АНУ-ын Дьюкийн их сургуулийн эрдэмтэд анх удаа хүний арьсны эсээс авсан тулгуур эсийн тусламжтайгаар лабораторийн нөхцөлд булчингийн эд эсийг гарган авчээ. Судалгааны ажлын дүнг Их Британийн "Nature" сэтгүүлд нийтэлсэн байна.
 
Эрдэмтэд гарган авсан эсээ хулганад амжилттай суулгасан аж. Тэдний боловсруулсан энэ технологи нь булчингийн ховор төрлийн өвчнүүдийг эмчлэх аргуудыг боловсронгуй болгоход тус дөхөм болох юм.

Иймэрхүү туршилтуудыг өмнө нь ч хийж байв. 2015 онд эрдэмтэд булчингийн эд эсийг гарган авч чадсан бөгөөд тухайн үед анхдагч материал нь булчингийн эд эс байжээ. Өөрөөр хэлбэл, булчингаас булчин гарган авсан гэсэн үг.
 
Харин Дьюкийн их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан технологи нь бусад эд эрхтнүүд, тухайлбал, арьс болон цуснаас булчингийн эсийг гарган авах боломжийг олгож байгаа юм. Ингэснээр ирээдүйд генийн өвчтэй хүмүүст зориулан булчингийн эрүүл эс гарган авах боломжтой болно гэж эрдэмтэд найдаж байгаа аж.

 Э. Аянзаяа

montsame.mn