-Нийгмийн шинжлэх ухаанд “харьцангуй ядуурал’’ хэмээх нэр томьёо байдаг. Энэ нь нийгмийн хөрөнгөлөг давхаргынхантай өөрийнхөө амьдрал ахуй, нөхцөл байдлыг харьцуулаад үзэхээр "ядуу” санагдах үзэгдлийг хэлдэг юм байна. Тэгвэл энэ үзэгдэл өнөөдрийн Монголын нийгмийг хамарсан өвчин болтлоо даамжирчээ

“Дээдэс нь эд баялаг эдлээд байвал доодост бас тийм шунал төрдөг” гэж монголчуудын төр барих ухааныг үе дамжуулан хадгалсан түүхэн зохиол тэмдэглэл, эш сурвалжуудад өгүүлдэг. Уг нь энэ үг төрийн түшмэд зөв байх, эд агуурс, хээл хахуульд үл шунахуйн тухай сургууль юм. Харин өнөөгийн Монголын нийгэмд улс төр, бизнесийн хүрээнийхэн зүй бус аргаар хөрөнгөжих нь дундаж, доод давхаргынхны хилэнг хөдөлгөж байгааг хэлээд буй хэрэг.

 

Нийгмийн шинжлэх ухаанд “харьцангуй ядуурал" хэмээх нэр томьёо байдаг. Энэ нь нийгмийн хөрөнгөлөг давхаргынхантай өөрийнхөө амьдрал ахуй, нөхцөл байдлыг харьцуулаад үзэхээр “ядуу” санагдах үзэгдлийг хэлдэг юм байна. Тэгвэл энэ үзэгдэл өнөөдрийн Монголын нийгмийг хамарсан өвчин болтлоо даамжирчээ.

 

Приус машин уначхаад халтууранд давхиж яваагаа Lexus-570 машин хөлөглөсөн хэн нэгэнтэй харьцуулаад харахаар ядуу санагдана. Яг үнэндээ ядуурлын түвшин тогтоох олон улсын ямар ч аргачлалаар аваад үзсэн зах зээлд өндөр борлуулалттай приус унасан хүн орчин үедээ яахаа алдсан ядууд тооцогдохгүй. Нэг хүнд ногдох ДНБ, ажлын байр, хөдөлмөр хөлсний үнэлэмж, адаглаад л нийслэлийн гэр хорооллын модон нойлыг бодохоор бид нэлэнхийдээ ядуувтар амьдарч байгаа нь маргашгүй ч ерэн оноос хойших нийт монголчуудын амьдралыг аваад харахаар эдлэл хэрэгсэл, хэрэглээ, амьжиргаа дээшилсэн нь бас л үнэн.

 

Гэвч УИХ-ын гишүүдийн тойргийн сонгогчидтойгоо хийдэг захын нэг уулзалтад суугаад сонсвол “ядуурал туйлдаа хүрлээ" гэдэг үгс бараг хүн болгоны амнаас унах нь сонсож суугаа хэнийг ч сэтгэлээр унагана. Нийгмийн сүлжээгээр бухимдлыг түүж харвал улс үндэстэн маань ядуурал, хүчирхийлэл, хар тамхинд живж сүйрч байгаа гэх дүр зураг төсөөлөгдөх нь айдас, гутрал, бухимдалд автуулна. Айдас, түгшүүр, гутрал, бухимдал зэрэг сэтгэл хөдлөл дэврэх хэрээр "харьцангуй ядуурал” гэх нийгмийн сэтгэл зүй улам бүр тэжээгдэнэ. Яг “бодит ядуурал", “харьцангуй ядуурал” хоёрын зааг хаана байна вэ?!

 

“Харьцангуй ядуурал” гэх нэр томьёогоор онолд тэмдэглэгдэх нийгмийн үзэгдэл нэг хэсэгт нь бухимдал хэлбэрээр илэрч, хөрөнгөтэй мөнгөтэй хэсгийнхнээ үзэн ядах, тэмцэхэд хүргэдэг бол нөгөө нэг хэсгийг нь яг тэдэн шиг болох гэсэн шуналд хөтөлдөг аж. Нийгмийн дундаж давхаргынхныг “баячуудын эсрэг тэмцэх”, эсвэл “баячуудтай яг адилхан болох” гэсэн хоёр хэсэгт хувааж, хэдийнээ зөрчилдүүлээд эхэлжээ. Товчоор бол хөрөнгөтнүүдээ үзэн ядах уу, эсвэл даган дуурайх уу гэсэн зөрчил дээр бид зогсож байна.

