УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үдээс хойших хурал­даа­наар төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга танилцуулга хийж,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн төслийг хэлэлцүүлсэн юм.

 

Төс­вийн тодотголд дараах арга хэмжээг авч хэрэгжүү­лэхээр тусгажээ. Үүнд:

 

Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нут­гийн засаг захиргааны барил­гад засвар хийх, төлөгдөх ёстой өр төл­бөрийг барагдуулахад зарцуулах;

Давсан орлогын тодор­хой хэсгийг хуримт­луу­лах, бо­гино хугацаатай зээллэгийг бууруулах, өн­дөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх;

2017 оны төсөв бат­лагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх;

2017 оны зуны улиралд нийт нутгаар гандуу байсны улмаас газар тариалангийн сал­барт ургац алдах, бэлчээрийн гарц багатай­гаас өвөлжилт хүндэрч болзошгүй тул төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэх, мөн дотоодын хэрэг­цээнд дутагдах өвс, тэжээлийг импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөө­цийн 50 хүртэл хувийг нөөцлөхөд шаардлагатай хөрөн­гийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

Мах бэлтгэл, үйлдвэрлэлийг дэмжих, өвөл, хаврын ули­ралд махны эрэлт, нийлүү­лэлтийн зохистой тэнц­вэрийг хангах, үнийг тогт­воржуулах зорилгоор мах бэлтгэх, нөөц бүрдүүлэх дотоодын аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зориулал­таар авах зээлийн хүүгийн хөнгөлөлтөд дэмжлэг үзүүлэх;

Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өн­дөр өртөгтэй эрүүл мэн­дийн мэс заслын тус­ламж үйлчилгээний санхүү­жилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд С вирусын идэвх­жил тодорхойлох шин­жилгээний зардал болон шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь өргөжиж буй тусламж үйлчилгээний санхүү­жилтийг нэмэгдүүлэх;

Өмнөх онуудад үүс­сэн шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэг­жид төрөөс олгох нөхөн төлбөр, хохирлыг бараг­дуулахад шаардагдах хөрөн­гийг төсөвт тусгах;

Төсвийн зарцуулал­тын үр ашигтай байд­лыг хангах зарчимд нийцүү­лэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яам­даас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгал­зан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагд­сан төсөвт зарим зохицуу­лалтын шинжтэй өөрч­лөлтийг төсвийн тодотголд тусгах;

Өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих-Шил­жүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулахаар тусгажээ.

Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгчид  хариулт өгөв. 

 

Б.Пүрэвдорж: 

 

-Багш нарын цалинг нэмэх бололцоотой юу. Энэ талаар мэдээлэл өгөөч.

 

Б.Чойжилсүрэн:

 

Төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр давахаар тооцсон.  Үүний 498 тэрбумыг нэг удаа­гийн шинж чанартай өр төл­бөр гэх мэт зүйлд зарцуу­лахаар төсөвт зохицуу­лалт хийлээ. Энэ оныг дуус­тал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 105 тэрбум шаардагдаж байгаа. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан. Төсвийн тодот­голоор төрийн албан хаагч нарын цалинг нэмэх бололцоогүй байгаа. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ч цалин нэмэх бололцоогүй. Харин ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ.

 

Л.Энх-Амгалан:

 

–Төсвийн алдагдлыг буу­руу­лах бололцоо байх­гүй юм уу. 2017 оны төсвийн алдагдлыг 9.9 хувиар тооц­жээ. 2017 оны төсвөөс гадаадын зээлийн хүүгийн төлбөрт хэдэн тэрбумыг төлж байна вэ. 2018, 2019 онд хүүгийн төлбөрт хэдий хэмжээний зардал гарч байна. Олон улсын валютын сан/ОУВС/-гийн хөтөлбөртэй тохирсноос юу нь хэрэгжээд, юу нь хэрэгжихгүй байна вэ. УИХ-аас Эдийн зас­гийн хүндрэлээс гарах хөтөл­бөр батлаад гурван жи­лийн нүүр үзэж байна, хэрэгждэггүй. Хэрэгж­дэггүйн хүндрэл юу вэ. Нийг­мийн гурван талт зөв­шил­цөл хийгдэх ёстой. Энэ зогсчихлоо. Ажил хаялт хийж байгаа багш, эмч нартай уулзсан. Төсөв хүнд­рэлтэй гэдэг ганц зов­­лон яриад суумааргүй байна.

 

Б.Чойжилсүрэн:

 

-Төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай  гэдэгтэй санал нэг байна. Алдагдлыг бууруулахын тулд зарлагаа бууруулах, эсвэл орлогоо огцом өсгөх.ОУВС-тай тохирсон хөтөлбөрөөр энэ онд төсвийн алдагдлыг 9.9 хувь байхаар тооцсон. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлс­нээр Засгийн газрын гадаад, дотоод бондын хүүгийн төлбөр буурч эхэлсэн. 2016 оны есдүгээр сард ажил хүлээн авах үед бондын хүүгийн төлбөр жилийнх нь 17 орчим хувьтай байсан бол одоо 12 хувь болж буурсан.Нийгмийн зөвшилцлийн тухайд хүндрэл байхгүй.  2018 онд цалин нэмэхгүй байхаар ОУВС-тай тохирсон. 2019, 2020 оноос төсвийн байгууллагынхны цалинг үе шаттай нэмнэ.

 

А.Цогцэцэг:

 

-Эмч нарын цалинг нэмэх тооцоог гаргаж үзсэн. 30 орчим хувиар нэмэхэд 54.5 тэрбум шаард­лага­тай. Төсөвт 54 тэрбум төг­рөг оруулчих юм бол 30 хувиар нэмчих гаргалгаа бий.

 

Төсвийн тодотголыг хэлэл­цэх үед өвс, тэ­жээ­лийн нөөц бүрдүүлэхэд Засгийн газар хэрхэн ан­хаарч байгаа талаар гишүүд хариулт авав.

 

Б.Чойжилсүрэн:

 

-Өвөлжилтийн бэлт­гэлийн урсгал зардалд  зориулж 50 орчим тэрбумыг, харин хөрөнгө оруулалт хэлбэрээр 85.4 тэрбумыг тавьсан.

 

П.Сэргэлэн:

 

-Өвс, тэжээлийг 60 гаруй хувьтай бэлтгэсэн. Дутагдалтай байгаа өвс, тэжээлийг ОХУ-аас импортолно.

 

Үдээс хойших хуралдаанаар гишүүд 2017 оны төсвийн тодотголыг  үргэлжлүүлэн хэлэлцлээ.

 

Ч.Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин