“СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо
2018/04/19
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцов. Хэлэлцүүлгээр СӨХ болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо.
Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан тоо бий. Эдгээрийн 85 хувь нь хангалттай үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн зүгээс гаргаж буй гомдол, маргааныг одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа нь менежментийг нь бодиттой, үр дүнтэй зохион байгуулах, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгарсны илрэл юм.
СӨХ нь оршин суугчиддаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, шинэ баригдсан орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо ямар байдлаар байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулалт, төлөвлөлтийг дураараа өөрчилж буйд хяналт тавьж чаддаггүй гэх нийтлэг асуудлууд байна. Иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдалтай байгаа юм. Иймд эрх зүйн байдлыг нь хуульчлан сайжруулж зохицуулах зайлшгүй шаардлагатай байна.
Нөгөөтэйгүүр иргэний хувийн эд хөрөнгө өмчлөх эрхэд халдахгүйн тулд СӨХ-ны эрх зүйн байдлыг тусад нь зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс өнөөдөр хэлэлцүүлгээс СӨХ-ны тухай хуулийг иргэдийн анхан шатны нэгж буюу хороо бүрт дахин хэлэлцүүлэг зохион байгуулах, төр хувийн хэвшлийн хуулийн заалтуудыг тодорхой болгох шаардлагатай. Мөн иргэний болон зөрчлийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзэж энэхүү ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэлийн алба