УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм. Тэрхүү мэдээллээр Шинэчлэлийн Засгийн газар нь өнгөрсөн онд ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, aвлига, хүнд суртлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлууд гэсэн үндсэн гурван  чиглэлд анхааран ажиллажээ. Мөн өнгөрсөн жилд Монголбанктай хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжүүлснээр нийтэд чиглэсэн халамжийн бодлогоос татгалзаж, хавтгайрсан биш илүү хэрэгтэй, эзнээ олсон, иргэндээ хаяглаж хүрсэн нийгмийн хамгааллын бодлогод шилжих эхлэлийг тавьсан хэмээн тодотгосон юм.



Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс энэхүү мэдээллийг няцаасан дүгнэлт хийлээ. Дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Тэрээр “Шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулсан гэх боловч ард иргэд үнэ ямар төвшинд байгааг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Зах зээлийн бус зохицуулалтаар шатахууны үнийг барих оролдлогоос болж нефть импортлогчид өнөөдөр  бөөний үнээс бага үнээр шатахууныг жижиглэн худалдаалж, өндөр алдагдалд орох эрсдэлтэй туллаа. Шатахууны үнэ тогтворжуулахаар 192 тэрбум төгрөгийг 3.8 хувийн хүүтэй зээлдүүлснээс одоогоор 30 орчим тэрбум төгрөг нь л эргэн төлөгдөж, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд асар их алдагдал хүлээх боллоо. 



Засгийн газар цементийн үнийг 165 мянгаас 135 мянган төгрөг болгон хямдрууллаа гэж мэдээллээ. Бодит байдал дээр өнөөдөр цементийн үнэ 150 мянгаас 180 мянган төгрөгийн хооронд л байна. Барилгын ажил ид өрнөдөг үе буюу найм, есдүгээр сард 230 мянга хүрч байсныг та бид мэднэ. Ийм илт худал мэдээллийг цаашид төрийн эрх барих дээд байгууллагад дахин хийхгүй байхыг, ард иргэдээ амаараа хууран мэхлэхгүй байхыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Танд сануулах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж байна.



Засгийн газрын үнэ нь буурсан гэх барааны тухайд бодит байдал ийм байна. Эл барааны үнийн “бууралт”-ыг ард иргэдийн амьжиргааг жинхэнэ залгуулж буй өргөн хэрэглээний бараа материалын үнийн өсөлттэй нэгэнт харьцуулшгүй зөрүүтэй болжээ. Ерөнхий сайдын өөрийнх нь хэлсэнчлэн үнэхээр “Оргил өөд” гараад ард түмнээсээ тасраад энэ зааг ялгааг олж харахаа больчихов уу яав?!!



Ерөнхий сайдын мэдээлэлд “Монголбанктай хамтран багц хөтөлбөр хэрэгжүүлж, цалин орлогоос хумслагч инфляцид илүү нөлөөлдөг гол нэрийн бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнийг дунд хугацаанд хазаарлаж чадлаа. Үр дагаврын бус үндсэн шалтгааныг нь арилгах дэд хөтөлбөрүүдэд 248 тэрбум төгрөг олгов. Гурилын үнэ тогтвортой байж, нөөцийн махаар хангаж чадлаа” гэжээ.


Гэтэл бодит байдал дээр “Үнэ тогтворжуулах” хүрэээнд 3 их наяд төгрөгийг ямар ч тооцоо судалгаагүйгээр зарцуулсан бөгөөд 4 жилийн хугацаанд иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө ийнхүү үр ашиг багатай зарцуулагджээ. Ийм хэмжээний мөнгөөр хэдхэн аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлого явуулсны үр дүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өнөөдөр тэнгэрт хадаж ард түмний амьдралд хүнд дарамт болоод байна.



УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнгөрөгч өдрүүдэд хэд хэдэн зах, худалдааны төвүүдээр биечлэн явж, үнэ ханш ямар байгаа, ард иргэд энэ талаар ямар санаа бодолтой байгаатай танилцлаа. Савласан "Алтан тариа" дээд гурил 2012 оны долдугаар сард 815 төгрөг байсан бол 1530 төгрөг болж 87,7, "Атар" талх 630 төгрөг байсан бол 860 төгрөг буюу 36,5, хонины ястай мах 5942 төгрөг байсан бол 7580 төгрөг буюу 32,1, үхрийн ястай мах 6726 төгрөг байсан бол 8750 төгрөг буюу 24,2 хувиар тус бүр өсөөд байна. 200 төгрөгийн үнэтэй байсан өндөг 500 төгрөг болж Ерөнхий сайдын өөрийнх нь хэлсэнчлэн “тансаг хэрэглээ” боллоо. Засгийн газар 2013 онд хүнсний гол нэрийн барааны үнийг энэ маягаар 13-100 хувь өсгөж 2014 онтой золгоод зогсолгүй 100 мянган тонн улаан буудай импортлох тухай ярих боллоо.



Гэтэл 2012 онд 100 мянган тонн улаанбуудай экспортлох хэмжээний нөөцтэй байсан улс шүү дээ, бид. 2013 онд ийм л “үр дүн”-д хүрчээ, эрх баригчид маань! 2014 онд импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн Ерөнхий сайдын амлалт ийм л урвуу  байдалтай хэрэгжиж байна” гэсэн юм.