Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Соёл Урлагийн Их Сургуулийн “Хүндэт профессор”, Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн зураглаачийн уран чадварын багш, нэрт зураглаач ЛУУЗАНШАРАВЫН ШАРАВДОРЖ 2018 оны 03 сарын 06-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, шавь нар, кино дэлгэцийн урлагт хайртай мянга мянган үзэгчдэд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Л.Шаравдорж нь 1944 онд Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг “Одон шувуу” хэмээх газар мэндэлжээ. Тэрээр ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг зураглаач мэргэжлээр дүүргэж 1962 оноос Монгол кино үйлдвэрт зураглаач, хослол зургийн зураглаачаар ажиллан Монголын кино урлагт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан шилдэг уран бүтээлч билээ. Улмаар 1992 оноос “ZAYA-SH” студийг үүсгэн байгуулж уран бүтээлийн ажлаа үргэлжлүүлж байсан юм. Шаравдорж нь 2000 оноос Соёл Урлагийн Их Сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн багшаар өнөөг хүртэл ажиллаж ирээдүйн залуу халаагаа бэлтгэж байсан бөгөөд Монголын кино, дэлгэцийн урлагийн салбарт 200 гаруй уран бүтээлч бэлтгэж гаргасан шилдэг багш байлаа. Тэрээр 2010 онд “Зураглаачийн урланд” 2016 онд “Зураглаачийн эргэцүүлэл” номоо хэвлүүлсэн нь салбарын оюутан судлаачид чухал хэрэглэгдэхүүн болж байна.

Түүний бүтээлийг Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлж 1989 онд “Мандухай цэцэн хатан” киногоор “Төрийн шагнал”, 1992 онд Токиогийн олон улсын кино фестивалаас “Би Монгол хүү” киногоор тэргүүн шагнал авч байжээ. Түүнчлэн 2014 онд Соёл Урлагийн Их Сургуулийн “Хүндэт профессор”, 2015 онд Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол тус тус хүртсэн билээ.

Талийгаачийн итгэл сэтгэл, авьяас чадвар, алдар гавьяа, сурган хүмүүжүүлэх өндөр ур чадвар, үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр бидний сэтгэл, зүрхэнд үүрд мөнхрөн үлдэж, агуу их авьяас билэг нь шавиас шавьд өвлөгдөн мөнхөд үргэлжлэх болно.

СУИС-ийн Эрдмийн зөвлөл
СУИС-ийн Удирдах зөвлөл
СУИС-ийн РТМУС-ийн хамт олон
Үе үеийн шавь нар