Өнөөдрийн өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна. 

Сенсааци 1: Ерөнхий сайд тав дахь удаа хууль зөрчсөн үү

“Үндэсний шуудан” сонинд “Хаалгаар бус, тооноор оруулсан “халаасны хүн” нь Ерөнхий сайдыг Цэцэд дуудуулах нь ээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн байна. энэхүү нийтлэлд “...Засгийн газар 2012 оны арванхоёрдугаар сарын 18-нд ээлжит бусаар хуралдаж Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нарыг ажлаас нь чөлөөлсөн. 

Ингээд ГЕГ-т О.Ганбат, ҮТЕГ-т Т.Батмагнай нарыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Энэ нь “түр” нэртэй ч “бүр” томилгоо болсон билээ. Төрийн албаны зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтад О.Ганбат дарга тэргүүлж жинхэлсэн байхад,  Т.Батмагнай дарга сонгон шалгаруулалтад оролгүй шууд жинхэлжээ. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ҮТЕГ-ын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд өгөөгүйд хамаг учир байжээ. Улмаар түр орлон гүйцэтгэгч Т.Батмагнайг Засгийн газрын хуралдаанаар шууд жинхэлсэн нь эдүгээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцэд зургаа дахиа дуудагдахад хүрээд байна...” хэмээжээ. 

Т.Батмагнайг Төрийн албаны тухай болон Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчиж томилоод бүтэн жил ажиллуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн өчигдөр зарим хүн гомдол гаргасан байна. ҮТЕГ-ын даргаар ажиллаж байгаа Т.Батмагнай нь албан тушаалд томилогдохоосоо өмнө “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн “Эрүүл монгол хүн” дэд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байжээ. 

Мөн “Чингис хаан” банкны дэд захирлаар ажиллаж байсныг хүмүүс хэлдэг. Т.Батмагнай хувийн хэвшилд, намд ажилласан нь хамаагүй ч төрийн албанд түүнийг хаалгаар нь бус тооноор оруулснаараа танхимынхаа нэрийн өмнөөс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийн Цэцэд удахгүй дуудагдах юм байх. Хэрвээ Цэц Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл энэ нь түүний хувьд тав дахь удаагаа хууль зөрчсөн үйлдэл болох нь. 

Сенсааци 2: Монгол бичиг сурахад ч манлайлал хэрэгтэй

“Улс төрийн тойм” сонин УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцжээ. Тэрбээр “Би дүүгээ Ерөнхий сайд дээр дагуулж орж байгаагүй” хэмээн хэлсэн байх юм. Ярилцлагын үеэр сэтгүүлч “...Зам тээврийн яам гэж ярьсных таны дүүгийн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. 

Олон нийтийн цахим сүлжээнүүдийн нэг болох жиргээнд Зам тээврийн яам болон энэ салбарын бодлогыг байнга шүүмжилдэг “Aviator”-ыг таны дүү гэдгийг мэдэх, мэдэхгүй хүн олон байгаа байх. Таныг “Ерөнхий сайд дээр дүүгээ дагуулж ороод Зам тээврийн сайд болгох хүсэлтээ илэрхийлсэн ч бүтэлгүйтсэн” гэдэг яриа гарсан. 

Үүнээс болоод танай дүүг энэ салбарыг шүүмжилдэг болсон гэх юм билээ?” хэмээн асуухад Ц.Оюунгэрэл сайд “...Манай дүү Ц.Бат гэж нисэхийн инженер хүн байдаг юм. 

Нисэхийн чиглэлээр ЗХУ, Канад, Австралид сургууль төгссөн. Манай нисэхийн тэргүүлэх инженерүүдийн нэг. Нисэхийн салбарт 1993 оноос хойш тасралтгүй ажилласан, иргэний нисэхийн хууль эрх зүйн шинэтгэлийг хийхэд гар бие оролцсон инженер, хуульч, нисэхийн чиглэлийн менежер хүнийхээ хувьд салбарынхаа яамнаас явуулж буй бодлогод шүүмжлэлтэй ханддаг зүйл байдаг л байх. Миний хувьд дүүгээ Ерөнхий сайд дээр дагуулж орж байсан тохиолдол байхгүй. 

