Хөвсгөл аймаг аялал жуулчлал, мал аж ахуйн салбарыг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлнэ. 50 дугаар өргөргөөс хойшхи газар нутагт ашигт малтмалын хайгуул хийх, уул уурхайн үйл ажиллагааг явуулахгүй хэмээн 2008 онд аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж улаан шугам татсан юм.

Гэтэл Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд энэ сарын 4-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанаас 50 дугаар өргөргөөс  урагш нутаг дэвсгэрт ашигт малтмалын орд, алтны илэрц хайхад  зориулж төсвөөс 120 сая төгрөг батлуулсан юм.  Энэ нь  нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч Төсвийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн буруутай үйлдлээ Засаг дарга Л.Ганболд хүлээн зөвшөөрч байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн  тус өргөрөгт хамаарах Цагаан-Уул сумын нутаг Өвгөд багт  молибдений ашиглалтын тусгай  зөвшөөрлийг  “Монгол ресурс корпораци”  компанид шилжүүлэн олгосныг нутгийн малчид эсэргүүцэж Нийслэлд хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн юм. “Гоби Эксплорэйшн” компани нь 2009 оноос хойш зэс, молибдений хайгуул хийсээр иржээ. Тухайн үед нутгийн иргэд  эсэргүүцэж үе үеийн  дарга нар УИХ-ын гишүүдэд хандсаар есөн жил болсон ч тусыг эс олсон байна. “Гоби Эксплорэйшн” хайгуулын энэхүү лицензээ 2008, 2011, 2014 онуудад гурван удаа  сунгуулжээ. Нутгийн иргэд эдгээр компанийн нууц эзэн нь  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж юм. Эднийх хайгуулын лицензийг авахдаа байгаль орчныг хамгаалах үнэлгээ хийлгээгүй мөн иргэдээс санал авалгүй хайгуул хийсэн.

 

 

 

Гэвч одоо нэрээ сольж ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон нь эртнээс төлөвлөсөн хууль зөрчсөн үйлдэл юм гэж байв. Энэ оны долдугаар сарын 26-нд АМГТГ-ын Кадастарын албаны даргын 435 тоот шийдвэрээр “Гоби Эксплорэйшн” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компанийн хүсэлтийн дагуу  ашиглалтын тусгай зөвшөөрөл бол­гон “Монгол ресурс корпориац” компанид шилжүүлэн олгосон байдаг. Монгол орон, дэлхийн цэвэр усны эх үүсвэрт чухал нөлөөтэй Хөвс­гөл аймгийн Дэлгэр­мөрөн голын хөвөө, урсац бүрэлдэх ай савд “Гоби Эксплорэйшн хууль бусаар молибден олборлохоор эртнээс хөрөнгө оруулж  хайх нэрийдлээр ухах санаа нь ийнхүү батлагдсанд Өвгөд багийн малчин О.Нямдорж, П.Төртогтох, Улсын сайн малчин П.Бямбаа, сумын засаг дарга Д.Түмэнбаяр нар эрс эсэргүүцэж тусгай зөв­шөөрлийг цуцалж өгөхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон  АМГТГ-аас шаардаж буйгаа хэллээ. Тэд байгалийн үзэсгэлэн бүрдсэн, ан амьтад нь хөлхөлдөж зуу, зуун жилд үе удмаараа мал аж ахуйгаа эрхлэн амьдарч,  хүйгээ таслуулсан энэ нутгаа амиараа дэнчин тавьж хамгаалахад бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн юм.Өнөөдөр тэд ухаж эхлээгүй ч гортигоо татаж Мандал нэртэй уурхайн баазаа байгуулсан ажээ. “Хавар газраа ухахаар арга заль, ов мэх, дараагийн нүүдлээ бодон зэхэж суугаа байх. Бид хүчтэй шүү” хэмээн нутгийн малчид эсэргүүцэж байв. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэж уриа лоозон болгон дэвшүүлдэг салбарын сайд өөрөө ашиглалтын тусгай зөвшөөрөл авч ашиг  сонирхлын зөрчилтэйгөө ил болгосон УУХҮ-ийн сайд асан Ц.Дашдорж Хөвсгөл нутгаас савраа тат гэж тэд шаардлаа. Тус компани анхнаасаа хууль бус үйл ажиллагаа явуулжээ. Учир нь сум орон нутгийн  иргэдээс санал, зөвшөөрөл аваагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, цэнгэг усны эх үүсвэр, урсац бүрэлдэх ай савд хамаарах нутаг гэдгийг үл тоосон зэрэг нь хууль бус гэдгийг гэрчилдэг гэж  “Хөвсгөл нутгаа хамгаалъя” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар ярьсан юм. Тус баг 400 мянган малтай. Хэрэв энэ нутгийг ухаад эхэлбэл амь амьдралаа залгуулдаг мал нь бэлчээргүй болж, малчин өрх хаашаа нүүж дайжих юм. Молибденыг  газрын чөмөг гэдэг.  Энэхүү чөмгийг нь авчихвал газар эх ямар ч үржил шимгүй  болж  гүний ус багасч  Дэлгэрмөрөн голын ай сав ширгэж үгүй болох аюул нүүрлэнэ гэдгийг сумын Засаг дарга Д.Түмэнбаяр онцолсон юм.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин