага хүлээсэн. Тиймээс асуудлаа дотроо ярих ёстой. Гэвч Засгийн газраа огцруулсаны дараа зөвшилцөх байлгүй дээ гэж байтал шууд санал хураачихлаа. Энэ асуудалд маш эгдүүцэж байна. Эв нэгдлийг яаж хангах юм гэхээр хариулт байхгүй. Өнөөдөр чуулган дээр амь насаа алдахаас  айхгүй байна гэж ярьж байна. Хэн хэнийхээ амь насанд  хүрэх гээд байгаа юм бэ. 65 дотроо учраа олчиход л болоо. Энэ бүхнээс харахад эв нэгдлийг хангаж чадахгүй улам хурцдуулах юм байна гэж харж байна" хэмээн мэдэгдсэн юм.

 

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "МАН-ын 30-аад гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй. МАН-ын бүлэг хуралдаад эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийлсээр чуулганд орлоо. Ойлголцох байх гэж бодож байтал их ойлгомжгүй нөхцөл байдал дунд У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо. Бид гол нь зарчим дээрээ ойлголцох хэрэгтэй" гэв.

 

МАН-ын гишүүд зөвшлилцөөгүйд дургүйлхав уу эсвэл шантааж хийсэн үү

 

МАН-ын бүлгийн гишүүд чуулгын хуралдаанд оролцоогүй шалтгаанаар зөвшилцөөгүйд хэмээн тайлбарласан. Гэвч энэхүү үйл явдлыг улс төрийн хүрээнийхэн өөрөөр тайлбарлаж, цахим ертөнцөд байр сууриа илэрхийлж байв. Тухайлбал чуулганы хуралдаанд оролцоогүй гишүүдийг өөрсдийнх нь хүсэлтийг хүлээж аваагүй учраас шантааж хийж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд “У.Хүрэлсүхийн танхимын  50 хувийг  Засгийг огцруулахад гарын үсэг зураагүй эрхмүүдээс бүрдүүлсэн тохиолдолд Ерөнхий сайдыг томилно гэж шантааж хийсэн” гэх бор шувууг жиргээгээд амжсан.

 

Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлгийн хагарал энэ удаа нэгдсэнгүй. Харин цаашид хэрхэн өрнөх бол гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Уг нь тус бүлгийн дарга Д.Хаянхярваа өнгөрсөн сарын 15-ны өдөр хийсэн мэдээллийнхээ үеэр “Нийгэмд “МАН-ын бүлэг хоёр хуваагдчихлаа. Ахиж нийлэхээгүй боллоо” гэх мэт сөрөг ойлголт бий болсон. Гэвч МАН-ын бүлэг хагарч хоёр хэсэг болчихоод байгаа юм биш. Ийм зүйл огт байхгүй. Мэдээж бүлгийн гишүүдийн дунд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар саналын зөрүү гарсан. Тухайн үед шийдвэр гаргахад амаргүй байлаа. Цаашдаа МАН-ын бүлгээс гарах шийдвэрүүд дүрмийн дагуу байх болно” гэдгийг мэдэгдсэн. Түүнчлэн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдоод буй У.Хүрэлсүх ч “Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэдгийг хэлсэн.

 

Энэ бүхнээс харахад МАН-ын хагарал ойрын үед намжих магадлалтай байж мэдэх ч намд эрх ашгийн зөрчил туйлдаа хүрсэн бол нэгдэх бус задрахыг ч үгүйсгэхгүй юм.

 

24tsag.mn