Хооронд нь танилцуулж ч үзээгүй...” гэсэн байна. Харин яамныхны гаргасан алдаа болон зарим асуудлын талаар тодруулахад тэрбээр “...Тухайн үед ижилхэн нэртэй хоёр хүн яг адилхан шагналаар нэг өдөр шагнуулсан юм. Нэг нь нөгөөгөө бодвол арай ахмад хүн байсан л даа. 

Намайг Төрийн ордонд ажилтай байх хойгуур манай яаман дээр тэдний шагналыг гардуулахдаа солиод өгчихсөн байсан. Шагнуулсан хоёр хүний нэг нь овог нь солигдчихож гэж бодоод бидэнтэй эргэж холбогдоход асуудлыг зохицуулах гэж байгаад манай яамны ажилтан ахмад настай хүнд шагналыг нь андуурч өгсөн мэт ойлголт төрүүлж, гомдоосон харамсалтай хэрэг гаргасан. Хариуцлага алдсан тухайн ажилтанд анхааруулга өгч, сануулах арга хэмжээ авсан. 

Гомдоосон хүнээ шинэ жилээс өмнө яаман дээрээ урьж авчраад би өөрийн гараар шагналыг нь гардуулж, уучлалт гуйсан байгаа. Харин монгол бичиг сурах  тал дээр улс төрийн манлайлал хэрэгтэй л дээ. Ялангуяа монгол бичиг сурах тал дээр. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат монгол бичиг сурах тал дээр анх улс төрийн манлайлал гаргаж, төрийн бичиг болгох тухай зарлиг гаргаж байсан. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон тооны монгол бичигтэн ажилд авснаараа бас анхдагч болж чадлаа. 

Тэр хүн нь Ерөнхийлөгчийн гадаад улсуудад илгээдэг захидал, илгээмж, зарлиг, уриалга, шагналуудыг үндэсний бичиг болох монгол бичгээр сийрүүлдэг юм билээ. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч нар монгол бичиг сурахыг ард иргэддээ уриалсаар ирсэн ч нэг л үр дүн гарахгүй байна. 

Тиймээс энэхүү уриалгуудыг амьдрал дээр хэрэгжүүлэх үүднээс манай яам анхны оролдлогыг хийж байгаа юм. Монгол бичгийг мэдэхгүй бол хамгийн их хохирох нь манай яам. Өвөг дээдэс маань түүх, соёлын үнэт өв өө монгол бичгээр дамжуулан бидэнд уламжилсан байдаг. 

Тиймээс манай яамныхан монгол бичгээр бичсэн түүх, соёлын өв, уламжлал, баримт бичгийг тайлж уншдаг хэмжээний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Ингээд л бид монгол бичиг сурах зорилго тавиад ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд эхний ээлжинд яамныхаа бүх хаягийг монгол бичгээр сийрүүлэхээр болсон байгаа. 

Үүнийгээ олон нийтийн цахим хуудсаар дамжуулж мэдэгдэж байгаа маань улс төрийн манлайлалыг хэрэгжүүлэх зорилготой. Монгол бичгийг сурах үйл явц нь олон нийтэд ил байвал юм бол сурах сэдлийг нь төрүүлэх боломжтой. 

Тухайлбал, би монгол бичгийг сар хагасын хугацаанд сураад өчигдөр төвшин тогтоох шалгалтаа өгсөн. Дундаас дээш төвшинд хамрагдсан байна билээ. Тиймээс дараагийн шалгалт хүртэл төвшингөө ахиулсан байх шаардлагатай. Манай яамныхан ч монгол бичгийг хичээн сурч байгаа...” хэмээжээ. 

 

Эх сурвалж: www.mminfo.mn