 

Яг энэ зөрчлийг популистууд чадамгай ашиглаж, зарим нь сошиалаар талцал хуваагдал, үзэн ядалтад уриалж, зарим нь төрийн хууль, шийдвэр гаргах эрх мэдлээ чинээлэг давхаргынхны эсрэг ашиглаж байна. Аль, аль нь нийгмийг хамарсан “харьцангуй ядуурал гэх эмоци дээр тоглолт хийж байгаа. Логик бүхий эрүүл ухаан дээр биш эмоци дээр тоглолт хийх нь нийгмийг хөдөлгөх үр нөлөөгөөр илүү өндөр байдаг нь батлагдсан үнэн аж.

 

Үүний нотолгоо нь сүүлийн өдрүүдэд олныг шуугиулж байгаа Г.Номундарь охины бичлэгээс үүдсэн үйл явдлууд. Түүний ярианд дурдагдсан мансуурал, хүчирхийлэл бодитой явдал байж болох ч үнэн эсэхийг нь хуулийн байгууллага тогтоохоос өмнө нийгмийн сэтгэл зүй хэдийнээ буруутнуудыг олж тогтоогоод “ялыг” нь үүрүүлчихсэн яваа. Дээрх охины ярианд яг ямар үйлдэлд хамаатуулаад байгаа нь ойлгомжгүй нэр ус дурдагдсан бөгөөд нэр цохогдсон залуусын зургийг сошиалд нийтлэхдээ мансуурагчид, хүчирхийлэгчид хэмээн шууд цоллов. Ядахад өнөөх залуусын зураг яг л инстаграмм амьдрал аа, өнгө будаг, үйл явдлын агшин нь тэр чигтээ атаа хөдөлгөм тансаг харагдана.

 

Үнэндээ бол тэдгээр залуус баян чинээлэг айлын хүүхдүүд гэхээс илүү тийм амьдралд тэмүүлэгч дундаж давхаргынхны төлөөлөл л юм. Баруунжсан, хөрөнгөжсөн дүр эсгэх дундаж давхаргынхны нийтлэг дүр зураг нь л энэ. Аль ч улс оронд дундаж давхаргын залуус тийм дүр төрх эсгэж, эсвэл тийшээ тэмүүлж амьдардаг нь даяаршсан дэлхийн нэг онцлог болоод байгаа юм билээ.

 

Харин тэдэнтэй харьцуулахаар өөрийгөө ядуу мэт төсөөлөх сэтгэл зүйн өвчлөл тэдгээр залуусыг “яг мансуурагч мөн, яг гаж донтон мөн" гэх үзэн ядалтаар илэрч байгаа болов уу. Шүгэл үлээгч “Цэнхэр үст Цэрэн”-д хувийн чаатаар нь бичсэн сануулгуудыг харвал тэдгээр залуусыг сайн танихгүй атлаа “Наадуул чинь аймар хүмүүс шүү. Болгоомжтой байгаарай. Тань руу хүн явуулж зодуулна шүү” гэх мэтээр бичжээ.

 

Энэ бол “харьцангуй ядуурал” хэмээх хам шинжийн нэг шинж тэмдэг болох “хий хардлага буюу төсөөлөл”. Яг баячуудын хүүхэд мөн, баячуудын хүүхэд учраас муу муухайн үүр уурхай байж таараа. Баян учраас яг одоо хуулийнхныг худалдаж авч таараа гэх мэт үнэнийг олохоос илүүтэй сэтгэл хөөрлөөр дүгнэлт хийх нь хэрээс хэтэрч байх шиг. Хэвлэл мэдээлэл, хууль цааз, шударга ёс бүх зүйл буруугаараа эргэчхээд бид дээдэст дээрэлхүүлж амьдраад байгаа гэх бухимдал бас ч оргүй зүйл биш хэдий ч ихэнх тохиолдолд “харьцангуй ядуурал" гэх хам шинжээр өвчилсний шинж тэмдэг юм.

 

Хүссэн ч хүсээгүй ч нийгмийн ялгаа хоёр туйл руу чиглэхийн хэрээр цаашид нийгэмд “харьцангуй ядуурал” гэх үзэгдэл өвчлөл газар авна. Хардалт. хорсол шунал, хуваагдал гээд аль таагүй зүйлс рүү хөтлөх ийм сэтгэлзүй бүрдэхэд чухам юу нөлөөлж байгааг “дээдэс”, “доодосгүй” тунгааж, зөв шийдэл рүү явцгаах сан даа.

 

 

З.Боргилмаа

Эх сурвалж: "Өглөөний сонин"