XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн засаг дарга, удирдлагууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр тус дүүргийн "харъяалалгүй" ахмадуудыг Налайх дүүргийн соёлын төв өргөөнд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн уулзалтад 2000 орчим ахмад ирж оролцов. 

 

Уурхайчдын өлгий болсон Налайх дүүрэг нь орон нутгаас шилжин ирсэн олон оршин суугчидтай. Мөн залуу насандаа ажиллаж, хөдөлмөрлөж байсан байгууллага нь татан буугдсан тул дүүргийн засаг дарга болон нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран "харъяалалгүй" гэх тодотголыг бий болгож тэднийгээ жил бүр баяр, ёслолын үеэр хүлээн авч уулздаг уламжлалтай болжээ.  

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан: Сар шинийн баярын өмнө ахмадуудтайгаа уулзаж үнэтэй үг, захиас даалгаврыг нь сонсдог сайхан уламжлал тогтсоныг онцлов. 

НИТХ-ын даргын ажлыг авснаасаа хойш нийслэлийнхээ хөгжил цэцэглэлт хийгээд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг цогцлооход анхаарч, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнд иргэд та бүхний санаачлага, идэвхтэй оролцоо “ хөдөлгөгч хүч” .

Цаашид хөрөнгө мөнгөнөөс илүүтэй итгэлцэл, иргэд оршин суугчид, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн оролцоо, санаачлага,хариуцлагад тулгуурласан олон ажлууд гарц шийдлээ хүлээж байна. Налайх дүүргийн хувьд 2018 онд  Гачуурт, Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажлыг эхлүүлэх, Барилгын материал үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр 1,3 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг барих зэрэг бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэх болно гэлээ. Ирж буй нохой жилдээ Налайхчууд та бүхэн маань төрөлх хот, дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө  олон түмнээрээ хичээн зүтгэсэн, ирээдүйн хөгжлийн суурийг бэхжүүлсэн жил байх болно гэдэгт итгэлтэй байна гээд сар шинэдээ дэлгэр сайхан шинэлэхийг ерөөлөө.