УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд санаачлан, Арилжааны банкуудын зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох зорилготой хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төслийг арилжааны банкууд дуу нэгтэй эсэргүүцэн, эдийн засгийг зохицуулах биш харин ч сөрөг уршиг дагуулна гэж гэцгээх болов.

Хэд хоногийн ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер сэтгүүлчидтэй уулзсан. Энэ үеэр зээлийн хүүнд төр хүчээр дээд хязгаар тогтоох төслийн талаарх байр суурийг нь лавлахад, “Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжинэ. Иймд макро эдийн засгаа бүхэлд нь сайжруулах замаар буюу банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны салбарыг илүү өрсөлдөөнтэй болгох, банкуудын балансыг цэвэрлэж, бодит байдалд нийцүүлэх хэрэгтэй” гэв.

Өөрөөр хэлбэл, ОУВС хөтөлбөрийнхөө хүрээнд Монголын банкуудыг дэг журманд оруулах нь бололтой. Мэдээж банкууд үүнийг улайран эсэргүүцэж байгаа. Гэхдээ ОУВС манай улсын бүх арилжааны банкинд активын чанарын үнэлгээ хийсэн.

Гол нь үнэлгээний дүнг энэ онд багтаан зарлана. Энэ дүнд үндэслэн банкуудад стресс тест хийх бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалтгүй банк байвал зургаан сарын хугацаа олгох юм. Энэ хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө өсгөх үүрэгтэй. Хэрэв заасан хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татаж чадахгүй бол улс хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Ирэх оны гуравдугаар улирал гэхэд банкуудад олгох зургаан сарын хугацаа дуусах болов уу.

Үүнтэй зэрэгцэн Төвбанкны тухай хуулийн хэлэлцүүлэг маш их хэл ам дагуулах болсон. Гэтэл Монголбанкнаас энэ хуулийн төслийг эсэргүүцэж, бие даан, хараат бус ажиллах нөхцөл үгүй болно гэж байгаа. Тэгвэл Монголбанк яг хараат бус ажиллаж чаддаг уу, ашиг сонирхолгүй гэдгээ нотолж чадах уу гэдэг дээр асуудал үүсдэг.

Улстөрчид, эдийн засагчид ч үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Монголбанк хэнд захирагдах вэ. Монгол банкнаас гаргасан акт одоогийн үйлчилж байгаа хуулиар Хууль зүй, дотоод хэргийн яаманд харъяалагдана. Гэтэл харъяаллыг хасах өөрчлөлт оруулжээ.  Шүүх ч ажлыг нь хянахгүй юм байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монголбанк өнөөдрийг хүртэл хуультай хуульгүй дураараа дургисан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахад арилжааны банкинд мөнгө гаргаж өгч хууль зөрчсөн байдаг. Нэг хүнийг дөрвөн банкны давуу эрхийн хувьцаа эзэмшигч болгосон. Өгсөн зөвшөөрлөө дараа нь хүчингүй болгож чаддаггүй. Тэгчихээд Дэлхийн банк ингэж ч зөвлөсөн, Олон улсын валютын сан ингэж ч зөвлөсөн гээд хэнийх ч биш боллоо. Одоо хуулийн зохицуулалтад орох хэрэгтэй. Хуулийн төслийг буцаах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна”гэлээ.

Эндээс харахад, манай арилжааны банкууд хууль тогтоох, хэрэгжүүлэх, гүйцэтгэх бүх шатанд өөрсдийн ашиг сонирхлоо тусгаж амжсан бололтой.Наад захын жишээ нь, УИХ-ын гишүүн Ж.Батзандагийн хэлсэнчлэн, арилжааны банкнаас Монголбанкийг “удирдаж”, эдийн засаг, гадаад харилцааны хувьд асар том үр нөлөө бүхий хувьчлалыг өөрсдөдөө ашигтайгаар хийсэн явдал.

Үргэлжлэлийг

 

Нийгмийн шуудан сонин